Орчин үеийн харилцаа холбооны салшгүй нэг хэсэг болж, хэл соёлын саадыг давахад тусалж, текстэд суурилсан харилцаанд өнгө нэмж байдаг зүйл бол эможи билээ.
Өнгө алагласан бяцхан пиктограф дүрслэлүүд нь бидэнд текстэн дунд үг орлуулах, товчлох, сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж, ярианы өнгө төрхөө илүү тодорхой илэрхийлэхэд тус болж байдагтай хэн ч маргахгүй биз ээ. Эможи нь өдгөө Unicode Standard-ын дагуу 3600 гаруй дүрслэл өөртөө агуулсан хэрэгсэл тул цахим орчин дахь нэг хэл ярианы нэг хэл болсон гээд хэлчихэд хилсдэхгүй.
Харилцааны салшгүй нэг хэсэг болтол хөгжсөн эможи нь анх хэзээ, яаж үүссэн талаарх мэдээллийг бид бэлтгэлээ.
Emoticons vs Emoji
Эможи үүсч хөгжихөөс өмнө эмотиконууд ноёлж байлаа :)
Товчлуурт гар бүхэн дээр байрладаг цэг, таслал, дугуй болон дөрвөлжин хаалт, тодорхойлох цэг, цэгтэй таслал гээд энгийн тэмдэгтүүдийг ашиглан, цахим орчинд нүүр царайны хувирлуудыг дүрслэх хэлбэрийг эмотикон гэж нэрлэдэг.
Карнеги Меллон Их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор Скотт Фальманыг анх удаа хоёр тэмдэгтээс бүрдсэн эмотикон бий болгож ашигласан хүн гэж үздэг. 1982 онд тэрээр их сургуулийн мэдээллийн самбар дээр тэрээр өгүүлэл нийтэлж, захидал харилцаанд эмотикон ашиглан, баяр хөөртэй :) болон гунигтай :( царайны илэрхийлэл нэмэх нь буруу ойлголцол үүсэхээс сэргийлж, захидал харилцаагаар дамжуулан, тухайн үеийн сэтгэл санааны байдлаа илэрхийлэхэд тустай болох талаар бичжээ.
Тэр цагаас хойш нилээн хугацаа өнгөрсний дараа буюу онлайн чаат хэрэгслүүд дэлгэрэх үеэр түүний бий болгосон эмотиконууд цахим орчинд үерийн ус мэт давалгаалан орж ирж, одоогийн эможины үндэс суурийг тавина гэдгийг Фальман тухайн үедээ таамаглаж байсан эсэх нь эргэлзээтэй.
Эможиг хэн бүтээв?
Интернэт орчинд багахан хэмжээний хайлт хийгээд үзэхэд Японы үүрэн холбооны Docomo компани анхны багц эможиг бүтээсэн болохыг олж мэдэж болно. 1999 онд тус компанийн дизайнер Шигетака Курита 176 ширхэг, 12:12 пикселиэс бүрдсэн багц эможиг анх бүтээсэн байна.
Куритагийн зорилго нь Docomo компанийн хөдөлгөөнт интернэт платформ дээрх хүмүүс хоорондын харилцааг илүү амар хялбар, загварлаг болгоход чиглэж байлаа. Тийм ч учраас тэрээр өнгөлөг, ялгарах байдал сайтай тэмдэгтүүд болох цаг агаарын үзэгдлүүд, хоббинууд, тээврийн хэрэгслүүд болон тоо цифрүүдийг бүтээжээ.
Гэвч Японы өөр нэг үүрэн холбооны компани болох SoftBank (тухайн үедээ J-Phone нэртэй байсан) нь Куритагаас аль хэдийн 2 жилийн өмнө эможинууд бүтээсэн байв. 1997 онд SoftBank нь SkyWalker DP-211SW нэртэй гар утсаа олон нийтэд танилцуулсан нь хамгийн анхны бүрэн эможи тэмдэгтийн багцтай гар утас болж байсан аж.
90 тэмдэгтээс бүрдэх энэ эможи багцад хожим Apple Компанийн ачаар алдаршсан “баасны” эможи хүртэл багтсан байсан ч тэдний эможи Куритагийн бүтээсэн эможинууд шиг олонд алдаршиж чадаагүй юм.
Учир нь тэдний эможи нь 12 битийн хэмжээтэй, хар цагаан өнгөтэй байсан нь хэрэглэгчдэд хангалтгүй санагджээ. Явж явж, том дэлгэцтэй, үнэтэй ухаалаг утаснууд бүтээгдсэний дараа л эможи олонд түгж, өнгө зүс нь ч илт сайжирсныг бид мэднэ.
