Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зах зээлийн чиг хандлага, боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.
–Олон жил яригдсан Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг УУХҮЯ урагшлуулж эхэллээ. Дахин саатах эрсдэл байгаа юу, жишээ нь түүхий эдийн дундын зуучлагчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа байх. Үүнээс ярилцлагаа эхэлье?
-Эрдэс баялгийн биржийн эрх зүйн орчинтой болох ажил өмнөх жилүүдэд үр дүнгүй болж, удааширч байсан нь улс төрийн шийдвэр гардаггүй байсантай холбоотой. Харин одоо бол биржийн эрх зүйн орчныг бий болгох, бирж байгуулах хамгийн таатай нөхцөл бүрдээд байна. Хэдийгээр тодорхой хүрээнд, тухайлбал, дундын зуучлагчид болон худалдааны компанийн зарим төлөөлөл эсрэг байр суурь илэрхийлж байсан ч, хэлэлцүүлгийн явцад дэмжиж буй иргэд болон төрийн бус байгууллагууд их байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын түвшинд дэмжигдсэн. Одоо УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан зарж борлуулахаар хуульчилж байгаа. Хувийн хэвшлийнхний хувьд сонголт нь нээлттэй.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн гарц, гол баталгаа нь эрдэс баялгийн салбар болж байна. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ шилэн хоргонд байгаа мэт ил тод, нээлттэй байх ёстой. Тэгж байж иргэд байгалийн баялгийнхаа эзэн байх боломж бүрдэнэ. Тухайлбал, Оюутолгойн ордын нөөцийн тодорхой хэсэг танд болон надад, бас бусад иргэнд ч ногдож байгаа. Тэгэхээр танд ногдсон тэр баялгийг хэн, ямар үнээр зарж байгааг бид мэдэх эрхтэй шүү дээ. Дэлхийд уул уурхайн бараа бүтээгдэхүүний биржүүд ингэж л ажилладаг. Монголын хөрөнгийн биржийн системд ч зөөлөн дэд бүтэц нь бэлэн байгаа.
-Уул уурхайн салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ. Мөн яам цаашдын хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлсон бэ?
– Монголын уул уурхайн салбар ирэх онд 100 нас хүрнэ. Гадаадын уул уурхайтай харьцуулахад балчир хүүхэд л дээ. Гэхдээ социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд уул уурхайн салбар Монгол Улсыг босгож, өндийлгэж, хөгжүүлж ирсэн. Эрдэнэт үйлдвэр, Багануур, Бор-Өндөр, Шарын гол гээд олон сайхан уурхай тэр үеийн нийгэм, эдийн засгийн амьдралыг үүрч авч явсан. Одоо ч хэвээр.
Миний хувьд салбартаа 31 дэх жилдээ ажиллаж байна. Ихэнх хугацааг нь хөдөө орон нутагт, уурхайд ажиллаж өнгөрүүлсэн. Зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацааг харахад манай салбар үсрэнгүй хөгжсөн гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэр хэрээр уул уурхайн салбарын хөгжил эрчимжсэн. Өнгөрсөн хугацаанд хайгуул, олборлолт амжилттай сайн хийгдэж, Оюутолгой, Цайрт минерал зэрэг уул уурхайн шинэ хөрөнгө оруулалтууд, мөн бүтээн байгуулалтууд бий болсныг бас нэрлэж болно. Харин одоо манай салбар хөгжлийн шинэ шатанд гарах цаг болсон байна. Хайгуул, олборлолтын түвшнээс ахиж, боловсруулах салбараа эрчимтэй хөгжүүлэхэд бид бодлогоо чиглүүлж, улмаар БОРЛУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ гэсэн цоо шинэ тогтолцоог бий болгохоор зорьж байгаа.
“Баялагтаа эзэн монгол” байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүргэх арга замыг манай салбар, бид маш ойлгомжтой, тодорхой харж байна. Өнөөдөр үйлчилж байгаа зарим хууль болон эрх зүйн орчинд цаг үеийн болон нийгмийн захиалгаар шинэчилсэн найруулга хийх, мөн бодлогодоо тохирсон зарим анхдагч хуулийн төслүүдийг шинээр өргөн барьж батлуулснаар бодлогын шинэчлэл буюу хайгуул→олборлолт→боловсруулалт→борлуулалт→хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжих ёстой гэж үзсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг болсноор дахин шинэ ордыг нээж ашиглахтай дүйцэх хэмжээний ашиг орлого олох боломжтой байдаг. Дахин нөхөгддөггүй эрдэс баялаг, уул уурхайд энэ их чухал асуудал. Гүн боловсруулалт хийх явцад ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээж, төсөвт орох татварын орлого нэмэгддэг. Мөн үүнийг дагаад кластераар хөгжих боломж, ЖДҮ, бичил бизнес эрхлэх нөхцөл гээд дараа дараагийн шатны үйлдвэрлэл хөгжих орчин бүрддэг.
