Эргэлтийн жил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эргэлтийн жил

Энэ оны сүүлээр уул уурхайн салбар 100 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч байжээ. Энэ тооллоос хойш тооцон уул уурхайн салбарын 100 жилийг тэмдэглэх гэж байна.

Энэхүү 100 жилийн сүүлийн 30 жил онцгой. Энэ нь юун түрүүн Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор төрийн өмчийг хувьчилж, хувийн хэвшлийн компаниуд үүсэн бойжсон явдал. Хоёрдугаарт, өндөр зардал шаарддаг салбарын хувьд дотоодын хангалттай хуримтлалгүй байсан Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтаар тэтгэгдэхээс өөр аргагүй байсан учраас гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн орчныг бүрдүүлж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь чухамхүү уул уурхайн салбарт орсон.

Өмч хувьчлалын хүрээнд уул уурхайн салбарын төрийн өмчлөлд байсан геологийн экспедицүүд, гянтболд, цагаан тугалганы зэрэг цөөн хэдэн жижиг уурхайг хувьчилж, харин алтны уурхайг оруулаагүй тухай Н.Алгаа “Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу” номондоо бичсэн. ЗХУ задарснаар тус улсаас бүрэн хамааралтай байсан Монголын эдийн засаг хямарч, инфляц 325% хүрч, картын бараанд шилжсэн үед эдийн засгаа яаралтай татан босгох шаардлага тулгарсан. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авсаны нэг нь “Алт” хөтөлбөр байсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд алтны уурхайнуудыг төрөөс дэмжин, улсын валютын орлогыг бүрдүүлэхэд онцгой дэм үзүүлсэн. “Алт” хөтөлбөрийн дараахан 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ батлан гаргасан уул уурхайн салбарын шинэ үеийн хөгжлийн суурийг тавьсан. “Алт” хөтөлбөр хэрэгжихээс өмнө Монгол улс шороон ордоос жилдээ 500 кг хүрэхгүй алт олборлож байсан бол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жил буюу 1992 онд 775 кг, 1997 онд 8.7 тонн, 2000 онд 11.4 тонн хүртэл олборлох болжээ.

Эдүгээ уул уурхайн салбар нь ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг /2020 оны дүнгээр/ бүрдүүлж байна. Зах зээдийн эдийн засагт шилжих үед ч уул уурхайн салбар нь Монголын экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байсан дүр зураг өнөө ч хэвээр.

Энэ 2022 он уул уурхайн салбарын хувьд түүхэн 100 жилийн ойгоос гадна хөгжлийн дараагийн шатанд шилжих эргэлтийн жил болно. Эргэлтийн цэгийн суурь нь энэ салбарт хийгдэх эрх зүйн шинэчлэл байх юм. Эдгээр нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль гэсэн дөрвөн хууль юм. Ашигт малтмалын тухай хуулиас бусад нь анхдагч хуулиуд. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд энэ дөрвөн хуулийг энэ ондоо батлуулан уул уурхайн салбарыг “олборлолтоос боловсруулалтад шилжих” нөхцөлийг хангаж өгөх чин хүсэлтэй байгааг сайд Г.Ёндон хэлсэн.

Хуулийн төслүүдийн ихэнх нь боловсруулалтын шатанд байна. Нэгдүгээр сарын 18-ны өдөр өндөрлөсөн УИХ-ын намрын чуулганы сүүлийн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ингэснээр ирэх дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн батлагдах болзлоо хангасан гэсэн үг. Энэхүү хууль нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх зорилготой. Хууль батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой гэж сайд танилцуулсан юм.

Ирэх дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулиуд багтсан байгаа нь ихээхэн найдлага төрүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж, хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам баталгаажуулах, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайх, ашиглах, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг олон талыг хамарсан эрх зүйн зохицуулалтууд хуулийн төсөлд

Хуульд тусгагдаж байгаа өөрчлөлтүүд

Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх:

- Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв, орон нутагт эрдэс баялгийн нэгж байгуулах,

Ашигт малтмалыг хөрөнгө талаас нь үнэлэх:

- Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгож, бодитой хийх асуудал чухлаар тавигдаж байна. Ашигт малтмалын ордын үнэлгээ үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд уул уурхайн компаниуд гадаад, дотоодын бирж дээр гарахад энэ үнэлгээ маш чухал. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татвар авдаг. Татвар авахад хөрөнгийн үнэлгээ мөн чухал ач холбогдолтой байгаа юм. Энэ харилцааг одоо болтол тусгайлан зохицуулаагүй бөгөөд Татварын ерөнхий газрын гаргасан Үнэлгээний журмын дагуу үнэлж байна,

Эрх, үүргийн зохицуулалтыг нарийвчлан тодруулах:

- Салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа байгууллагуудын эрх үүргүүдийн хуваарилалтыг эргэн харах шаардлагатай гэж үзэж байна. Ямар үүргийг төрд, ямрыг нь хувийн хэвшлүүдэд өгөх вэ гэдэг асуудал тавигдаж байна,

Уурхайн хаалт, хаалтын баталгааны сан:

-Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт. Ашигт малтмалыг геологийн судалгаанаас нь эхлээд хаалт хүртэл бүх процессийг хамарсан зохицуулалтыг оруулж байна. Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг ойлголт Монголд байдаг. Гэтэл олон улсын жишгээр нь аваад үзвэл орд гэдэг ойлголт байдаггүй, харин стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэсэн ойлголт бий. Зах зээлд ямар бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна, тэдгээр бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийг хайх, олборлох, боловсруулахад тавигдах шаардлага нь ямар байх гэдэг нь гол асуудал болж байна. Хааж чадахгүй бол нээхгүй байх гэсэн шаардлагыг тавих юм. Энэ цоо шинэ концепц нь Монголын уул уурхайн компаниудыг хөгжлийн шинэ түвшинд гаргах нөхцөлийг тулгана.

Эмэгтэй гадаад хэргийн сайд нар хамтран ажиллана
Эмэгтэй гадаад хэргийн сайд нар хамтран ажиллана
 
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.