/2022.07.25/: Өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд шуугиан тариад буй Зэвсэгт хүчний 167 ангийн цэрэг амиа алдсан болон 123-р ангийн цэргийн албан хаагчид сүрьеэгийн халдвар авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
-Эхний асуудал бол Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч албаа хааж байх хугацаанд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэр, ахан дүүс, аав ээжид гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан асуудлаар тус ангид албаны шалгалт хийгдэж шалгалтын үр дүнтэй холбогдуулан арга хэмжээнүүд авагдаж байгаа. МУ-ын хууль тогтоомж ЗХЖШ-ын даргын болон ЗХХЗЦ-ын командлагчийн тушаалууд гарсан. ЗХЖШ-ын даргын 2022 оны долоодугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 167 дугаар ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Мөн ЗХХЗЦ-ын командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын даргыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж ажлаас нь чөлөөлсөн, мөн тус ангийн тодорхой албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн. Талийгаачийн амиа алдсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа.
ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Сүхбаатар:
-Монгол Улс дэлхийн сүрьеэ өвчний өндөр тархалттай 30 орны нэгд багтдаг. Дотоод болон гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр сүрьеэ өвчин тархдаг. Нийгмийн архаг явцтай халдварт өвчин. Сүрьеэгээр халдварласан нэг идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгдэж байдаг. Монгол Улсад жилд 3000-4000 сүрьеэгийн тохиолдол батлагддаг. Халдварт өвчин дундаа тархалт, нас баралт өндөр өвчинд тооцогддог.
Зэвсэгт хүчний 123-р ангид гарсан тохиолдлын хувьд өнгөрсөн гуравдугаар сард оношлогдсон.Хугацаат цэргийн албан хаагч цэрэгт татагдахаасаа өмнө үеэлтэйгээ амьдардаг байсан. Үеэл нь уушгины олон юманд тасамтгай сүрьеэрээр өвчилсөн хүн гэдэг нь тархвар зүйн судалгаагаар тогтоогдсон. Тухайн цэргийн албан хаагч нууц үедээ байхдаа цэрэгт татагдан ирээд, гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн. Дөрөв, тавдугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношлогооны төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн Тандалтын албатай хамтран гурван удаагийн тандалтыг хийсэн. Сүүлийн тандалт буюу долдугаар сарын 1-10-ны хооронд хийсэн тандалтаар нууц үедээ явж байсан, идэвхгүй хэлбэрийн 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Эдгээр бүх тохиолдлууд нь идэвхгүй хэлбэрийн сүрьеэ гэж үзсэн. Нууц үедээ байхдаа оношлогдсон.
Цэргийн албан хаагчид хуаранд бөөгнөрч амьдарч байгаа учраас тухайн цэрэгтэй нэг салаанд байсан хүүхдүүд түлхүү өвдсөн. Сүрьеэ өвчний нууц хугацаа зургаан сар үргэжилдэг. Тухайн цэрэг цэргийн албанд татагдахад зургаан төрлийн шинжилгээ хийдэг бөгөөд рентген зураг нь зүгээр байсан. Харин цэрэгт ирээд ковидоор өвдөж, бүсийн оношлогооны төвд цээжний зураг авахуулахад сүрьеэтэй нь тогтоогдсон.
Эрүүл мэндийн сайдын тушаал, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сүрьеэгийн халдвар, голомттой ойрхон байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах ёстой. Цаашид уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж байгаа арга хэмжээ юм. Мөн тухайн цэргийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд хамруулж байна. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сард тандалтын багийг дахин ажиллуулна гэв.