Би ярилцлагын эхэнд хэлсэн, Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг биржийн тухай хуулиар зохицуулах бол байгалийн баялгаас орж ирэх орлогыг иргэдэд тэгш шударга хуваарилж, ирээдүйн хөгжилд үр дүнтэй зарцуулах ажлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Яамны зүгээс хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэж байна. Онцолж асуухад, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?
-1997 онд анх баталсан Ашигт малтмалын тухай хууль бол нэлээд либерал үзэл санаатай, тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Нэг жишээ нь Оюутолгой. Хөрөнгө оруулалт нь Монголын эдийн засагт том нөлөө үзүүлснийг бүгд мэднэ. Ковидоос үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед Оюутолгойгоос орж ирсэн орлогоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн нь уул уурхайн баялгийн нэг хуваарилалт шүү дээ. Мөн Эрдэнэт үйлдвэр иргэдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төлж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа ногдол ашиг тараалаа. Уул уурхайн баялгийн хуваарилалт энэ мэт байдлаар 2021 онд өрх болгонд, иргэн бүрд хүрсэн.
Харин 2006 онд шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хууль өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Энэ хуульд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан бөгөөд зарим үед явцуу ашиг сонирхолтой, тодорхой бүлэглэлийн захиалга ч орсон гэгддэг.
Одоо бол нийгэм, цаг үеийн захиалгаар салбарынхаа асуудлыг томоор харж, энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон байна. Уул уурхай бол төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур салбар учраас бид хуулиа сайжруулах ёстой. Одоо байгаа маш олон гацааг арилгаж, салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах нь зүй ёсны асуудал болж байна. Нөгөө талдаа, уул уурхайн салбар байгаль орчныг бохирдуулдаг, нөхөн сэргээдэггүй, хүмүүсийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гээд муу нэртэй болж. Гэтэл бодит байдал дээр энэ бүх муу дүрийг бий болгох “тоглолтууд” ч бас явагдсан. Иргэний нийгмийн нэрийг барьсан явцуу эрх ашгийн үүднээс эх орончийн дүр эсгэдэг зарим нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажил салбарын хөгжлийг хойш татсан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал ашигласны 10 хувийг суманд, 20 хувийг аймагт, 70 хувийг нэгдсэн төсөвт орно гэж заасан ч, хэрэгжээгүй. Энэ заалт хэрэгжвэл уул уурхай байршдаг тухайн сум, орон нутгийн хөгжилд маш их нэмэртэй. Орон нутагт уул уурхайг зөв өнцгөөр харах шинэ уур амьсгал бий болно. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид Засгийн газрын түвшинд зөвшилцөж, нэг бодлогоор зангидах зайлшгүй шаардлага байна.
АМНАТ-ын 30 хувийг аймаг, суманд нь үлдээх асуудлыг хуулиар зохицуулж, шийдэж байж уул уурхайн салбарт тулгардаг олон асуудал, бэрхшээл багасна. Цаашлаад орон нутаг нь өөрөө төсвөө бүрдүүлэхэд илүү санаачилгатай ажиллах болно.
-Орон нутгийн эрх мэдэл, оролцоо нэмэгдэх нь. Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл явцыг хэрхэн хянах вэ. Үүнтэй холбоотой ямар өөрчлөлт гарч байгаа вэ?
-Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуул дээр нэлээд либерал бодлого баримтална. Хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар болон өргөдлөөр олгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Мэдээж олон удаагийн хэлэлцүүлгээр орно, зөвшилцөнө, өөрчлөгдөнө. Мөн өргөдөл ихээхэн хэл ам, маргаан дагуулдаг тул цахимжуулж, мэргэжлийн шаардлага тавьж, нээлттэй болгохоор ажиллаж байна. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна. Цахим засаглал бол манай геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт эрчтэй нэвтэрч байгаа. Одоогоор ТЭЗҮ, нөөцийн тайлан хүлээн авах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна.
