Валютын томоохон зах болох "Найман шарга" худалдааны төвийн гадна ам.доллар сураглах иргэд тасрахгүй байна. Ерөнхийдөө зах зээл дээр валютын эрэлт хэрэгцээ үүсээд 2 сар орчим болж байна.
Үүний зэрэгцээ ОУ-д болж буй нөхцөл байдлын улмаас арилжааны банкууд гадаад гүйлгээндээ хязгаарлалт тавьж байгаа нь ААН-үүдэд хүндрэл үүсгэж байгааг тэд хэлж байв.
Бид дараах банкуудаас өдрийн гадаад валютын гүйлгээний хязгаарлалт хэд байгааг тодруулахад,
- Худалдаа хөгжлийн банк- 1 сая
- Голомт банк- 1,5 сая
- Төрийн банк- 1 сая төгрөгийн хязгаартайгаар доллар болон юанийн гүйлгээ хийж байна гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор хувиараа бизнес эрхлэгч "Халиун проперти " ХХК-ийн захирал Ч.Мөнхбатаас дараах зүйлийг лавлалаа.
-Банкууд гадаад валютын хязгаарлалт тогтоож байгаа нь танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үнэхээр их нөлөөлж байна. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хил гаалийн асуудал сааталтай байгаа учраас тавдугаар сарын захиалгат барааг хоёрдугаар сард захиалах шаардлага тулгарч байгаа.
Манайх хоёрдугаар сараас хойш ямар ч гадаад төлбөр тооцоо хийгээгүй. Түүнчлэн гуравдугаар сараас эхлээд банкууд валютын гүйлгээнд хязгаарлалт хийж эхэлсэн. Үүний улмаас гуравдугаар сарын төлбөрөө ч мөн бүтэн төлөөгүй явж байна.
ААН-үүд гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирээд үндэсний мөнгөн тэмдэгтээр зардаг. Мөнгөн тэмдэгтээр зарчхаад буцаагаад арилжаа хийгээд төгрөгөө доллар болгох гэхээр хязгаарлалт тавьчхаад байна.
Гэтэл бидэнд захиалагч нарын өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа шүү дээ. Одоог хүртэл төлбөрөө төлж чадаагүй учир дөрөвдүгээр сарын барааны захиалга тэр чигтээ байхгүй, хойшилчихсон. Тавдугаар сарын бараагаа мөн захиалж чадаагүй байж байна. Үүнээс болж гэрээний алданги бий болж байна.
Бидний дансанд мөнгө бэлэн байгаа ч гадаад гүйлгээгээ хийж чадахгүй байна.
-Танайх ямар банкаар дамжуулж гүйлгээ хийдэг вэ? Банкууд ямар хязгаарлалт тавьж байна вэ?
-Бүх банкаар дамжуулж хийж байгаа. Сарын өмнө 3 сая төгрөгтэй тэмцэх хэмжээний доллараар гүйлгээ хийнэ гэж байсан. Хоёр долоо хоногийн дараа сая төгрөг болсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 мянган төгрөг болтлоо буурсан байдалтай байна.
Жишээлбэл, Манай байгууллага өдөрт 30 мянган долларын бараа аваад мөнгөө шилжүүлнэ гэвэл өдөр бүр 100 долларыг 100 хоногт шилжүүлэхээр болчхоод байна.
Яахав валютын зах дээрээс очоод доллар авч болно л доо. Гэхдээ ханшийн өсөлт ямар байгаа билээ дээ. Монголбанкнаас зарласан ханш, Найман шарга валютын зах дээрх ханш хоорондоо 200-300 төгрөгийн зөрүүтэй байна.
Хэрэв анхнаасаа энэ нөхцөл байдлыг хянаж чадахгүй гэсэн бол бид бараа бүтээгдэхүүнээ доллараар зарах байсан. Гэтэл "та нар бараа бүтээгдэхүүнээ доллар юм уу гадаад валютаар зарвал хуулийн хариуцлага хүлээнэ" гээд байдаг. Тэгээд үндэсний мөнгөн тэмдэгтээрээ арилжаа хийчхээд буцаагаад авах гэхээр болохгүй байна.
Уг нь банкууд хэрэглэгчийн хамгийн эхний дуудлагаар мөнгө гаргаж өгч чадахгүй бол татан буугдах ёстой шүү дээ. Гэтэл бүгд үгсэн хуйвалдчихаад Монголбанк, Засгийн газар нь харилцагчийн шаардаж буй мөнгөн гуйвуулгыг хийж чадахгүй байгаа арилжааны банкуудыг хаацайлаад байна. Ямар ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчхээд байна. Хэрвээ 14 хоног юм уу, нэг сарын дараа чөлөөлнө гэсэн бол бид бас гадаад харилцагч нартайгаа ярилцаж ойлгуулж болно шүү дээ.
Гэтэл хэзээ хязгаарлалт цуцлагдах нь тодорхойгүй, хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй байсаар 45 хонолоо. Ханш өдөр өдрөөр өсөж байна.
-Арилжааны банкнууд дур мэдэн өдөр бүр валютын хязгаарлалтыг өөр өөр тогтоогоод байна уу?
-Арилжааны банкууд нөөцөө хадгалж байна гээд байгаа. Тэд зөвхөн өөрсдийгөө бодож байна. Гэтэл үйл ажиллагаа явуулдаг 17 мянган ААН яах ёстой вэ. Энэ компаниудын тал нь буюу 70, 80 мянга нь гадаад худалдаа хийж байгаа. Тэдэнд харилцагчийнхаа өмнө хүлээсэн үүрэг гэж бий гэдгийг бодолцож үзэхгүй байна.
Гурав, дөрөвдүгээр сард зарагдах ёстой барааг зургадугаар сард авчраад яах юм бэ. Зарагдахгүй шүү дээ.
ААН-үүдийнхээ энэ нөхцөл байдлыг ойлголгүйгээр зөвхөн нөөцөө тогтвортой барьж байна гэсэн нэрийдлээр гадаад гүйлгээг бүгдийг нь зогсоож байна.
ААН-үүддээ ажил хийх боломжийг нь олгооч.
-Монголбанкнаас энэ тал дээр ямар нэг тайлбар мэдээлэл өгсөн үү?
-Өчигдөр Монголбанкнаас гадаад төлбөр тооцоо хэвийн байгаа гэж ярьж байна лээ. Тэгж худлаа ярьж болохгүй. Арилжаа хийгдэж байж гадаад төлбөр тооцоо хийгдэнэ. Гэтэл "хэвийн байгаа, та нар зүгээр гүйлгээгээ хий" гээд тавлаж байгаа юм шиг зүйл яриад байна. Үүний оронд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тэгэхгүй бол бид эвгүй байдалд байгаад байна. Жишээ нь, би мянган долларын бараа захиалах гэж 10 хонож байна. Түүнчлэн ямар нэг барааны дээж авах гээд 200 доллар шилжүүлэх шаардлагатай болвол хоёр хоног хүлээж байх жишээтэй. Өнөөдөр өдрийн 16.00 цагт 100 доллар худалдаад авчихвал маргаашийн 16.00 цаг хүртэл доллар худалдаж авч чадахгүй байна. Угаасаа гадаад төлбөр тооцоо бүрэн зогссон. Үүнийгээ хүлээн зөвшөөр.
Эсвэл биднийг өндөр ханшаар доллар худалдаж аваад өөрсдөө зохицуул гэж байгаа юм уу. Хэзээ, ямар хүний тушаалаар банкууд валютын хязгаарлалт хийсэн нь ч тодорхой бус. Ямар ч тайлбаргүйгээр лимит тогтоочхоод байгаад байна.