А.Цэцэгсүрэн: Зөвхөн сурагчид гэлгүйгээр хорооны иргэд хүртэл сэтгэл зүйн зөвлөгөө авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Цэцэгсүрэн: Зөвхөн сурагчид гэлгүйгээр хорооны иргэд хүртэл сэтгэл зүйн зөвлөгөө авч байна

/2022.05.31/ Монгол Улсын хэмжээнд бүх ЕБС-дад мэргэшсэн сэтгэл зүйч ажилладаг тогтолцоог бий болгохыг зорьж байгаа билээ. Үүний хүрээнд БШУЯ-ны удирдлага дор төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ гээд төрийн, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна.

Төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 64 мэргэжилтэн “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөж, сургуулиудад ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын сэтгэл зүйчтэй ажилласан сургуулийн захирал болон хөтөлбөрт хамрагдсан сэтгэл зүйчээс дараах тодруулгыг авлаа.

МАНАЙХ ШИГ ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН СУРГУУЛЬД СЭТГЭЛ ЗҮЙЧ МАШ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙСАН

Нийслэлийн 122 дугаар бүрэн дунд сургуулийн захирал А.Цэцэгсайхан

Нийслэлийн 122 дугаар бүрэн дунд сургуулийн захирал А.Цэцэгсайхан ийнхүү ярьсан юм.

-Сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу? Танай сургуулийн онцлог юу вэ?
-Манай сургууль Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд Тахилтын аманд байрладаг. Ерөнхийдөө шинэ суурьшлын бүсэд харьяалагддаг Улаанбаатар хотын хамгийн захын гэр хорооллын сургууль гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 3300 орчим сурагчтай. Байгуулагдаад 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танай сургуульд боловсролын сэтгэл зүйч хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Энэ хугацаанд хэчнээн асуудлыг шийдвэрлэв?
-Боловсролын сэтгэл зүйч энэ хичээлийн жилээс эхлэн ажиллаж байна. Манайх шиг захын гэр хорооллын сургуульд зорилтот бүлгийн маш олон хүүхэд байдаг. Тэр дундаа бүтэн, хагас өнчин, гэр бүл салалт ихтэй айл өрхийн хүүхэд нэлээд их. Мөн хөдөө орон нутгаас шилжиж ирээд хотын амьдралтай дөнгөж танилцаж байгаа айл өрхийн хүүхдүүд ч байна. Энэ утгаараа сэтгэл зүйч маш чухал ач холбогдолтой, хэрэгтэй байсан. Манай сургуульд ажилласан сэтгэл зүйч залуу хүн учраас маш эрч хүчтэй байж, олон асуудлыг шийдвэрлэлээ. Цар тахалтай хоёр жилийн хугацаанд гэртээ байж байгаад ирсэн хүүхдүүд сурлага гэхээс илүү сэтгэлгээний хоцрогдолд орчихсон байсан. Эдгээр хүүхдүүдтэй уулзаж ганцаарчилсан зөвлөгөө өгөх, сэтгэлгээний хоцрогдлоос гаргах талаас нь асар их хүч тавин ажилласан.

Үүнээс гадна үе тэнгийнхний дээрэлхэлт, гэр бүл салалтаас болж маш их сэтгэл гутралд орсон хүүхдүүд их байна. Эдгээр хүүхдүүдэд эерэгээр нөлөө үзүүлэхэд сэтгэл зүйчийн үүрэг оролцоо их байлаа. Сургуулийн сэтгэл зүйч зөвхөн хүүхэд гэлгүйгээр багш, эцэг эх, асран хамгаалагчидтай ажилладаг. Хорооны иргэд хүртэл сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа. Тиймээс сэтгэл зүйчийн орон тоо аль ч салбарт байх ёстой, хамгийн чухал мэргэжил.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ГЭДГИЙГ СУРГУУЛИЙНХАН ОЙЛГОСОН

Сэтгэл зүйч Ц.Нарангэрэл

Боловсролын сэтгэл зүйч бэлтгэх төсөл хөтөлбөрт хамрагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ЕБС-ийн сэтгэл зүйч Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Анх сургуульд ирээд ажиллахад төсөөлж байснаас өөр байв уу?
-Миний хувьд ахлах, дунд ангийн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна бага ангийн хүүхдүүдэд сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан сэтгэлзүйн боловсрол олгож байна. Өмнө нь сургалтад суусан ч ажлын талбар дээр хүүхдүүдтэй ажиллахад арай өөр байсан. Сурагчид маань сэтгэл зүйч гэж бараг мэдэхгүй, сургуулийн коридороор явахаар хэн юм бол оо, хэн юм бол оо гэсэн нүдээр хардаг байсан. Эхний нэг сард хүүхдүүдээ ажиглаж танилцлаа. Сарын дараагаас ангиуддаа сургалт орж эхэлсэн. Бүх хүүхдийг нэг танхимд оруулаад сургалт явуулна гэхээр үр дүн тааруу санагдаад анги болгонтой тулж ажилласан. Өнөөдөр 9б ангид сургалт орлоо гэхэд дараа нь тухайн орсон агуулга дээрээ суурилсан сэдвээр эцэг эхчүүдтэй уулзаад харилцан уялдаа холбоотой явдаг. Энэ хугацаанд хүүхдүүд намайг сэтгэл зүйч гэж таньж мэддэг болж, та хэзээ манай ангид сургалт орох вэ, одоо ямар сэдвээр орох гэж байна, бүгдээрээ юуны талаар ярилцах вэ? гэх зэргээр нээлттэй харилцдаг болсон. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдийн хувьд сургалт зөвлөгөөнд суухаараа илүү их нээлттэй болдог. Тэгээд гэртээ очоод аав ээжтэйгээ ярилцана. Аав ээж нь хүүхдээ дагаж ирээд уулзаж байх жишээтэй.

