/2022.7.28/ MonkeyPox буюу Сармагчны цэцэг өвчний халдварын тархалт сүүлийн үед нэмэгдэж байна.
Одоогоор дэлхий дахинд 16 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд Япон улсад батлагдлаа. Бид та бүхэнд энэ өвчний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Анх 1958 онд лабораторийн бичнүүдээс үүсгэгдэж, MonkeyPox нэр өгчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь зоонозын өвчин юм. Тиймээс амьтнаас амьтанд мөн амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлах боломжтой. 1978 онд анх Конго улсад 9 сартай бяцхан хүүд энэ өвчин илэрчээ.
Улмаар 2003 онд Африк тивээс хальж, АНУ-д бүртгэгдсэн юм. Аливаа улсад бүртгэгдэхдээ эхлээд амьтанд, дараа нь хүнд халдварлах байдлаар тохиолдлууд бүртгэгддэг байна.
ЯМАР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛРЭХ ВЭ?
Энэ төрлийн халдварыг авсан тохиолдолд халуурах, толгой өвдөх, үе мөчөөр янгинах, нуруу өвдөх, ядрах, арьс загатнах шинж тэмдгүүд илэрнэ.
Халуурсны дараа, гэвч эхний өдрөөсөө гурав дах өдөр хүртлээ арьс загатнах бөгөөд улмаар улаан товруу тууралт гарна. Улаан товруу нь шаргал шингээр дүүрч, улмаар хатаж, халцарч унана. Тууралт нь хэдэн ширхгээс хэдэн зуу ч гарч болно. Ингэхдээ хүний нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүдэн дээр гарна.
ЭНЭ ӨВЧНӨӨС БОЛЖ ҮХЭХ ҮҮ?
Ихэнх тохиолдолд хэдэн долоо хоног болоод өөрөө эдгэрнэ. Гэвч зарим тохиолдолд хүндэрч, эмнэлэгт хэвтэж эсвэл бүр амь насаа ч алддаг. Нялхас, хүүхдүүд, дархлааны эмгэгтэй хүмүүс ийнхүү хүндрэх нь элбэг ажээ.
Мөн сохрох, эрүүл мэндийн урхагтай үлдэх магадлалтай.
АМЬТНААС ХҮНД ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
Энэ өвчин нь амьтантай хүрэлцэх үед халдварладаг. Ялангуяа үхсэн, өвчилсөн зэрлэг амьтадтай шууд харилцаанд орохгүй байх нь зүйтэй.
Амьтны махаар хийсэн хоолыг, ялангуяа сармагчин байдаг улс оронд аялж яваа, амьдардаг бол заавал бүрэн болгож идэхийг анхаараарай.
ХҮНЭЭС ХҮНД ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
Халдвартай хүнтэй хүрэлцэх үед энэ халдвар тархана. Биеийн шингэнүүдээр мөн тархан халдварлана. Тухайлбал, хөлс, арьсанд үүссэн яр шархнаас гарсан шингэн, цус, үрийн шингэн, шүлс гэх мэт.
Тиймээс халдвартай хүний хэрэглэсэн ор хөнжлийн даавуу, хувцас хэрэглэл, алчуур, хэрэглэсэн аяга таваг, халбага зэрэг хэрэгслээр дамжин халдварлана.
ХЭН ЭНЭ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫГ АВАХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
Халдвартай хүнтэй харилцаанд орсон хэн ч энэ халдварыг авах эрсдэлтэй. Үүнд эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлэгийн ажилтнууд ч орно.
Хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг нь насанд хүрэгчдийнхээс илүү хүндээр тусна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд адил.
ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Халдвартай хүнтэй хамт байсан болон халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүмүүсээс тусгаарлалт хийж хамгаална.
Хэрэв халдвар авчихсан хүнтэй хамт амьдардаг бол тухайн хүний арьсыг даавуу, битүү хувцас хэрэглэлээр бүтээх нь зүйтэй. Арьсанд шууд хүрэлцэхээс сэргийлж, гартаа бээлий өмсөнө.
Мөн амны хаалт, маск заавал зүүж, гараа савандан угаах, спиртэн суурьтай гар ариутгагчийг заавал ойр ойрхон хэрэглэнэ.
ЭНЭ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН БАЙГАА ЮУ?
Вакциныг хөгжүүлж байна. 2019 онд нэг төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн боловч, хэрэглээ тийм өргөн хүрээнд тархаагүй байна.
ДЭМБ-аас энэ төрлийн вакцины үйлдвэрлэлд анхааран ажилладаг.
ЯМАР НЭГЭН ЭМЧИЛГЭЭ БИЙ ЮУ?
Ямар нэгэн эмчилгээ шаардлагагүйгээр өөрөө арилдаг. Боломжтой бол гарсан тууралтыг хатаахыг урьтал болгож, арьсаа хамгаалах нь чухал.
Ам болон нүдэндээ хүрэхээс зайлсхийнэ. Эмчийн зөвлөсөн шингэнээр амаа угааж, нүдэндээ тохирох дусаалгыг хэрэглэнэ.
ЭНЭ ӨВЧИН КОВИД ШИГ ӨРГӨН ХҮРЭЭТЭЙ ТАРХАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Халдвар нь халдвартай хүн, амьтантай биеийн хүртэхүйгээр тархах тул тэгж их өргөн тархахгүй. Мөн гоц халдварт өвчинд тооцдоггүй.
Гэсэн хэдий ч ДЭМБ олон хүнийг халдварт өртүүлэхгүйн тулд энэ өвчний эсрэг үйл ажиллагаагаа тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байна.
Эх сурвалж: https://news.un.org