/2022.04.25/: Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 19-24-нд Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Ази тивийн 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв.
Чөлөөт бөхийн төрөлд иранчууд 10 жингийн зургаад нь түрүүлж, нийт найман медальтайгаар түрүүллээ. Энэтхэг, Казахстан улс удаах байруудад оров.
Манай эмэгтэй бөхчүүд дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багаараа аман хүзүүдсэн бол эрчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар багаараа тавдугаар байрт орлоо.
Эмэгтэйчүүдээс Ц.Намуунцэцэг (50 кг), Б.Хулан (53 кг), Г.Отгонжаргал (55 кг), Б.Шоовдор (59 кг) нар мөнгө, Х.Болортуяа (57 кг), Б.Хонгорзул (62 кг), Ө.Пүрэвсүрэн (65 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медаль хүртсэн.
Харин эрэгтэй бөхчүүдээс О.Дагвадорж (92 кг), Ө.Батзул (97 кг) нар үзүүрлэж, Б.Энхтүвшин 125 кг-д хүрэл медаль хүртлээ.
Эх сурвалж: МҮОХ