/2022.6.17/ УИХ-ын чуулган завсарлахынхаа өмнөхөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслөөр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол чимэг олгох асуудлыг зохицуулах юм. Эдгээрээс бид хурдан морины уралдааны талаарх цөөн асуудлыг хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын морины уралдаанаар үндсэн зургаан насан дээр эрлийз адууны гурван насны уралдааныг нэмснээр 9 насанд уралдуулах болсон. Энэ нь наадмыг маргаантай тэмдэглэх үндэслэл болдог билээ.
Наадмаар улсын наадамд 2-3 мянга, аймгийн наадамд 18-20 мянга, сумдын наадамд 70-80 мянга нийт 100 гаруй мянган морь уралддаг.
2022 оны дөрөвдүгээр сард Үндэсний спортын анхдугаар чуулган болсон билээ. Энэ чуулганаар монгол адууг уралдуулах санал гаргаж, түүнийг хуулийн төсөл боловсруулахдаа нэг үндэслэл болгожээ.
МОНГОЛ АДУУНЫ СТАНДАРТАА БАРИМТАЛНА
Хуулийн төсөлд авууштай зүйлсийн нэг нь “Монгол үүлдэр омгийн адуу”-ны стандартыг заасан MNS 4099 стандартыг барих талаар дурьджээ. Энэ стандартыг 2020 онд баталсан бөгөөд хамгийн их адуутай 10 аймгийн сумдын 42 мянган адуунд судалгаа, шинжилгээ, хэмжилт хийсний үндсэн дээр баталсан байдаг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Төв аймгийн Баянцагаан, Ховдын Мянгад, Булганы Сайхан, Увсын Тэс гэх мэт сумд багтжээ.
Судалгааны баг болон стандартын зөвлөлд эрдэмтэд, ХААИС-ийн багш нар, төрийн бус байгууллаг, холбоодууд, ХХААХҮЯ-ныхан зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Стандартыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөл, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал зүйч эрдэмтдийн хурлаар болон хөдөө одон нутгийн мэргэжилтнүүдийн оролцуулсан хурал, хэлэлцүүлгүүдийн эцэст ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн стандартын техникийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан байна.
Ийнхүү баталсан стандартыг барьж ажиллах талаар дурьдсан нь зөв зүйл болсон талаар мэргэжилтнүүд ярьж байна.
ХУУЛИАР ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ
ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ?
УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар дагалдах дүрэм журмуудыг гаргаж, тэр дагууд морьдыг бүртгэх ажиллагаа явагдах бол маргаан үргэлжилнэ. Учир нь сэрвээний өндрөөр хэмжих талаар ярьж буй бөгөөд ганц сэрвээний өндөр нь цэвэр монгол адууг илэрхийлэх боломжгүй гэдгийг салбарынхан ярилцаж байна.
Наадмыг будилаангүй сайхан тэмдэглэх боломж уяачдад бий гэдгийг хэлэх нь зөв. Адууныхаа эрлийз үгүйг мэдэхгүй уяач гэж үгүй. Гэтэл эрлийз адууг мэдсээр атлаа наадамд уралдуулах гэж зүтгэх аваас хэрүүл маргаан тэмцэл дуусахгүй.
Тиймээс Зөрчлийн тухай хуулиар ийнхүү маргаан дэгдээсэн уяачдад хариуцлага тооцох асуудлыг оруулах нь зүйтэй юм.
2025 ОН ХҮРТЭЛ ХУРДАН АДУУНЫ ИМПОРТЫГ ЗОГСООНО
Манай улсад 120 гаруй мянган уяачид байдаг. Тэдний 80 гаруй хувь нь монгол адуутай. Эрлийз адуутай уяачид бол шулуухан хэлэхэд мөнгө ихтэй бизнесменүүд юм. Тэдний тоо 200 гаруйхан байдаг гэх.
“Монгол адууны урд хөл газраас далны залаа шуумагны яс хүртлээ 85см байдаг бол эрлийз адууных 92-108 см байдаг. Тэгэхээр нэг харайхдаа 15-20 см илүү гишгэдэг. Аливаа эрлийз амьтны үр удам нь нэг, хоёрдугаар үедээ эцэг, эхийн аль сайн чанараар давамгайлж байдаг. Тийм учир нэг, хоёрдугаар үедээ хурдан байх явдал маш өндөр, ойрын зайд. Хөдөөний малчид хохирч байгаа шалтгаан нь адуу нь яг монголоороо. Гэтэл нөгөөдүүл нь адуугаа жилийн дөрвөн улиралд байр маллагаанд, өвөлжин тэжээж, бэлэн байдалд байлгана. Хөдөөнийхөн тэжээж байгаа ч юм байхгүй, бэлчээж байгаад л монгол уламжлалаараа уралдуулчихна. Тэгэхээр жилжин бэлдсэн адууг гүйцэх аргагүй учраас л хохироод байгаа юм” гэж Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавъяат мал зүйч Д.Самданжамц ярьсан юм.
Сүүлийн дөрвөн жилд улсын наадмаас цол хүртсэн уяачдын 70 гаруй хувь нь эрлийз адуутай уяачид байдаг ажээ.
2000 оноос хойш 21 жилд 3780 адууг импортолсон тоо байдаг. Гэтэл энэ тоо сүүлийн үед огцом өсөх болж, энэ жилийн хувьд 3000 адуу импортлох хүсэлт ирүүлснээс 1000 адууг импортлох зөвшөөрлийг ХХААХҮЯ олгожээ.
Энэ байдлаар цаашид үргэлжилвэл монгол адууны удмын сан мөхөх аюулд ойртоно. Импортын адуу монгол адуунд байхгүй хэд хэд төрлийн нийлүүлгийн өвчин, цусны паразит өвчний тээгч болжээ. Эдгээр өвчин нь ялангуяа оросоос орж ирдэг адуунд элбэг байдаг байна. Тиймээс Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавъяат мал зүйч Д.Самданжамц 2023 оноос 2025 оныг хүртэл адууны импортыг зогсоох төслийг санаачилсан байна. Түүний санаачилгыг яамдууд ч дэмжжээ.
Мөн өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаар гишүүн Н.Ганибал “Адууны импортыг хориглох нь маш зөв. Үүнийг 2025 он хүртэл ч биш, 2030 он хүртэл хориглох хэрэгтэй. Энэ хугацаанд адууны бүртгэлжүүлэлт болон генийн дарааллаа тогтоох зэрэг нарийн асуудлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж дуусах шаардлагатай” гэлээ.
Жич: Энэ удаагийн чуулганы хэлэлцүүлгээр энэ заалтыг хаслаа.
ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Цаашид адууны гарал үүслийн гэрчилгээг ажил хэрэг болговол олон асуудлыг шийдэх юм. Үүний тулд дээр өгүүлсэн генийн дарааллыг тогтоох нь зүйтэй.
Нэгэнт олноор бий болсон эрлийз адуунуудыг морин тойруулгад уралдуулдаг болох, үүний тулд морин тойруулгын олон ажлыг зохицуулах шаардлагатай болно.
Мөн Үндэсний их баяр наадмаар цаашид уралдсан морьдын хөлснөөс допингийн шинжилгээ авдаг болох нь зайлшгүй шаардлага болох биз ээ.