Америкчууд олон жилийн турш машины хааз гишгэхэд гардаг хүржигнэсэн бүдүүн дууг автомашины хүч чадлын илэрхийлэл гэж үзсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлийн загварын Ford Mustang эсвэл F150 пикапын хаазыг гишгэхэд яг ийм моторын дуу гардаг.
Гэвч одоо энэ дуу чимээнд итгэх аргагүй болжээ. Учир нь Америкчуудын хамгийн ихээр худалдан авдаг автомашинууд, пикапуудад тусгай дууны хоолой, эсвэл электрон төхөөрөмж суулган, энэ дуу чимээг дуураймал байдлаар гаргадаг болоод байгаа бөгөөд дуучин хүн ам барихтай адилтган ойлгож болно гэсэн үг.
Моторын хуурамч дуу чимээ нь автомашин үйлдвэрлэгчдийн бяцхан нууц мэх гэдэг нь нэгэнт тодорхой болж, BMW, Volkswagen зэрэг аваргууд хуурамч моторын дуу гаргах өчнөөн аргуудыг бодож олоод байна. Учир нь орчин үеийн автомашины хөдөлгүүрүүдийн шатахуун зарцуулалтыг дагаад дуу чимээ нь үлэмж багассан юм. Харин хэрэглэгчид чанга, хүржигнэсэн дуутай л бол хүчтэй хөдөлгүүртэй машин гэж төсөөлдөг хэвээрээ тул үйлдвэрлэгчид ийм төрлийн заль хэрэглэж, худалдан авагчдаа эргэлзээ төрөхөөс сэрэмжилдэг байна.
Угтаа бол моторын дуу намуухан байх нь шатахуун зарцуулалт бага байгааг илтгэж байгаагаараа автомашины хувьд эерэг үзүүлэлт байх учиртай. Гэвч мөнөөх л худалдан авагчид хамгийн сүүлийн үеийн, шатахуун зарцуулалт багатай хөдөлгүүртэй автомашин авахыг хүсдэг ч нөгөө талаар хуучны том хөдөлгүүртэй автомашинуудын гаргадаг дуу чимээг хүсэмжилдэг парадокс нь автомашин үйлдвэрлэгч нарыг энэ аргыг бодож олоход хүргэсэн ажээ.
“Хүч нэмэгдүүлсэн” моторын дуу гэдэг нь бараг дуу чимээ гаргадаггүй ажилладаг Toyota Prius-ээс эхлэлтэй ойлголт юм. Гэвч энэ арга нь яван явсаар дунд болон том оврын пикапууд, бүр сүүлдээ спорт загварын автомашинуудад хэрэглэгдэх болов.
2015 оны Mustang EcoBoost загварт л гэхэд Ford компанийн инженерүүд “Active Noise Control” нэртэй систем хөгжүүлэн суулгаж, хөдөлгүүрийн дуураймал чимээг автомашины салоны чанга яригчаар илүү өсгөж дуугаргадаг болгосон байдаг. Мөн Mustang машины фэн клубийн гишүүд дунд моторын дуураймал дуу чимээ хэр зэрэг таалагдсан талаар судалгаа хүртэл явуулжээ.
Тус компани хуучны V8 хөдөлгүүрийн чимээ бол “буга урамдах”-тай нэгэн адил автомашины хорхойтнуудыг татдаг чимээ байсан бол сүүлийн үеийн загварууд дээр суулгаж өгсөн хөдөлгүүрүүдийн хувьд мэдээж хуучны загвар шиг сүрлэг дуугарахгүй ч илүү эрч хүчтэй, омголон мэдрэмж төрүүлэхүйц дуу чимээтэй болгосон гэж мэдэгдэж байв.
Харин хуучны Mustang сонирхогчидын хувьд энэхүү алхмыг Америкийн автомашин үйлдвэрлэлийн домог болсон машины “сүнслэг” байдлыг алдагдуулсан таагүй үйлдэлд тооцогдож байгаа бөгөөд машины хамар доор ямар хөдөлгүүр эргэж байгаагаас үл хамааран, Mustang-д ямар нэгэн хуурамч, дуураймал зүйл байх ёсгүй гэж үзэж байгаа аж.
Тэдгээрийн төлөөлөл болох Денвер хотын Mustang клубын ерөнхийлөгч Майк Раянард “Автомашин сонирхогчидын хувьд Mustang хөдөлгүүрийн хүржигнэх чимээ бол яруу тансаг хөгжим л гэсэн үг. Харин компьютерийн тусламжтай дуу чимээ бол зүгээр л оюун санаанд нөлөөлөх арга заль. Хэн ч зальдуулахыг хүсдэггүй шүү дээ” гэжээ. Тэрээр 41 настай ч Mustang клубт данстай болоод 33 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа нэгэн юм. 2012 оны Mustang GT машиндаа мэдээж хайртай ч, моторын дуу нэмэгдүүлэгч тусгай хоолой машинд нь суурилуулж үйлдвэрлэсэнд үнэн голоосоо таагүй ханддаг.
