Газрын тосны “тохуурхал”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны “тохуурхал”

/2022.06.08/: Ногоон шилжилт газрын тосыг эрчим хүчний зах зээлээс шахаж улмаар тос олборлогч орнууд ирээдүйд хөөрхийлөлтэй байдалд орно гэж үзэж байв.Гэхдээ яг одоогийн байдлаар эсрэг өрнөл ажиглагдав.

Газрын тос бохир заваан, дэлхийг сүйрүүлэгчээр цоллуулж байсан бол одоо хүн төрөлхтнийг аврагчийн дүрд тоглох болов. Эдийн засагт тос дутахгүй байж гэмээнэ инфляцыг аргамжина. Улмаар тос олборлогч орнууд “баатрууд” болж эхэллээ. ОХУ-аас тос, хий, нүүрс авахгүй гэсэн Европын тэмүүлэл энэ байдлыг улам бүр өдөөж байна. Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн зургаадугаар ээлжийн хориг арга хэмжээгээ хэлэлцэж байгаа бөгөөд хойд хөршөөс авдаг эрчим хүчний импортоо үтэр түргэн зогсоохын сацуу ногоон шилжилтийг хурдасгахад чиглэсэн REPowerEU төлөвлөгөөгөө дэлгэв.

Өөрөөр хэлбэл ирэх таван жилийн хугацаанд Европын холбоо 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулж ОХУ-аас нүүрс, байгалийн хий, нүүрс авахаа болих ажээ. Чухамдаа Европ тосны эрэлд мордож, нөгөөтэйгүүр хойд хөрш шинэ хэрэглэгчдийн эрэлд гарах нь. Энэ үйл явц нь хоёр талын хоорондын асуудал мэт боловч эрчим хүчний зах зээлд ханшийн савлагаа үүсгэж, хямд нүүрс, тос, хий гэсэн ойлголтыг нэгмөсөн халж болзошгүй байна. Илүү үнэтэй эрчим хүчний худалдаа нь Европын эдийн засгийг хялбархан ганхуулах аюултай. Улмаар уг үзэгдэл нь дэлхийн бусад оронд “халдварлана”. Тиймээс Европ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь анхаарлын төвд байна.

Европын холбооны улс орнууд REPowerEU төлөвлөгөөгөөр ногоон шилжилтийг хурдасгахаар төлөвлөсний дотор 2030 он гэхэд эрчим хүчний салбарт эзлэх сэргээгдэх эх үүсвэрийг 45%-д (урьд нь 40% байсан) хүргэх зорилт дэвшүүлжээ. Энэ төлөвлөгөөнд маш олон зорилтууд багтсан ч техникийн шинжтэй хүндрэлтэй асуудлууд бий. ОХУ-ын түлшнээс шинэ тутам татгалзаж эхэлсэн Европын зарим орнууд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү сонгох болов уу гэсэн горьдлого байсан боловч тэдгээр нь зөвхөн чулуужмал түлшний өөр эх үүсвэрийг эрэлхийлж байна.

Сэргээгдэх эрчим хүчийг өргөтгөх нь хугацаа орохын сацуу найдвартай хангамж талаасаа сул талтай. Нөгөө талд эрдэс түүхий эдийн үнийн өсөлтөөр сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн бүтээн байгуулалтын өртөг өсөх янзтай байна. Энэ чиглэлийг түлхүү хөгжүүлэх нь Европын холбоог түүхий эдийн хувьд Хятадын хараат болгох аюултай гэсэн шүүмжлэл ч өрнөөд эхэлжээ.

Энэ нь цаашид чулуужмал түлшний ирээдүй тогтвортой байх төдийгүй сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд нэвтрүүлэх ажил санаснаас хол байгааг баталж өглөө. Европын холбоо 2050 онд хүлэмжийн хийн тэг ялгарал бүхий горимд шилжих зорилттой байгаа бөгөөд уг зорилтод хүрэхэд байгалийн хийг завсрын буюу шилжилтийн үеийн түлшээр ашиглахаар төлөвлөж буй. Эрчим хүчний шинжээчид ирэх өвөл Ази, Европын хэрэглэгчдийн дунд шингэрүүлсэн байгалийн хийн түлшний төлөөх өрсөлдөөн ширүүснэ гэж таамаглаж байна. Нөгөөтэйгүүр хүйтний улирал эхлэхээс урьтаж Европын улс орнууд хийн агуулах нөөцөө хэрхэн дүүргэх нь ч тодорхойгүй хэвээр.

Шинэ төлөвлөгөөгөөр Европын холбоо АНУ, Канад, Норвеги, Африк, Булангийн орнууд болон Австрали руу түлхүү хандах болж байна. Ингэснээр ОХУ-ын тос, хийг бүрэн халж асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг. Харин ОХУ өөр зах зээл рүү хандана гэдгээ энэ зуур мэдэгдсээр буй. Үнэхээр ч дэлхийн зах зээлд яг одоо чулуужал түлшний нийлүүлэлтийн хангамж сул байгаа үед ОХУ-ын түүхий эдийг авах зах зээл хангалттай байж болох юм. Гэхдээ шинжээчид энэ оны хоёрдугаар хагаст ОХУ-ын тосны нийлүүлэлт 3 сая баррель/өдөр-өөр буурна гэж болгоомжилж байна. Харин ОХУ-ын тал тавдугаар сараас эхлэн олборлолт сэргэж 300 мянган баррель/өдөр-өөр нэмэгдсэн тухай тайлбарлажээ. Гэсэн ч тавдугаар сарын дунд үеийн байд­лаар өмнөх хоёрдугаар сартай харь­цуу­лахад олборлолт 830 мянган бар­рель/өдөр-өөр бага байгааг oilprice.com мэдээлжээ. ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг, Хятад руу нэмэгдэж байгаа ч Европ руу нийлүүлдэг хэмжээг бүрэн орлох боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Хэрэвзээ тус улс хоригийг зохицуулах арга сүвэгчилж, дотоодын хэрэгцээгээ нэмэгдүүлсэн нөхцөлд ирэх оны дундуур олборлолт сэргэх боломжтой гэж “Rystad Energy” таамаглажээ.

