О.Гал-Очир: Хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эд бүрийг нээлттэйгээр танилцуулдаг байх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Гал-Очир: Хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эд бүрийг нээлттэйгээр танилцуулдаг байх хэрэгтэй

/2022.06.08/ Хүнсний сүлжээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болсон билээ.

Тус зөвлөгөөнд хүнс үйлдвэрлэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм.

Тэдний нэг болох Хүнсний инженер О.Гал-Очирын индерт гарч хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гадаадын зочид төлөөлөгчид, нийт Монголынхоо үндэсний хүнс үйлдвэрлэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Хүнс өөрөө маш эмзэг, дээр нь аманд орохоос эхлэн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг, мөн импортоос хараат бусаар хүн амд хүрэлцэхүйц байх гэдэг утгаар хүнсний хангамж, аюулгүй байдал гэх хоёр асуудлыг аль алийг нь яавч орхигдуулж болдоггүй.

Янз бүрийн хүнсний зүйлээс гадны биет гарч ирсэн, хүнсний Е серийн нэмэлт үйлдвэрлэгчид хэрэглэдэг, формальдегид хэрэглэсэн, Монгол улс хорт хавдрын болон бусад өвчлөлөөр дэлхийд дээгүүрт явж буй гэх мэт олон олон шалтгаанаар иргэдийн хүнсэнд итгэх итгэл өдрөөс өдөрт буурч байгаа энэ цаг үед энэхүү чуулган зарлагдаж буй нь сайшаалтай байна.

Хүнсний аюулгүй байдал гэдэг:

  • Төрийн талаас БОДЛОГО,
  • Үйлдвэрлэгчийн талаас ХАРИУЦЛАГА
  • Хэрэглэгчийн талаас МЭДЛЭГ байх учиртай.

Миний бодлоор энэ гурав Хүнсний аюулгүй байдлын тулгын гурван чулуу. Аль нэг нь алдагдахад хүнсний аюулгүй байдал ярих нь утгагүй болж хувирдаг.

Төрийн бодлогын хүрээнд өнөөдөр зөвлөгөөнөөр хүнсний хангамж ярьснаас биш, Хүсний аюулгүй байдлын талаар талаар ярьж чадсангүй.

Үүн дээр орхигдоод байгаа нэг гол зүйл бол хэрэглэгчийн мэдлэг гэх ойлголт байна. Хүмүүс хүнсийг хэрэглэдэг ч, хүнсний талаар мэдэхгүй байна, энэ нь зарим нэг шуугиан гарахад иргэн бүрт эргэлзээ, төөрөгдөл, айдас төрж байна. Аюулгүй хүнс байсан ч Хэрэглэгчийн мэдлэггүй, зохисгүй хэтрүүлсэн хэрэглээнээс шалтгаалан нийгмийг хамрах эрүүл мэндийн асуудлууд гарч байна.

Тиймээс үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх бус, жижиг том үйлдвэрлэл гэлтгүй, тавигдах стандарт шаардлагуудаа нэр төртэй биелүүлэн, өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болгоноо, түүнийг хийдэг түүхий эд бүрийг мэргэжлийн биш, энгийн үгээр хүмүүст нээлттэйгээр таниулан, хүргэж байхыг нийт үйлдвэрлэгчиддээ уриалж байна.

Мөн олон улсад "Food Terrorism" хэмээн нэрлэгддэг, хүнсийг санаатайгаар бохирдуулах, хүнсний талаарх буруу ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтэд тараах гэх мэт үйлдлүүд нэг бус гарч байна. Үүний уршиг нь үндэсний хүнс үйлдвэрлэгчдэд нөлөөлөхөөс илүүтэй, иргэдийн хүнсэнд итгэх итгэлийг бууруулах маш их хор уршигтай байна. Тиймээс энэ асуудлыг бодлого боловсруулагчид маань томъёолон бодлогодоо тусгаж өгнө үү?

"Шинэ зууны хүнс-Хүнсний инженер" группын зүгээс Хүнсний аюулгүй байдлын нэг чухал тулгуур болох Хэрэглэгчийн мэдлэг-ийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил хийж байгаа, өнөөдөр 20 000 гишүүнтэй болсон, цаашид ч бодлого боловсруулагчид болон үйлдвэрлэгчидтэйгээ энэ талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.

Газрын тосны “тохуурхал”
Газрын тосны “тохуурхал”
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.