Ардчилсан намын дэд дарга, АН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарьтай ярьлаа.
-Х.Баттулга гэж хүн хөдөө орон нутгаар “АН-ын даргын сунгаа” гээд яваад байгаа. АН-ын дэд даргын хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж байна?
-Ардчилсан намаас албан ёсоор сунгаа зарлаагүй. Энийг албан ёсоор хэлье. Хууль ёсны АН гэдэг бол төрийн сонгуульд оролцдог нам байх ёстой. Өнгөрсөн бүх сонгуульд АН-аас хууль ёсны бүртгэл тамгатай, С.Эрдэнэ даргатай намаас л оролцсон шүү дээ.
Манай намд байсан хэсэг хүн өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлээд, АН-ын туг тэмдэг, далбааг ашиглаж “Сунгаа зарлаж байна” гээд хоёр хүн өрсөлдүүлээд байгаа. Энэ хүмүүс ямар зорилготой яваад байгааг бид мэдэхгүй.
Өнгөрсөн түүхүүдийг харвал Х.Баттулга АН-аас 2017 онд нэр дэвшиж гарсан боловч, улстөрийн түүх нь Эрэл-ийн намаас үүдэлтэй. 2016 оны хавьцаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийнхээ өмнө бас л шинэ нам байгуулаад л, хүмүүсийг урвуулаад л, АН-ыг задлах үйл явцыг хийсээр ирсэн хүн.
Манай нам хүний эрх, хувийн өмч, чөлөөт эдийн засаг, үндэсний эрх чөлөөг дээдэлж, шударга ёс, хуулийн засаглалыг бий болгоно гэсэн үндсэн зарчимтай. Гэтэл Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа АН-ын үзэл баримтлал, зарчмын огт эсрэг ажиллаж байсан. 2021 онд ажлаа өгснийх нь дараа АН энэ хүнтэй хариуцлага тооцох ёстой байсан.
-Гэхдээ чадаагүй?
-Тухайн үедээ чадаагүй. Гэхдээ оройтоогүй байна. Энэ хүн төрийн хамгаалалтад одоо хүртэл байгаа. Ажлаа өгөөд удаагүй байна шүү дээ. Тиймээс АН дараа дараагийнхаа Их хурлаар энэ хүнтэй улстөрийн хариуцлага тооцох ёстой.
-АН Их хурлаа бас зарлаж чадахгүй байгаа?
-XI Их хурлаараа буюу тухайн хүнийг Ерөнхийлөгчийн албаа хашиж байх үед нь АН-аас албан ёсны мэдэгдэл гаргаж байсан. Энэ мэдэгдэлд “Монгол Улсад 30 жилийн ардчиллын дараа Х.Баттулга гэдэг хүн үзэл санааны хоригдлуудыг бий болгожээ” гэж дурьдаж байлаа. Ардчилсан намынхаа гайгүй гэсэн бүх лидерүүдийг ямар нэгэн хэрэгт татаж, бүгдийг нь шоронд хийсэн.
Энэ хүнд АН-аар овоглох хууль ёсны, үзэл санааны, ёс зүйн ямар ч эрх байхгүй. Тэгэхээр энэ хүн АН-ын сунгаанд яваагүй. Харин АН-ын хүн гэж энэ хүнийг андуурсан, мэдэхгүй байгаа хүмүүсийг төөрөлдүүлж, тэдгээрийг салган авч явах оролдлого л хийж байгаа гэж ойлгож болно.
-АН-ын эмэгтэйчүүд бусад намын эмэгтэйчүүдийг бодвол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусад намынхнаас тэс өөр хүмүүс байдаг. АН-ын хагарлыг харахаар дандаа “эрчүүдийн зодоон” л харагдаад байна. АН-ын эмэгтэйчүүд хаачив аа? Энэ хагарлыг юу гэж харж, ямар үзэл бодол илэрхийлж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд АН-ыг эвлэрүүлэх үйлдэл бүрийн ард эмэгтэйчүүд дандаа манлайлан оролцож байсан. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн эвлэрүүлэх үйл ажиллагааны ард явж байгаа. Миний зүгээс мөн С.Одонтуяа гишүүн ч энэ үйл ажиллагаанд оролцож байна. Нэгэнт дайн ил явагдаж байхад эмэгтэйчүүд оролцоод явбал хуваагдалд илүү их гал дүрэлзэнэ, тиймээс ард нь явъя гэсэн бодлоготой байна. АН-ын түүхэнд 18 удаа эвлэрэл болсон байдаг. Сайнаар ярьвал үргэлж эвлэлдэн нэгдэхийн төлөө тэмцэж ирсэн тэмцлийн түүх юм. Энэ түүхийн явцад олон удаагийн үзэл санаа таарах таарахгүй, маргах маргахгүй байсан ч эцэстээ зөвшилцөлд хүрч чаддаг, эвлэлдэн нэгдээд зөв зорилготоо нэгдэж чаддаг байсан. Энэ удаагийнх бол маш өөр байна. Гадны хүчин зүйл орж ирсэн байна.