Майк Раянард шиг хэрэглэгч нарын дургүйцлийг өдөөхгүйн тулд автомашин үйлдвэрлэгчид дуураймал дуу чимээнийхээ талаар ам нээх тийм ч дуртай биш байдаг. Тиймдээ ч сүүлийн үеийн загварын Ford F150 пикапын дуу чимээний систем дээр ажилласан дууны инженерүүд бидэнд ажлынхаа талаар ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Ташрамд дурдахад, F150 нь 6 цилиндртэй пикап загварын автомашин ба АНУ-д нийт зарагдсан тоогоороо өөрийн ангилалдаа тэргүүлдэг билээ.
Зарим автомашин үйлдвэрлэгчид сүүлийн үед худалдан авагчиддаа хөдөлгүүрийн нь дуу бодит биш гэдгийг тойруу замаар сануулахын сацуу дууны болон программ хангамжийн инженерүүдтэй хамтран, хөдөлгүүрийн дуураймал дуу чимээгээ улам бодит мэт болгон хөгжүүлсээр байгаа юм.
Жишээ нь Volkswagen компани Soundaktor нэртэй, хоккейн шайбтай төстэй тусгай чанга яригч ашиглан, GTI болон Beetle Turbo автомашинуудад урьдчилан суулгасан дууны файлуудыг тоглуулдаг бол Lexus компанийн хувьд спорт загварын автомашинуудынхаа дуу чимээг жолоочийн суудалд илүү сайн чиглүүлэхийн тулд Yamaha компанитай хамтран ажилладаг.
Харин Porsche тэргүүтэй зарим компаниуд Symposer буюу моторын дуу чимээг кабин руу илүү хүчтэй болгон дамжуулдаг хоолойнууд машиндаа суулгасан байна. Зарим үйлдвэрлэгчид эргэлт буцалтгүйгээр электрон төхөөрөмж ашиглах аргыг сонгосон ба тэдний нэг болох BMW-н хувьд өмнө нь бичиж авсан хөдөлгүүрийн дуу чимээг одоогийн хөдөлгүүрийн ачаалал, хүчнээс хамааруулан автомашины чанга яригчаар тоглуулдаг ажээ.
Энд нэг зүйлийг онцлоход, зориуд дуураймал хөдөлгүүрийн дуу чимээ ашиглахыг бүрэн цахилгаан автомашинуудад тавигдах зайлшгүй шаардлага болгосон байдаг. Учир нь цахилгаан автомашин нь хөдөлгүүрийн дуу чимээ гаргадаггүй учир анхаарал болгоомж муутай, эсвэл хараа муутай явган зорчигчид автомашин ойртон ирж байгааг мэдэлгүй осолд орох бодитой эрсдэл бий болсонтой холбоотой юм. АНУ-ын Холбооны замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ оны сүүлч гэхэд бүх хосолмол хөдөлгүүрт болон цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг дуураймал хөдөлгүүрийн дуу чимээтэй үйлдвэрлэх журам батлах гэж байна. Ингэснээр олон мянган явган зорчигч болон дугуйтай иргэдийг осол гэмтлээс сэргийлэх боломжтой болно.
Зарим хэрэглэгчид дуураймал дуу чимээг мэдсэн ч тоохгүй явдаг байхад нь зарим нь анхнаасаа ийм утгагүй зүйл яагаад автомашинд суулгасанд гайхдаг гэжээ. Өөрийнх нь автомашины хөдөлгүүрийн чимээ нь бодит биш гэдгийг мэдээгүй тохиолдолд мэдээж хэрэглэгч сэтгэл ханамж өндөртэй хэвээрээ, V8 хөдөлгүүртэй машин унаж яваа мэт мэдрэмж авсан хэвээр байх болно. Нөгөө талд зарим мэргэжилтнүүд автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг ингэж хуурч, төөрөгдүүлэх нь буруу гэж үзсээр байгаа. Kelley Blue Book компанийн ахлах шинжээч Карл Брауэр байр сууриа маш шулуухан илэрхийлж “Аливаа юмыг хийж байгаа бол хийсэн шиг хий. Хэрэглэгчиддээ үнэнийг хэл. Хэрэв тэд V8 хөдөлгүүрийн чимээ сонсмоор байгаа бол V8 машинаа л худалдан аваг, илүү шатахуун зарцуулж, эх дэлхийгээ илүү бохирдуулна гэдгийг нь эргэлзэлгүй хэлэх хэрэгтэй. Дуураймал дуу чимээ нэмснээрээ үйлдвэрлэгчид автомашины дур булаам байдлыг үгүй хийж байна. Тухайн машинд огт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, хүмүүсийг төөрөгдүүлэх хэрэггүй” гэжээ.
Эх сурвалж: washingtonpost