/2022.06.07/ Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Үүний дараагаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Эрт илрүүлэг, шинжилгээгээр иргэд ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байгаа вэ? Яг нарийн хавдрын эхэн үеийн шинж тэмдгийг илрүүлж байгаа юу. Үүнтэй холбоотойгоор иргэдээс гомдол, санал их ирж байна.
Түүнчлэн манай улс яг ямар хорт хавдрын эмчилгээ, оношлогоог хийж байгаа вэ? Мөн ямар эмчилгээг хийж чадахгүй гадаадад эмчлүүлж байгаа вэ?
Эмээлтийн мах бэлтгэх үйлдвэрийн асуудал дээр ЭМЯ ямар байр суурьтай байгаа вэ? Хүний цогцост хийдэг бодис байсан гэж байна.
Үүний хариуд ЭМ-ийн сайд С.Энхболд:
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт жилд 60,8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Өмнө нь 20 тэрбум төгрөг байсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн байдаг. Насны бүлгээс хамаараад 6 багцад багцалж үзлэг оношлогоог хийж байгаа. Насны багцаас хамаараад 18-аас дээш насны хүмүүст 12-19 нэр төрлийн шинжилгээ хийж байна. Үүнд, 7 төрлийн хавдар оношлох, зүрх судасны өвчлөл, сахарын өвчнийг тодорхойлох шинжилгээ багтаж байгаа.
Өнөөдрийн байдлаар манайх цусны зарим төрлийн хавдрыг эмчлэх боломжгүй байна. Мөн тархины гүнийн хавдрууд байгаа. Үүнд орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна.
Эмээлтийн махны асуудлын тухайд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт миний бие багтаад ажиллаж байгаа. Норм, стандартуудыг шинэчлэн тогтоож байна.
Формальдегид гэдэг бодис илэрсэн гээд байгаа. Гэхдээ энэ лабораторийн шинжилгээгээр батлагдах ёстой. Ямар ч байсан МХЕГ-ын Хабул лабораторийн шинжилгээгээр 0,008 хувь илэрсэн гэх ерөнхий мэдээллийг авсан. Уг нь манай тогтоосон стандартаар энэ бодис илрэх ёсгүй гэж үздэг. Үүнд бид тодорхой хэмжээний мэдээллүүдээ өгөөд явж байгаа. Эмээлтэд дулааны аргаар боловсруулж буй мах бүгд гадагшаа экспортлогддог. Мөн энэ махаар хиам үйлдвэрлэх ямар ч боломжгүй байдаг юм байна лээ гэв.