УНТЭ, Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг зөвлөж байна.
Манай улсад ковидын дөрөв дэх давалгаа болж байна. Омикрон хувилбар нь халдварлах чадвар маш өндөр.
Эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн гэх боловч манай иргэдийн хувьд өвдөх зовуурь их байна гэдэг шинж тэмдэг өгүүлж байна.
Коронавирусийн бусад хувилбаруудын нууц хугацаа нь дунджаар долоо хоног байсан. Харин омикрон хувилбарынх 3-5 хоног байна.
Вакцины тунгаас хамаарч омикроны халдвар тусах эсэх магадлал нь дараах байдалтай байна. Үүнд:
- Вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд өвдөх магадлал 100 хувь,
- Вакцины хоёр тунтай бол 75 хувь,
- Вакцины гурван тунтай бол 35 хувь
Дельта хувилбарын өвдөх хугацаа 10 хоног үргэлжилдэг бол омикрон хувилбарынх 5 хоног.
Бага насны хүүхдүүдэд ларингитийн шинж тэмдэг илэрч байна. Өндөр настай эрсдэлтэй бүлэг, архаг суурь өвчтэй хүмүүс шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах нь зүйтэй.
Эерэг гарлаа гэхэд архаг суурь өвчингүй бол гэртээ тусгаарлагдаж, халуун шингэн уух, шөлтэй хоол идэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхаарна. Агаар солилцоо сайн хийж, маск зүүнэ. Ил задгай ханиахыг хатуу цээрлэх хэрэгтэй.
Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс айж сандралгүйгээр өөрсдийгөө эхлээд сайн хянах хэрэгтэй. Архаг суурь өвчтэй хүмүүс архаг суурь өвчин нь сэдэрч байна уу, цээжээр өвдөж байна уу, гүнзгий амьсгал авч чадахгүй байна уу, шээсний гарц багасаж байна уу гэх зэрэг шинж тэмдгийг анхаарна. Хэрэв эдгээр шинж тэмдэг илрэхгүй бол ханиадтай адил аажимдаа эдгэж байна.
Коронавирус хэдий эдгэрсэн ч аюултай шинж тэмдэг илэрвэл мөн эмнэлэгийн байгууллагуудад хандана.
Антибиотик эмчилгээнд орох шаардлагатай гэдгийг эмч зөвлөөгүй бол антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь вирусийн халдварт антибиотик нөлөөлөхгүй.