Л.Бор: Хариуцлагагүй уул уурхайг зогсоохгүй бол хожим нь харамсаад ч барахгүй байдалд хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Бор: Хариуцлагагүй уул уурхайг зогсоохгүй бол хожим нь харамсаад ч барахгүй байдалд хүрнэ

"Их бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор

“Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт энэ сарын 9-ны өдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо. Тэрээр орон нутагт хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, малчдын эрх ашгийг хамгаалахаар тууштай тэмцэж яваа нэгэн юм.

Ингээд түүнээс "Их бага Баяншарга” ТББ болон “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын талаар зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-Танай ТББ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-“Их бага Баяншарга” гэдэг төрийн бус байгууллагаа байгуулаад 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай ТББ байгаль орчин, хүний эрхийг хамгаалах зорилготой. Байгаль орчны эрх гэдэг бол бидний амьд оршихуй, амьдрахын эх үүсвэр. Олон улсад байгаль орчны эрхээ хамгаална гэдгийг хүний эрхээ хамгаалж байна гэж үздэг. Тиймээс орон нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр ажилладаг.

Номын нээлтийн үеэр

-“Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” гурван боть номынхоо талаар уншигчдад танилцуулахгүй юу?
-Бидний өвөг дээдсийн тахин шүтэж байсан Шаргын уулын эргэн тойронд маш их лиценз олгогдсон байсан учир эдгээрийг цуцлуулахаар ТББ-аа байгуулж байсан. Үүнийхээ хүрээнд давхар сонин сайт шинээр байгуулж Баяншарга уулынхаа талаар нийтлэл, мэдээ бичиж эхэлсэн. Манай байгууллага өнөөдрийг хүртэл Баняшарга уулын эргэн тойрон дох 6 лицензийг цуцлуулсан байна. Үүнийг цуцлуулах гэж 10 орчим жил зарцуулж, аймгийн хамгаалалтад авч чадсан. Одоо улсын хамгаалалтад оруулах гээд БОАЖЯ-нд материалуудаа бэлдэж өгөөд судалгааны шатандаа явж байна. Энэ бүх баримтыг номынхоо эхний бүлэгт оруулсан.

Харин номын хоёрдугаар хэсэгт, өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2700 орчим уул уурхай байна. Үүний 1700 нь л ашиглалтын зөвшөөрөлтэй. Гэвч олон уул уурхайтай байлаа гээд улс орон маань хөгжсөнгүй. Ард түмний амьдрал дээшилсэнгүй, ядуурал буурсангүй. Маш их өр зээлтэй байна. Өнөөдөр манай улс 33 тэрбум ам.долларын өртэй байна шүү дээ. Яагаад ийм байна вэ. Нөгөө талаар манай уул уурхай компаниуд ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг авч үзвэл МУ-ын 80 хувь нь цөлжилтөд өртчихсөн, усны хомстолд орчихсон байна. Агаарын дундаж температур 1,5 байх ёстой байтал манайд 2,5 болчихсон байна. Энэ бүгдийг харгалзан үзэж Монгол Улсад өнөөдөр яг хэдэн уурхай үйл ажиллагаа явуулбал зохиолтой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж ирэх хэрэгтэй. Энэ төрлийн судалгаа байхгүй байгаа нь өөрөө их буруу зүйл. Тиймээс олон нийтийн хэлэлцүүлэг хийж, өмнө нь олгогдсон бүх лицензийг хуулийн дагуу шалгаж, нөхөн сэргээлт хийлгэн, татварыг нь төлүүлэхийг шаардаж байна. Үүний улмаас малчдын эрх ашиг маш их хөндөгдөж байна шүү дээ.

Гуравдугаар хэсэгт Сүхбаатар аймаг дахь уул уурхайн талаар бичсэн. Тус аймгийн газар нутгийн 50 хувьд газрын тосны 5 том талбай 100 орчим лиценз байдаг. Цаашид Сүхбаатар аймгийнхан үүн дээр хариуцлагатай ажиллаж, зохих арга хэмжээг авахгүй бол Дорноговь аймгийн Улаанбадрах, Дорнодын Матад сум шиг болох эрсдэлтэй байна. Ирээдүй хоч үедээ ухсан нүх, газар шороо үлдээх үү эсвэл амьдрах орчин үлдээх үү гэдэг нь өнөөдрийн та бидний хариуцлага тэмцлээс шалтгаална. Тиймээс өнөөдөр л та бүхэн хариуцлагагүй уул уурхайг зогсоохгүй бол хожим нь бид харамсаад ч барахгүй байдалд хүрнэ.

-Таныг анх ТББ-аа байгуулж байхад Сүхбаатар аймагт хэчнээн уул уурхайн лиценз олгогдсон байсан бэ? Одоо энэ байдал ямар байна вэ?
-Биднийг ТББ-аа байгуулж байхад 300 орчим лиценз олгогдсон байсан. Одоо 100 орчим байна. Хамгийн гол зүйл нь орон нутгийн удирдлагууд зөвшөөрөлгүйгээр шууд лиценз олгож байгааг эсэргүүцэж бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн.

-Хамгийн их лиценз олгогдоод буй Шаргын уулын ойр орчимд хэчнээн малчин айл өрх амьдардаг вэ?
-Гурван сумын нутгийн 30 мянга орчим мал, 40,50 өрхийн 200 орчим иргэн байдаг. Мэдээлэлгүй иргэд тухайн орчинд тийм их лиценз олгогдсон гэдгийг ч мэддэггүй байсан. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалж, хууль бус лицензүүдийг цуцлуулахаар хичээж байна.

Ши Жиньпин хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ
Ши Жиньпин хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.