Дорнодод зам тээврийн осолд орсон 6 иргэнийг яаралтай нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнодод зам тээврийн осолд орсон 6 иргэнийг яаралтай нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирлаа

Энэ сарын 18-нд ЭМЯ, ОБЕГ-ын хамтарсан баг Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулжээ.

Учир нь энэ сарын 17-нд тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарч, ослын улмаас 6 иргэн хүнд гэмтэл авсан байна.

Хоёр автомашинд нийт 9 зорчигч байсан бөгөөд 3 хүн газар дээрээ амь эрсдэжээ. Харин биеийн байдал хүнд байгаа 6 иргэнийг ийнхүү нийслэлд авчирсан байна.

"ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРСОН ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ТАРХИ БОЛОН ЦЭЭЖНИЙ ХАВСАРСАН ГЭМТЭЛТЭЙ БАЙНА"

Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гантогтохоос тодруулахад, "Тухайн иргэдийг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргэж, биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулах, арьс залгах мэс засал хийсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр энэ сарын 18-ны өглөө эхний элжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэж авчирсан. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.

Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн 3 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа. Иргэдийн биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтэлтэй байна" гэв.

"ГССҮТ-Д ӨДӨРТ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БУЙ ИРГЭДИЙН 40 ХУВЬ НЬ АВТО ОСЛЫН ШАЛТГААНТАЙ БАЙНА"

ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа, “ ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүний 40-50 нь хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногт гэхэд 3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн осол ихсэж байна. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарч байгаа. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна" гэв.

Эх сурвалж: ЭМЯ

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.