Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

/2022.01.18/ Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн өргөн барьсан юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хэлэлцүүлгээ эхлүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

- Би Ерөнхий сайд байхдаа дуусаагүй барилгуудад үл хөдлөхийн гэрчилгээ өгдөг асуудлыг хүчилж хийлгэсэн. Нэг талаас иргэд хохирмооргүй байна. Нөгөө талаас заавал байшин боссоны дараа үл хөдлөхийн гэрчилгээ авна гэдэг нь бизнест их хохиролтой. Газар дээр барьсан байшин дээр газрынхаа эзний нэртэй таардаггүй бөөн хүнд суртал болох нь их байдаг. Зайсан хавийн газрыг Байгаль орчны сайд нар зарж идээд л дууссан шт. Төрийн өмчийн байгууллагууд биеийн тамирын талбай шиг жаахан талбайг зарчихдаг гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Хүрэлбаатар:

- Эдийн засгийн байнгын хороон дээр ч гэсэн дэмжиж байна.

1. Иргэн насаараа мөнгө цуглуулаад, зээл аваад орон сууцтай болчихсон байхад түүний өмчлөх эрхийг өөрт нь олгох хуулийн төсөл гэж харж байна.

2. Төрийн мэдлийн байгууллагуудын харьяа газар байдаг. Яг үнэндээ бол төрийн юм эзэнгүй байдаг, хэн ч хойноос нь явдаггүй гэх хандлага хавтгай байдаг. Төрийн гэх тодотголтой газрыг гаргах процедурыг илүү хариуцлагатай болгосон байна гэж харсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Төрийн мэдлийн газрыг төрийн байгууллагууд зараад, мафи, авлига болсны жишээ нь Богд уул. Зайсангийн хорих /Хууль зүйн яамны харьяа/ гэж байсан. Энэ дээр өмнөх сайд нь орон сууц бариад зараад явж байна. Бүх төрийн байгууллагын газар дээр барилга барьчихсан. Нямдорж гуай хууль зүйн сайд биш барилгын сайд байсан хүн шүү дээ. Ерөнхий сайд хүртэл Нямдорж гуайг "Барилга их сайн барьдаг туршлагатай" гэж хэлж байсан удаатай.

- 2002 онд газрын хууль гараад, газар эзэмших хугацааг 15-60 жил гэж заасан. Ер нь дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар эзэмших хугацааг ихэнхдээ 15 жилээр зааж өгсөн байдаг. Жишээ нь: 2002 онд 15 жилийн хугацаагаар авсан газрын хугацаа 2017 онд дууссан гэсэн үг. Нэг Засаг дарга гарч ирээд, орон сууц барьчихсан газрыг авъя гэвэл асуудал үүснэ гэсэн үг.

- 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахад өмчийн харилцаанд өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн ойлголтыг ашиглах болсон. Газар эзэмших гэдэг нь газар "ашиглахыг", газар ашиглах гэдэг нь газар эзэмшихийг хэлнэ гээд оруулсан байгаа юм.

Өмчийн эрхийн талаасаа өмчлөх эрх, өмчийн эрх гэсэн хоёр тусдаа ойлголт байдаг. Өмчлөх эрх нь туйлын эрхийн утгаар авч үздэг. Өмчийн эзэн нь захиран зарцуулах туйлын хязгааргүй эрхтэй гэсэн үг.

Өмчийн эрх нь эрхүүдийн нэгдэл гэж үздэг. Худалдах, түрээслэх, бэлэглэх, өв залгамжлуулах эрхийн нэгдэл юм. Манай үндсэн хуульд орсон эзэмших эрх нь аль эрх вэ?

Суурь өмчийн онолдоо бусад улс оронд байдаггүй эрхийг оруулаад өгчихсөн юм байна лээ. Тухайн үед эзэмшил гэдэг үг хаанаас гарсан бэ гэхээр, эх орныхоо газар шороог хэзээ ч гадны хүнд эзэмшүүлэхгүй шүү. Газрыг зөвхөн Монгол иргэн эзэмших хэрэгтэй шүү гэх үзэл санааг нутагшуулсан юм байна лээ.

Энэ хуулиар Монгол Улсын газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх эрсдэл гэж байна гэж УИХ-ын гишүүд хөндлөө. Цаашид ажлын хэсэг гаргаж санал дүгнэлт гаргах, ҮАБЗ-д хандаж шалгуулах хүсэлтэй байна. Монгол Улсын парламент ард иргэдийнхээ газрыг гадаадын иргэдэд өгөх гэж байгаа хуулийн төслийг хэлэлцээд суухыг хүсэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

- Дутуу барилгыг барьцаанд тавьдаг асуудлыг болиулж болохгүй. Дутуу барилга байтугай төлөвлөлтөд хүртэл зээл олгодог юм билээ. Энэ заалтыг засах нь зөв. Монголд газар, барилга хоёр салж явчхаад байгаа юм. Үүнийг нэгтгэж байгаа нь зөв тул хуулийн төслийг дэмжиж байна.

МАН-ын бүлэг тухайн хуулийн төслийн асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

- Өнөөдрийн байдлаар 3960 гаруй гадаадын иргэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Дагаад нийтийн эдэлбэрийн газар эзэмших боломжтой байгаад байна. Эдгээрийг засаж янзлахгүй бол туйлын харамсалтай байна. Энэ хуулийг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

- Хуулийн санаа нь зөв. Нийгэмд ямар үр дагавартайг сайтар судлах хэрэгтэй. Газар өмчлөгч, сууц өмчлөгч хоорондын маргааныг өдөөх вий гэх болгоомжлол байна.

ЭМЯ: КОВИД-19 Омикрон хувилбарын онцлог
ЭМЯ: КОВИД-19 Омикрон хувилбарын онцлог
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.