-Гадны хүчин зүйл орсон гэдгээрээ өөр байна гэж үү?
-Тийм байна. Тийм учир эвлэлдэн нэгдэх оролдлого бүр бүтэлгүйтэж, тэр бүрт нэг үл ойлгогдох хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм. Гэхдээ жил гаруй болсны эцэст хардаад байсан хүн нь өөрөө ил гарчихлаа. Энэ бол сайн үр дүн юм даа. Өмнөө сайхан залуу тавьчихаад, “Ард чинь энэ хүн байгаа юм биш үү” гэхээр “Байхгүй” гээд байхаар их төвөгтэй байсан. Одоо бол онош нь тодорлоо. Энэ тохиолдолд ярилцахад маш өөр болно. Эзэн нь ил болсон тохиолдолд улстөрийн үйл ажиллагаанд нь анализ хийх, юунд зорьж байна, ямар санхүүжилттэй байна вэ гэдэг нь хүртэл ойлгомжтой. Сэтгүүл зүй дээр ч гэсэн “Мөнгөний мөрийг хөө” гэдэг үг байдаг шүү дээ. Мөнгөний мөрийг нь хөөгөөд явахад энэ бүхэн илрэх боломжтой боллоо.
-АН-ын хөл хэр байгаа вэ? Энэ хагарлын аль талд байгаа бол? Танай намын аппарат хэр чадалтай байна. 2024 онд та бүхэн “том дуугарч” гарч ирэх боломж байна уу?
-АН-ын хувьд 1990 онд анх бий болсон цагаасаа эхлээд өнөөдрийн хүртэлх хугацааг бодвол институц болж төлөвших цаг хугацааг туулаагүй. 2000 онд 5 том намууд нэгдсэн цаг үеэс тоолвол бүр ч бага хугацаа тоологдоно. Ер нь институц болох хүртлээ намд хамгийн багадаа 100 жил шаардлагатай байдаг. Тэгэхээр АН-ыг тогтоодог гол цавуу нь ардчиллыг хүсэж байгаа хүмүүсийн үзэл бодол, тэмүүлэл юм. Энэ үзэл бодол, тэмүүлэл дээр АН ялдаг. Түүнээс аппаранд, сүлжээн дээр ялдаггүй. Тиймээс аппарат, хөл чухал биш. Бид огт хөлгүй байхдаа ч сонгуульд ялж байсан. Өнөөдрийн тогтолцоо нь өөрөө заавал МАН шиг аппараттай, хөлтэй байх систем рүү биднийг хүчээр оруулаад байгаа. Хүссэн хүсээгүй түүнийг нь хийж байгаа. Энэ нь төр шиг том тогтолцоо учир төр шиг их мөнгө шаарддаг. Энэ том бүтэц чинь өөрөө эргээд намдаа гай болдог байхгүй юу. Эргээд ажил гуйна, тендэр гуйна, мөнгө гуйна. Тиймээс бага сага алдаа гаргасан. Ерөнхийдөө үзэл санаанаас тэтгэлэг авдаг, үзэл санаан дээр босдог тийм систем рүү орох ёстой. Энэ улстөрийн тогтолцоо бол холимог тогтолцоо л юм. Одоогийн мөнгөний сүлжээ бол ардчилсан нийгмийн дайсан болно.
-Үзэл санаандаа үнэнч байгаагийн илрэл юм уу, танай нам л Украинд өдүүлсэн Оросын дайныг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж байна. Украины эмэгтэйчүүд, хүүхдүүдийг орогнуулъя гэсэн саналыг ч дэвшүүлж байх шиг.
-Хамгийн сүүлд Засгийн газарт “Хүмүүнлэгийн тусламжийг Украин улс руу илгээе” гэсэн шаардлагыг хүргүүллээ.
-Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг шиг боллоо гэж шүүмжлээд байна шүү дээ?
-НҮБ-т гишүүнээр элсэнэ гэдэг аливаа улс орны хувьд маш том үйл явдал.
Украин улс НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улс. Яг манай Монгол Улстай ижил. Яг ижилхэн НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсад том гүрэн халдан довтолж байна гэдэг тэр аюул бидэнд ирнэ л гэсэн үг. Үүнийг л эсэргүүцэж байгаа юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрвөл, бидэн рүү том гүрэн халдахыг хүлээн зөвшөөрч байна гэсэнтэй адил.
Оросын нэг мужид ийм явдал тохиосон бол энэ нь тухайн улсын асуудал. Гэтэл ардчиллаа зарлаж, Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон НҮБ-ын гишүүн улс орон руу өөр улс дайрч орно гэдэг байж болшгүй асуудал. Манай улс Үндсэн хууль, дэлхийн олон дүрэм, үзэл баримтлал бүх бодлогоороо энх тайвныг сахина, энхийг сахиулна гэж, НҮБ-ын олон улсын хэм хэмжээг хүлээн зөвшөөрнө гээд заачихсан. Дайн, атомын бөмбөг, цаазын эсрэг бүх конвенцид манай улс нэгдэн орсон. Энэ бүхэнд ямар ч дайн, хүчирхийллийг эсэргүүцнэ гээд заачихсан байгаа. Гэтэл яагаад Засгийн газар манай улс дайныг эсэргүүцэх, ардчилсан хүмүүнлэг улс гэдгээ зарлахгүй байна вэ?
