/2022.05.19/: Цахилгаан автомашины үйлдвэрлэл эрхлэгчид дундаас хамгийн их дуулиан шуугиантайгаар ажлаа эхлүүлсэн гарааны бизнес болон Rivian компани шинэ төрлийн батарейний технологи ашиглахаар болсоноо мэдэгдсэн нь ээлжит сонирхолтой мэдээ байлаа.
Өнгөрсөн 7 хоногт нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулах үеэрээ тус компани цахилгаан автомашиндаа LFP буюу лити, төмөр, фосфат найрлагатай батарей ашиглахаар төлөвлөж байгаа гэдгээ зарласан юм. Үүний өмнө тэд 3-р сард LFP батарейний стандарт багц үйлдвэрлэх гэж байгаагаа мөн мэдэгдэж байсан билээ.
Энэ оны эцсээр албан ёсоор олон нийтэд танилцуулагдах LFP батарейг одоогоор Amazon компанийн хүргэлтийн цахилгаан автомашинд зориулан бүтээж байгаа бөгөөд, 2024 оноос эхлэн өөрийн компанийн пикап загварын автомашинууддаа суулгана гэжээ.
БНХАУ-ын цахилгаан автомашин болон батарей үйлдвэрлэлийн “магнат” болох BYD компани анх LFP батарей ашиглах болсноо мэдэгдсэнээр барууны компанид ч мөн адил энэ технологийг сонирхож эхэлсний нэг нь Rivian юм. Энэхүү батарейн онцлог нь бусад цахилгаан хөдөлгүүрийн батарейтэй адил кобальт болон никель ашигладаггүй бөгөөд түүнийгээ дагаад өртөг нь хямд байдаг явдал юм.
Гэхдээ энэ төрлийн батарей нь өөрийн гэсэн сул талтай. Жишээ нь LFP батарей нь никель ашигладаг лити-ион батарейтэй харьцуулахад цэнэг хуримтлуулах багтаамж бага байдаг тул компаниуд автомашиныхаа туулах чадварыг бууруулахгүйн тулд LFP батарейг сонирхолгүй өдий хүрсэн байдаг.
Харин сүүлийн үед батарейны багцлалтын дизайныг сайжруулснаар автомашины туулах зайг нэмэгдүүлж чадсан байна. Мөн үүнтэй зэрэгцээд никель, лити, кобальт зэрэг металлын үнэ өссөн нь авто машин үйлдвэрлэгчдийг яах аргагүй өөр хувилбар судлахад хүргэжээ.
Rivian компанийн гүйцэтгэх захирал Р. Ж. Скаринж өнгөрсөн 7 хоногт өгсөн ярилцлагадаа “LFP батарей бол никелийн үнийн өсөлтөөс өөрсдийгөө хамгаалах зорилгоор хийж буй үйлдэл юм. Энэ төрлийн батарей нь манай компанийн энгийн загварын машинуудад сайхан тохирч байгаа, мөн туулах чудвар сайтай пикап машинуудад ч таарах нь дамжиггүй” хэмээсэн байна.
Rivian компани нь бусад автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн адил нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос болоод 1-р улиралд төлөвлөсөн хэмжээндээ хүрч автомашинаа үйлдвэрлэж чадаагүй ажээ. Уг нь тус компани өөрийгөө жилд 150 000 ширхэг автомашин үйлдвэрлэх чадалтай гэж мэдэгддэг боловч дээр өгүүлсэн нийлүүлтийн сүлжээний тасалдал болон чипний хомсдолоос болоод ердөө 1410 машиныг л 1-р улиралд үйлдвэрээс гаргасан байна.