Unicode Standard
Ийнхүү анх Японд бүтээгдсэн ч эможи нь хэдэн жилийн дараа гэхэд дэлхий даяар хэрэглэгдэх болов. Гэвч өөр өөр хэлтэй, өөр өөр платформын хэрэглэгчид эможиг бүрэн утгаар нь ашиглах замд нэг том саад тулгарчээ.
Компьютер нь тоон технологид суурилсан байдаг, өөрөөр хэлбэл, компьютерт оруулж буй бүх өгөгдлийг түүний ойлгох хэл рүү хөрвүүлж, тусгай тоон код руу буулгах шаардлагатай болдог билээ. Анх маш олон тооны хөрвүүлэлтийн технологи ашиглагдаж байсан нь цахим орчинд компьютер болон серверүүд хоорондоо харилцах үед “орчуулгын” маш том асуудал үүсгэж байсан ба эможи хэрэглээг ч энэ асуудал тойрсонгүй.
Иймд 2007 онд Google компани орчин үеийн бүх программ хангамжийн текстийн стандартчилал хариуцсан ашгийн бус байгууллага болох Unicode Consortium нэртэй Цахиурын хөндийд байрлах байгууллагад хандан, эможиг ч мөн текстийн стандартад багтааж өгөхийг хүссэн өргөдөл гаргав. Үүнээс хоёр жилийн дараа Apple компанийн инженерүүд болох Ясуо Кида, Питер Эдберг нар ч энэ санаачилгад нэгдэж, 625 тэмдэгт бүхий эможи багцыг Юникод стандартад бүртгүүлэх өргөдлөө гаргажээ.
Тэдний хүсэлтийг 2010 онд зөвшөөрснөөр цаашид Microsoft, Facebook, Google, Twitter компаниуд бүгд өөр өөрийн гэсэн эможи бүтээж, цахим орчинд тэдгээр эможи нь аль ч платформын хэрэглэгч рүү асуудалгүй хөрвүүлэгддэг болох үндэс суурийг тавьсан үйл явдал болсон юм. Ингэж эможи анх нийтийн хэрэглээнд нэвтэрсэн байна.
Эможиний ирээдүй
Хамгийн анхны 625 эможи хэрэглээнд нэвтэрснээс хойш нилээн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэглээнд байгаа эможиний тоо улам бүр нэмэгдсээр байгаа ба тролл, хоосон шилэн сав, улаан шош гээд өмнө нь хэний ч санаанд орж байгаагүй дүрслэлүүд нэмэгдсэн байгааг та энгийн хайлт хийгээд олж харах боломжтой. Учир нь Unicode Consortium нь жил бүр хэрэглэгчдийн хүсэлт дээр үндэслэн шинэ эможинуудыг хэрэглээнд нэвтрүүлдэг ба энэ жилийн шинэ нэмэлтүүд нь 2023 оны 9-р сард хийгдэх ажээ.
Эможин дунд алдартай одод, бурхан шүтээнүүд, том брэндүүд зэрэг дүрслэлүүдийг Юникод стандартаар зөвшөөрдөггүй боловч томоохон корпорациуд эможи хэрэглээнд нөлөөлөх лобби тогтмол хийж ирсэн байдаг. Taco Bell компани анх таконы дүрстэй эможи оруулахаар хүсэлт явуулж байсан бол Tinder компанийн хувьд өөр өөр арьсны өнгөтэй хосуудын дүрс оруулах лобби хийж байв. Ажлын гутлын эможи Timberland-ийн ачаар орсон бол лабораторийн шилэн сав, микробын дүрсийг GE компанийн хүсэлтээр тус тус оруулжээ.
Харин Ford компани ачааны машины дүрс нэмж оруулахын тулд 100 000 ам.доллар зарцуулсан байдаг бол Билл болон Мелинда Гейтс нар шумуулаар зөөвөрлөгддөг халдварт өвчний талаарх мэдлэг мэдээллийг түгээхэд ач тустай хэмээн шумуулны дүрстэй эможи бүтээлгэсэн байдаг. Үүнээс үзэхэд Юникод стандартад бүртгүүлэхээр хэн ч эможи бүтээн, хүсэлтээ явуулж болох бөгөөд загвар зураг, хэрэглээний тайлбарыг маш тодорхой томъёолсон байхыг шаарддаг юм байна.
Гэвч эможи нь хүн бүрт таалагдах албагүй гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй. The Independent сэтгүүлээс 2012 онд анхны эмотикон бүтээгч Скотт Фальмантай ярилцлага хийхэд тэрээр орчин үеийн эможинуудыг царай муутай бүтээл гэж нэрлээд, энгийн товчлуурт гар дээрх тэмдэгтүүдийг ашиглан, сэтгэл хөдлөлөө оновчтой илэрхийлэх аргыг улам сайжруулах замд тулгарч буй саад гэж нэрлэжээ.
Хариуд нь бид :-( гэхээс өөр юу гэх билээ.
Эх сурвалж: discovermagazine