-Мөнхийн хөрштэйгээ муудалцаж, ядахдаа л шатахуунгүй болчих вий л гэсэн санаа байх л даа.
-Энэ хөршийн асуудал огт биш. Дайръя гэвэл хөрш биш улсаас ч дайрна. Гол нь яг ижилхэн статустай НҮБ-ын гишүүн орнууд нэгэндээ хүч хэрэглэж болохгүй. Энэ зарчмыг л алдаж болохгүй.
-Орос-Украины асуудал, тахлын дараа хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байна гэх мэтчилэн таагүй үе хавартай давхцаж ирлээ. Танай намынханд хаврын улстөрийн тогтворгүй байдал үүсэх вий гэдэг болгоомжлол байгаа юу?
-Сунгаа гээд яваад байгаа хүмүүсийн зорьж байгаа зүйл нь наадх чинь. Яагаад гэвэл энэ хүмүүст хууль эрхзүйн ямар ч боломж байхгүй. Энэ хүмүүс хаврын улстөр хийж бужигнуулах ганц л зорилготой. АН өнгөрсөн бүх хугацаанд зөрчилдсөн ч гэсэн энэ удаад болохгүй байна гэж түрүүн дурьдсан даа. Энэ дээр яах аргагүй гадны нөлөө байгаа.
Хуучин ЗХУ гэж байсан их гүрэн байснаа санагалзаж, үүнийгээ буцаан байгуулах гэсэн дарангуйлагч "хойно байна". Энэ хүн гэв гэнэт нэг өглөө л дайрсан юм биш шүү дээ. Маш удаан хугацаанд бодож төлөвлөж байж хийсэн зүйл. Энэ төлөвлөлтдөө Монголыг ч багтаасан байж. Энд маш олон өөрсдийгөө дэмжигчдийг дэмжсэн байна.
Бид АН-ын гишүүн, ардчилсан улсын иргэний хувьд чөлөөтэй л хэлье гэж бодож байна. Манай улсад маш их бэлтгэл хийж байжээ, хүмүүсийг бэлтгэж байсан юм байна, Оросыг дэмжигчдийн тролл армийг бэлтгэсэн юм байна. Яагаад Монголыг түшиц газраа болгож бэлтгэсэн юм бэ, яагаад АН-ыг онилсон юм бэ гэж асуудал үүснэ. Монгол Улс ардчилсан улс болонгуутаа гуравдагч хөршийн бодлогыг тунхагласан. Барууны орнуудаас Орос руу хоригууд ирэх юм байна гэдэг нь нэлээд хэдэн жилийн өмнө тодорхой болсон. Барууны орнуудын хэлхээ холбоог ойртуулахгүйн тулд Монголд байх хамгийн том түшиц газар нь АН. АН-аар бодлогоор дамжиж л гуравдагч хөршин хамтын ажиллагаа орж ирнэ. Чөлөөт зах зээл, ардчиллыг дэмжигч нь манай нам. Тэгэхээр АН-ыг хүчгүй байлгаж, задлах нь Оросын хувьд ашигтай байжээ гэж дүгнэж болох нь.
-Энэ таны хувийн байр суурь уу эсвэл танай намынх уу?
-Цэвэр хувийн байр суурь шүү. Украин шиг жижиг улс руу цэрэг зэвсгийн хүчээрээ хэд дахин илүү Орос улс дайрч орсон атлаа нэг сар гаруй болсон ч өнөөдрийг хүртэл эзэлж авч чадаагүй байна. Яагаад? Буруу тооцсон байхгүй юу.
Улс орноо гэсэн хүний дотор байгаа үзэл санааг ялж чадахгүй. Эрх чөлөөний төлөөх хүний үзэл санааг ялж чадахгүй. Украины иргэдийн 30 жил болчихсон эрх чөлөөг үгүй хийнэ, Зеленськийг хөөж явуулна, СССР-ыг санагалзсан ард түмэн нь цэцэг бариад угтана... Энэ бүх төсөөлөл, тооцоо нь бүхэлдээ буруу байсныг л харуулж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдээ гадагш нь дүрвүүлж, хамаг хотоо бөмбөгдүүлчихээд үзэлцсээр л байна. Энэ бол үзэл санааны эрх чөлөөний төлөөх тэр хүмүүсийн хүч юм.
Монголын ардчилал яг л ийм сүнстэй. Тийм ч учир АН-ыг хагалах гэж оролдсон энэ оролдлого бүтэхгүй. Харин ч энэ бүхэн одоо ил болж байгаа учир бид асуудлаа ойрын хугацаанд шийднэ гэж бодож байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.