Европын холбооны хувьд онцлог нь Норвегиэс бусад нь эрчим хүчний импортын хараат байдал 60%-тай (2020) байдаг. Тэгэхээр ОХУ-ыг нийлүүлэгчээс хассан нөхцөлд тус тивийн эрчим хүчний импортын хараат байдал нь арилахгүйг санах хэрэгтэй. Харин Африк болон булангийн орнуудын нийлүүлэлтэд түших хувилбар нь ОХУ-ынх шиг хямд, тогтвортой байж чадах уу гэдэг нь Европын хувьд эмзэг сэдэв болж байна. Энэ дунд АНУ, Канад болон бусад барууны орнуудын нийлүүлэлт үнэтэй боловч хамгийн найдвартай эх үүсвэр болон торойно. Гэвч АНУ, Канадын газрын тос олборлолт нь хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Түүнчлэн Европын холбооны улс орнууд фракинг аргаар занарын тос/хий олборлохыг өөрийн нутаг дэвсгэртээ хориглосон байдаг бол одоо яг энэ аргаар олборлосон тосыг АНУ-аас авах нь гарцаагүй болов. Францын “Engie” компани АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг авахаас татгалзсан жишээ саяхных. Учир нь байгаль орчинд хэтэрхий сөрөг нөлөөтэй аргаар олборлосон гэж үзсэн хэрэг. Гэсэн хэдий ч Европын холбоо чулуужмал түлшний эрчим хүчний импортод ногоон шаардлагыг тавих нь тодорхой юм.

ОХУ нь дэлхийн эдийн засагт ямар ч нөлөөгүй мэт ярьж байсан боловч энэ нь яг өнөөгийн нөхцөлд өөрөөр эргэж байна. ОХУ нь үнэн хэрэгтээ эрчим хүчний эх үүсвэр, хүнсний асар том үйлдвэрлэгч гэж хэлж болно. Хүнс, эрчим хүчний хямрал айсуйг дээр дооргүй ярьж, бичиж байна. Ийм цагт ОХУ-ын үнэ цэнэ улам бүр тодорч ирнэ. Тиймээс богино хугацаанд ОХУ ханшийн өсөлтөөс түүхий эдийн борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх бол барууны томоохон улсуудад эрчим хүчний хямрал даамжирч болзошгүй байна. Ойролцоо түүх 1973 онд болж байжээ. Зэвсэгт мөргөлдөөнд сөргөлдөгч тал болох Израйлийг дэмжсэний хариуд Булангийн орнууд АНУ руу тос экспортлохоо больж, түлшний үнэ зэрэгцээд өсч улмаар барууны орнуудыг шатахууны хомсдол нөмөрч, харин олборлогч орнуудын борлуулалтын хэмжээ буурсан ч ашиг өсчээ. Одоо бол ганцхан газрын тос бус байгалийн хий, нүүрсийг давхар хамарсан асуудал тулгарч болзошгүйг шинжээчид онцолжээ. Гэхдээ бид үүн дээр хүнсний хямралыг ч нэмж тооцох хэрэгтэй.

Газрын тос, байгалийн хийнээс илүүтэйгээр нүүрс хамгийн их ад үзэгдэх болсон. Гэвч нүүрсний тухайд Европ бас л хүнд асуудалтай тулгарч болзошгүй байна. Ирэх наймдугаар сараас эхлэн Европ Оросын хямд нүүрснээс татгалзахаар тогтсон. Гэвч үнийн өсөлт аль хэдийнэ тохиож эхэлсэн. Эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез ханшаа 42%-иар нэмэгдүүлсэн бол Австрали, АНУ-ын олборлогчид ОХУ-ын нүүрсний экспортыг төдийлөн орлож чадахгүй гэж мэдэгджээ. Европын холбоо ОХУ-ын чулуужмал түлшнээс (газрын тос, байгалийн хий, нүүрс) татгалзсанаар нүүрсийг станцуудад төлөвлөснөөс илүү урт хугацаанд хэрэглэх магадлал өндөр юм. Энэ нь Европын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, үйл ажиллагаагаар дэлхийд манлайлагчийн байр суурьтай нь шууд зөрчилдөж байна.

Үүссэн нөхцөлд манай улс түлшний үнийг тогтвортой түвшинд барихад анхаарахын сацуу нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай нь тодорхой. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулахын зэрэгцээ хайгуулаар газрын тосны үр ашигтай нөөцөө нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь нэн тэргүүний ажил болж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд“ зөвлөгөөн болж байна
“Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд“ зөвлөгөөн болж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.