/2022.07.18/: Энэ долоодугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын нутгаар урсах Орхон голд загасчлахаар явсан иргэн Л сураггүй болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын газарт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт долоодугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 24 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрэн хайх зохион байгуулах хугацаанд долоодугаар сарын 16-ны өдрийн 22:16 цагт Хилийн ангиас “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт районы “Наушка” өртөө орчмын “Сэлэнгэ” мөрний уснаас 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон тухай мэдээллийг Оросын Холбооны Улсын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас өгсөн” тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Хилийн ангийн хамтарсан ажлын хэсэг долоодугаар сарын 17-ны өдөр ар гэрийнхэнд нь уг цогцос гэрэл зургаар таниулахад тухайн иргэний цогцос мөн болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 20:00 цагт зогсоосон.
Эх сурвалж: ОБЕГ