- Нэг хувийн бензиний өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнэ дээр 0.15 хувиар ирдэг -
/2022.04.01/ Өнгөрсөн оны сүүлчээр өргөн хэрэглээний АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх шийдвэр гарсан. Уг шатахуун литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Төр шатахууны үнэ тогтоон барихгүй, оролцохгүй харин импортлогч нар жижиглэнгийн үнийг сүүлчийн зургаан сарын дундаж үнээр тооцон тогтоож байхаар болсон юм. Энэ нь литр тутамд 100 төгрөгөөс хэтрэхгүй буюу огцом савалгаа үүсгэхгүй гэсэн үг.
Ингэснээр шатахууны үнийг зах зээлийн горимд цаашид шилжүүлэн үе шаттайгаар чөлөөлөх, ингэхдээ иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, зах зээлийн ханштай уялдуулан өсгөж бууруулахаар болсон билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар үнэ чөлөөлөхтэй холбоотой асуудал яригдах гэж байгаа гэсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалан газрын тосны үнэ огцом өссөн. Иймд газрын тосны үнэ өсөх прогноз харагдаад байна.
Дэлхий дээр нийтдээ 100 сая баррелийг өдөрт олборлодгоос дөрвөн хувь буюу дөрвөн сая баррелийг нь ОХУ олборлодог. Харин өнөөгийн тогтворгүй байдлын улмаас ОХУ хоёр сая л баррелийг олборлож байгаа. Тэгэхээр 98 сая баррелийг дэлхий олборлож байна гэсэн үг. Энэ нь урт хугацаандаа газрын тосны үнийг өсгөдөг юм байна. Нэг сая баррелийн дутагдалд орвол үнэ нь 30-40 доллараар өсдөг. Одоогийн байдлаар нэг баррелийн үнэ 110 доллар байна. Үүнийг макро эдийн засгийн эрэлт нийлүүлэлтээрээ нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож болно.
Нөгөөтэйгүүр БНХАУ нийтээрээ хөл хорионд байна. Шанхайн хүн амын бараг тал нь хөл хорионд байгаагаас шалтгаалан БНХАУ ойролцоогоор 675 мянган баррель газрын тос ашиглахгүй байгаа. 675 мянган баррель гэдэг чинь Венесуэл улсын өдрийнх нь нийт экспорт гэсэн үг. Хэрэв БНХАУ хөл хориогоо цуцлаад эдийн засаг нь идэвхижих юм бол газрын тосны эрэлт нь ихэснэ. Иймд ойрын хугацаанд юмны үнэ өсөх таамаг гарч байгаа тул бид маш сайн бодох ёстой.
Монголын эдийн засаг руу өнгийж харвал бензиний үнэ өсөөд байгаа нь дэлхийн эдийн засгийн зах зээлтэй яалт ч үгүй холбоотой.
Бензиний үнэ өсч байна гэдэг чинь өөрөө өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг авчирдаг. Тодруулбал, нэг хувийн бензиний өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнэ дээр 0.15 хувиар ирдэг. Засгийн газраас бензиний үнийг тодорхой хэмжээгээр барина гэвэл зөв. Учир нь төсвөөсөө хамааралгүйгээр нийт эдийн засгийнхаа үнийн өсөлтийг хамгаалж байна. Ард иргэдийнхээ бодит орлогыг хамгаалж байгаа шийдвэр гэж ойлгож болно.
-Төсөвт дарамт ирэхгүй юү?
-Төсөвт тодорхой хэмжээний дарамт ирэх нь ойлгомжтой. Төсвийн дарамтаас илүү ард иргэдийн бодит орлого илүү чухал.