-Сэтгэл зүйчийн хаалгыг татаж орж ирнэ гэдэг хүүхдүүдэд тийм ч амар биш байх даа? Дуртай биш л болов уу?
-Манай өрөөнд орж ирж зөвлөгөө авдаг хүүхдүүд ихэвчлэн 6-9 дугаар ангийн охид. Хөвгүүд бас чи сэтгэл зүйчтэй уулзчих аа оръё оо, оръё гээд нэг нэгнийгээ татаж чангааж, хаалгаар түлхэлцэж байгаад орж ирдэг ч гэдэг юм уу янз бүр л байдаг. Энэ насныханд найз нөхөд, үерхэл нөхөрлөл, гэр бүлтэй нь холбоотой харилцааны асуудлууд бий. Жишээ нь ээжтэйгээ ойлголцохгүй байна, тэгээд хэлсэн чинь ээж минь надад гомдлоо гэнэ. Эсвэл найзууд маань намайг тоохгүй байгаа юм шиг гадуурхаад байна гэж ханддаг. Ярилцаад үзсэний дараа би ер нь өөрөө ингэж бодоод юм болгоныг хүндээр тусгаж аваад байгаа юм байна. Энэ чинь харилцааны энгийн хэлбэр юм байна, намайг ялгаварлаагүй, харин миний бодол юм байна гэж ойлгох тохиолдол гардаг. Бага ангийнхны хувьд ямар нэгэн байдлаар айж ичих, санаа зовох нь бага байдаг. Завсарлагаанаар ч юм уу, эсвэл хичээл орохынхоо өмнө орж ирээд манай гэрт тийм юм болоод, би ингээд гээд хамаг бүхнээ л ярьчихдаг. Харин ахлах ангийн хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйчтэй дасан зохицох үйл явц нь арай удаан. Тэд эхний улиралд над руу хандаж ирэх нь цөөхөн байсан бол одоо тантай ярилцах гэсэн юм аа гээд орж ирдэг болсон. Эхлээд айж ичиж байсан бол дараагийн удаа бие биенээсээ айж, ичихгүй уулздаг болсон. Ер нь манай сургууль дээр нэг гоё давуу чанар байгаа. Хүүхдүүд нэг нэгнийгээ сэтгэл зүйчийн өрөөнд орлоо,юу ярьсан бол гэх зэргээр хувийн хэрэгт нь оролцдоггүй. Тэгэхээр ямар ч хүүхэд надтай уулзчихаад гараад явахдаа айдасгүй байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч л байдаг, орж л байдаг, гарч л байдаг нь хэвийн үзэгдэл гэдгийг бүгд ойлгосон.

-Урт удаан хугацаанд ажиллах шаардлагатай асуудал бий л байх даа?
-Хэн ч намайг хайрлахгүй байна, би угаасаа өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөрийгөө бусдаас тусгаарлах тохиолдлууд гардаг. Магадгүй үүнээсээ болж амиа хорлох, өөрийгөө гэмтээх тухай бодох ч юм уу. Энэ тохиолдолд хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны дараа аливаа асуудал бэрхшээлийг арай өөр өнцгөөс харах ёстой гэдгийг ойлгодог. Хамгийн үр дүнтэй зүйл нь юу вэ гэхээр тэр бүхнийгээ сэтгэл зүйчид орж ирээд нээлттэй ярьж чадаж байгаа нь хамгийн чухал. Миний хувьд өглөө сургуулийн босгоор алхаад л бүх хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. Гэтэл зарим хүүхдүүд надтай харилцахаас төвөгшөөсөн юм шиг заримдаа дуугүй өнгөрнө. Дараа нь “сэтгэл зүйчээ өглөө би харин тэгчихсэн байсан байхгүй юу” гэдэг ч юм уу өрөөгөөр орж ирээд учир байдлаа ярина. Хамгийн гол нь тухайн хүүхэд өөрөө ирэх ёстой. Ямар нэг байдлаар хүүхдийг шууд дагуулж ирэх ч юм уу, багш нь шууд сэтгэл зүйчтэй уулз гэдэггүй. Хүүхэд өөрөө л хүсч ирдэг. Энэ бол манай сургуулийн багш, ажиллагсдын баримталдаг зарчим. Чамд хэцүү байгаа бол сэтгэл зүйчтэй уулзаад үзээрэй гэж санал болгодог. Магадгүй хүүхэд зориглохгүй явсаар байгаад сарын дараа ч ирэх тохиолдол бий.

-Баярлалаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III”-ын ажилтнуудын НД-ын өрийг барагдуулна
“Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III”-ын ажилтнуудын НД-ын өрийг барагдуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.