Үүнээс гадна ТЭЗҮ гэдэг шиг байгаль орчны үнэлгээг тогтоох Нийгэм, эдийн засгийн үндэслэл буюу НЭЗҮ-тэй болж байгаа. Тухайн орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болвол сум, багийн иргэд болон хөдөөгийн хөгжилд ямар үр нөлөөтэй байхыг тооцож гаргана. Бага нөөцтэй хэр нь их хэмжээний газар талхалж болохгүй шүү дээ. Ганцхан хүний эрх ашгийг хангахын тулд бүхэл бүтэн аймаг сумын иргэдийн эрх ашгийг зөрчиж болохгүй гэдэг санаа. Тиймээс тухайн орон нутагт ашиггүй бол ашиглалтын лиценз олгохгүй. Тиймээс үүнийг хэмжихийн тулд бид НЭЗҮ-г нэмж оруулсан. Мөн мөнгөн урсгалууд нь ил тод, ордыг ашигласнаар бий болох үр дүн нь тодорхой байх ёстой. Тухайлбал, хүний төрж өссөн газар буюу өвөлжөө, хаваржаанд яалт ч үгүй олборлолт хийхээр бол тухайн нутгийн иргэдэд нөхөн төлбөр олгох гэх мэт ашиглалттай холбоотой үүсдэг асуудлуудыг шийдэх зохицуулалтыг энэ удаагийн хуулийн шинэчлэлд өргөн хүрээтэй тусгахаар зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцлага чангарна гэсэн үг.
Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлууд шат дараатай урагшилж байна. Үүний нэг нь чингэлэгт тээвэр гэж ойлгож байгаа. Үр дүнгийн хувьд та ямар хүлээлттэй байгаа вэ?
-Нүүрсний хувьд аль болох их хэмжээтэй, хурдан борлуулах ёстой гэсэн бодлого барьж байна. Дэлхий дахин нүүрстөрөгч ялгаруулахаас татгалзаж байна. Манай нүүрсний гол зах зээл болох Хятад улсын нүүрсний хэрэглээ 2026 онд оргилдоо хүрч, улмаар алгуур бууруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийг агаарт гаргахгүй байх бодлого барьж байна. АНУ, Герман улс ч ялгаагүй хязгаарлаж, нүүрс олборлолтоо зогсоохоо мэдэгдээд байна. Дэлхий дахины чиг хандлага ийм байгаа учраас бид удахгүй шахалтад орох нь. Иймд бид нүүрсээ тодорхой хэмжээнд амжиж борлуулах хэрэгтэй. Үүнээс гадна нүүрсийг аль болох баяжуулж, гүн боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ингэж байж нүүрсийг хатуу түлш хэлбэрээр шатаахаа болино гэсэн үг. Шингэрүүлсэн шатдаг хийнээс эхлээд каучук гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гарган авдаг. Бензин хүртэл гаргаж байна. Иймд бид нүүрсийг гүн боловсруулах чиглэлд ажиллана. “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордод Үйлдвэр технологийн паркийн хүрээнд нүүрс-химийн цогцолбор барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм. Терминалын ачиж, буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэгт тээврийн эрчимтэй уялдуулж үе шаттай нэмэгдүүлнэ. Ингэснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх бүрэн боломжтой. Нүүрс бол манай улсын экспортолж буй уул уурхайн хамгийн том биет бүтээгдэхүүн. Нүүрсийг ачих болгонд хаягдал, бохирдол, хорогдол ихээр үүсдэг. Үүнээс үүдэн эдийн засгийн болон байгаль экологийн сөрөг үр дагавар гарч байна. Тиймээс уртын болон богинын тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар хоорондоо харилцаа үүсгэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулснаас гадна нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл багасах юм.
Мөн Шивээхүрэнгийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч бүтээн байгуулалтын ажил шуурхай эхэлсэн, одоо дуусах шатандаа орлоо. Цаашдаа бусад бүх боомт дээр чингэлэгт тээврийн терминал байгуулах боломжтой. Энэхүү чингэлэгт тээврийн терминалууд шинээр байгуулагдах биржийн салшгүй хэсэг дэд бүтэц нь болох бүрэн боломжтой.
-Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хумигдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид монголоос гарсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Их хэмжээний хөрөнгө зарцуулж хайгуул хийгээд, сая нэг олборлолт явуулахаар орон нутагт очиход нь нутгийн иргэд хүлээж авахгүй эсэргүүцэх, элдэв дарамт шахалт үзүүлэх гэх мэт зөрчлүүд их гардаг. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тухайн компани лиценз авсан бол уурхайн ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах орчныг нь баталгаатай болгоход чиглэж байгаа. Гадаадын аль нэг компани орон нутагт олборлолт явуулж, хуулийн дагуу бүх төлбөрөө улсад төлөөд явж байдаг мөртлөө яг тухайн орон нутагтаа өгөөж нь багатай байдаг тул хөрөнгө оруулагчдыг буцаагаад гаргачихдаг тохиолдол олон бий. Тиймээс хүмүүсийн нүдэнд тухайн компанийн оруулсан хөрөнгө илүү ил тод харагддаг байх нь чухал. АМНАТ-ын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт нь үлдээгээд эхэлбэл иргэд аяндаа уул уурхайн үйл ажиллагааг ойлгож, дэмжиж эхэлнэ. Энэ нь цаашлаад улсын хөгжилд томоохон гарц, хөшүүрэг болно.
Эх сурвалж: УУХҮЯ