Манай улсад сүүлийн жилүүдэд цус ойртолтын хувь хэмжээ ихсэж байгаа талаар зарим судлаачид хэлж байна. Монголчууд 4 дэх үеэс дээших хамаатан саднаа мэдэхгүй, ургийн бичиг хөтөлдөггүйн улмаас цусан төрлийн хүнтэйгээ гэрлэх улмаар оюуны хомсдолтой хүүхэд төрүүлэх явдал гарч байгаа талаар судалгаанд дурьджээ. Энэ сэдвийн хүрээнд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.
-Оюуны хомсдол ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?
-Оюуны хомсдол нь удамшлын болон гадаад гэсэн үндсэн хоёр шалтгаанаар үүсдэг. Гадаад шалтгаан гэхээр гэмтэл, хордлого, халдвар, хүчилтөрөгчийн дутагдал, витамины дутагдал гэх мэт бие махбодын эмгэгээс үүдэлтэй.
Харин удамшлын шалтгаан нь хромосомын эмгэг, бэлгийн хромосомын эмгэг, бодисын солилцооны удамшин дамждаг ферментийн эмгэг гэх мэт олон хүчин зүйлээс үүсдэг. Өөрөөр хэлбэл энэ нь цусан төрлийн хүмүүс дундаасаа хүүхэдтэй болсноос үүдэж үүсдэг эмгэг юм.
-УИХ-ын намрын чуулганы үеэр Э.Энхмаа доктор “Монгол Улсад цус ойртолтгүй аймаг байхгүй байна” гэж байсан. Тэгэхээр манайд өнөөдөр цус ойртолтын нөхцөл байдал нэлээд тулгамдсан асуудлын нэг болсон гэсэн үг үү?
-Хувьсгал ялсны дараагаар 1920-иод оноос монголчуудыг хойш ургийн бичиг хөтлөхийг хориглосон.
1986 онд хийсэн судалгаагаар манай улсад оюуны хомсдол эмгэгийн тархалт 1000 хүн амын дунд 8.4 байсан бол 1996 онд 9.9 болтлоо өссөн байсан. Үүнээс хойш 1999 онд зөвхөн Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 13.2 гэж тогтоогдсон.
Харин доктор Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын 2010-2012 онд хийсэн “Монголын хүн ам дахь оюуны хомсдол эмгэгийн тархалт, цус ойртолтын хамаарал” судалгаанд “Монголын хүн амын дундах нийт цус ойртолтын коэффициентын дундаж 0.0651 байгаа бөгөөд энэ нь монголчууд 4 дэх үедээ буюу хуланцын түвшиндээ цусан төрлийн холбоотой үр удмууд хоорондоо гэрлэдэг үзэгдэл түгээмэл байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан. Гэхдээ дээрх судалгаанд ямар нэгэн удам зүйг судлах удмын зураг лабораторийн шинжилгээнүүдийг ашиглаагүй дүгнэсэн байгаа нь бага зэрэг Монгол хүний язгуур эрх ашгийг хөндсөн, хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөхүйц дүгнэлтэд хүрсэн гэж үзэж байна.
-Хэрхэн оношлодог вэ?
-Манай улсад оюуны хомсдол эмгэгийн удам зүйн оношилгоог АШУҮИС-ийн удам зүйн тэнхим болон ЭХЭМҮТ-ийг түшиглэсэн удам зүйн лабораториудад хийдэг. Эдгээр лабораторид удмын зураг зурах, алганы хээ авах гэх мэт энгийн аргаас эхлээд олон улсад түгээмэл хэрэглэдэг шинжилгээний аргуудыг ашиглаж үндэсний хэмжээнд удамшлын болон төрөлхийн өвчний цогц оношилгоо, үйлчилгээг үзүүлж байна.
Харин оюуны хомсдол эмгэгийн удмын шалтгааныг илрүүлэх оношлох аргачлал сэтгэцийн эрүүл мэндийн салбарт төдийлөн хүртээмжтэй хийгдэж чадахгүй байна. Манайд ОУ-д түгээмэл хэрэглэдэг лаборатори шинжилгээний аргуудыг ашиглаж байгаа хэдий ч цус ойртолтын удам зүйн гол мэдээллийг илрүүлдэг молекул болон биохими генетикийн шинжилгээг анхан шатанд л хийж байгаа. Өөрөөр хэлбэл удам зүйн мэдээллийн нарийвчилсан үзүүлэлтүүдийг гаргаж чадахгүй байна гэсэн үг юм.
Тиймээс манай улсад оюуны хомсдол эмгэгийн удам зүйг тогтоох, удам зүйн шинжилгээний хүчин чадал, чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Манайд хэдэн жил тутамд цус ойртолтын тархалтын судалгаа хийдэг вэ?
-Аливаа өвчний тархалтын судалгааг дэлхий нийтэд тухайн өвчний онцлогоос хамаарч 5-10 жил тутамд хийж байхыг зөвлөдөг. Харин манай улсын хувьд өргөн далайцтайгаар олныг хамруулсан оюуны хомсдол эмгэгийн тархалтыг тогтоох судалгааг 1995 оноос хойш буюу сүүлийн 25 жилд хийгээгүй байна.
-Тэгэхээр энэ төрлийн судалгааг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь бол оюуны хомсдол эмгэгийн тархалтын судалгааг 10 жил тутамд зайлшгүй хийж, тархалтыг хянаж байх шаардлагатай. Учир нь НДЕГ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комисс /ЭХМТК/-ийн статистик мэдээллээр сүүлийн 5 жил оюуны хомсдол эмгэгийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалттай хүний тоо хот, хөдөө орон нутагт буурахгүй, тогтвортой хадгалагдаж байна. Оюуны хомсдол нь хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг эмгэгүүдийг жил бүр тэргүүлсээр байна.
Тиймээс 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд аль болох их хүн хамруулж өргөн цар хүрээтэй хийх шаардлага зайлшгүй тулгарч байна. Тиймээс судалгааны мэргэжлийн баг томилж энэхүү ажлыг эхлүүлэх хэрэгтэй.
-Энэ ажилд хэдий хэр хэмжээний хугацаа болон төсөв мөнгө зарцуулагдах вэ?
-Энэ төрлийн судалгааг хийхэд мэдээж хэцүү. Тиймээс аль тохиромжтой аргаар дээрх судалгааг хийж болно. Тухайлбал, түүврийн аргыг ашиглаж болно.
Төсөв санхүүгийн хувьд мэдээж өргөн далайцтай судалгаа хийх учир дор хаяж 100 сая төгрөг зарцуулагдана.
-Цус ойртолтоос сэргийлэх боломжтой хамгийн энгийн арга хэмжээ юу байж болох вэ?
-ЕБС-ийн сурагчдад Иргэний боловсрол, Эрүүл мэндийн хичээл ордог шүү дээ. Энэ хүрээнд тэдний бие даах ажлын хүрээнд угийн бичиг хөтлөх хичээлийг орж болно. Цаашид хичээл болгон заахыг хуульчилж, хэрэгжилтийг хянах тогтолцоох бий болгох хэрэгтэй.
Үүнээс гадна айл өрх, иргэн бүр угийн бичиг хөтлөхийг хуульчлах хэрэгтэй юм. Энэ бол цус ойртолтоос сэргийлэх хамгийн энгийн арга юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.