/2022.07.18/: Дэлхий нийтээрээ анх 2016 онд Cargo Sous Terrain (CST) хэмээх 3,4 тэрбум ам.долларын өртөгтэй нүсэр төслийн талаар сонсож байлаа.
Энэхүү төсөл нь Швейцарийн томоохон хотууд болон ложистикийн төвүүдийг газар доорх хонгилоор холбож, эдгээр цэгүүдийн хооронд 30 км/цагийн хурдтайгаар бүх төрлийн ачааг автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээр зөөх зорилготой байв. CST систем бий болгохын цаад зорилго нь тээврийн хэрэгслүүд болон зорчигчидын тоо нэмэгдсэний улмаас цаашид өргөжүүлэн тэлэх боломжгүй болсон автозам, төмөр замын сүлжээг ашиглалгүйгээр ачаа тээврийн ложистикийг урт хугацаанд найдвартай шийдвэрлэх явдал юм.
Энэ төрлийн олон төсөл байнга яригдаж байдгийн нэгэн адилаар CST системийн төсөл ч одоогоос 6 жилийн өмнө сонсоход биелэх магадлал муутай л сонсогдож байсныг нуух юун. Гэвч өнгөрсөн оны 12-р сард Швейцарийн парламент газар доогуур ачаа тээвэрлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр энэ төсөл 2022 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болоод байна.
Cargo sous terrain буюу CST систем нь энгийнээр дүрсэлбэл автоматжуулсан конвейерын системтэй төстэй зарчимаар ажиллана. Ачаа барааг агуулахаас авч, дараагийн цэгт хүргэх боломжтой автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд хоногийн 24 цагийн турш хот хооронд холбогдсон газар доорх хонгилоор тасралтгүй тээвэр хийх болно.
Соронзон индукцийн зарчимаар ажиллах гурван рельс бүхий төмөр замаар цахилгаан хөдөлгүүрт толгойнууд тогтмол 30 км/цаг хурдтайгаар хөдлөх ба ачаа бараа нь стандарт паллет болон газар доорх тээвэрт зориулсан тусгай чингэлгүүдэд ачигдах ажээ. Хөргүүрт тээврийн хэрэгслүүд мөн энэ замаар зорчих учраас хөлдүү болон шинэ хүнс ч мөн адил тээвэрлэгдэх боломжтой юм. Мөн хонгилын тааз хэсэгт овор багатай ачааны дүүжин зам байрлуулж, илүү хурдтайгаар зөөвөрлөх юм байна.
Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжих юм бол анх удаа эдийн засгийн хувьд үр ашиг бүхий жижиг дунд оврын паллет, чингэлгийн ачаа тээврийн систем болох ажээ. Тасралтгүй тээвэрлэгдэх онцлогтой учир ложистикийн цэгүүд дээр хүлээлт үүсэх шаардлагагүй болж, ачаа бараа хадгалах агуулахуудын зай талбай ч дагаад багасах юм.
Зорчигч тээвэртэй хослуулан ачаа тээвэрлэх нь сүүлийн жилүүдэд ихээхэн асуудал дагуулж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа сэдэв тул ийнхүү бага овор хэмжээтэйгээр, тасралтгүйгээр, хамгийн гол нь зорчигч тээврээс салангид байдлаар тээвэрлэх нь зорчигчдын аюулгүй байдлын асуудлаарх томоохон шийдэлд тооцогдож байна.
Төслийн өртөгийн хувьд 2016 онд анх 3,5 тэрбум ам.доллар гэж төлөвлөгдөж байсан ч өнгөрсөн хугацаанд төсөвт өртөг нь үлэмж нэмэгдэж, 500 километрийн урттай бүрэн хонгилын шугам үүсгэхэд 30-35 тэрбум ам.доллар шаардагдах төлөвтэй байна. Гэхдээ энэ бүх мөнгө хувийн хэвшилээс гарна гэдгийг энд дурдах нь зүйтэй. Хэдий нийт төслийн өртөг ийм өндөр гарч байгаа ч Цюрих хотыг Харкинген-Нидербип дэх ложистикийн төвтэй баруун зүгт холбох 70 километр урттай, 10 өртөө зангилаа бүхий эхний шугамыг барихад 3 тэрбум ам.доллар шаардагдахаар байна.
Швейцарийн засгийн газар төслийн энэ хэмжээний өртөг зардалыг хэвийн зүйл гэж үзэж байгаа бөгөөд урт хугацааны үр дүнтэй хөрөнгө оруулалт гэсэн байдлаар хандаж байгаа юм.CST төслийг хамтран хэрэгжүүлэхээр Швейцарийн томоохон ложистикийн компаниуд болоод жижиглэн худалдааны компаниуд санал нэгдэж, одоогийн багтаамж нь бараг тулаад байгаа автозам болон төмөр замын системийн ачааллыг хангалттай бууруулж чадна гэж үзэж байна. CST тээврийн систем нь бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр хангагдан ажиллахын зэрэгцээ төсөл бүрэн хэмжээгээрээ хэрэгжиж эхэлбэл автозамаар ачаа тээвэрлэж буй хүнд даацын автомашины тоог 40 хувиар бууруулж чадна гэж тооцоолжээ.
Цаасан дээрх төсөл газар дээр биеллээ олж эхлэх цаг ойртсоноор Швейцарийн бусад кантон буюу аймгууд ч CST төсөлд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Цюрихээс дорно зүгт орших Сент Галлен болон Тургау аймгууд төслийг техник болон эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой хэмээн үзэж байгаа тул өөрсдийн нутаг дэвсгэрээр өнгөрөх зангилаа болон замуудын төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Одоогоор хөндөгдөөгүй байгаа газрыг ухаж эхлээд ачаа тээвэрлэнэ гэдгийг төсөөлөхөд мэдээж үнэмшил муутай байгаа ч 2016 онтой харьцуулахад газар доорх хонгилын төслийн биелэх боломж үлэмж нэмэгдээд байна.
Эх сурвалж: spectrum