/2022.01.04/: Иргэний дайн, олон улсын зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн үед дүрвэгсдийн тоо ямагт нэмэгддэг.
НҮБ байгуулагдсан цагаасаа эхлэн Дэлхийн II дайны улмаас хохирогч болж, дүрвэж байсан хүмүүст туслах, эрхийг нь хамгаалах үйл ажиллагааг өргөнөөр явуулж эхэлсэн байдаг.
Дүрвэгсдийн нөхцөлийн талаарх конвенцыг НҮБ-аас 1951 онд батлах үед дэлхий дээр ойролцоогоор нэг сая дүрвэгч байсан бол одоо гуч орчим саяд хүрсэн байна. Энэ конвенц нь дүрвэгчийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг болохоос гадна тэдний эрх, түүнийг хамгаалах талаар заасан.
Анх 1951 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Европын нутаг дэвсгэрт болсон үйл явдлын үр дүнд дүрвэгч болсон хувь хүмүүст хамаарч, Дэлхийн II дайнаас болон дайжсан хүмүүсийг эргэн төвхнөхөд дэмжих зорилготой байсан.
Энэ конвенцын нэмэлт өөрчлөлт бүхий 1А(2) дугаар зүйлд дүрвэгч гэдэг нь "арьс үндэс, шашин, иргэний харъяалал, тодорхой нийгмийн бүлгийн гишүүн буюу улс төрийн үзэл бодлын улмаас мөрдөн мөшгигдөж байсан айдас бүхий, өөрийн харъяалах улсын гадна байгаа, тухайн улсын хамгаалалтыг үл хүсч байгаа, эсвэл иргэний харъяалалгүй буюу тус үйл явдлаас шалтгаалан өөрийн байнга оршин сууж байсан улсын гадна байгаа буюу ийм айдастай, буцахыг хүсэхгүй байгаа этгээдийг хэлнэ" гэжээ. Харин дээрх конвенцын 1Е дүгээр зүйлийн дагуу дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, НҮБ-ын зорилго, зарчмын эсрэг үйлдэл хийсэн хүнд энэ нь хамаарахгүй байна.
Дүрвэгчид гадаадын иргэний нэгэн адил эрх эдлэх бөгөөд Дайны цагт энгийн хүмүүсийг хамгаалах тухай Женевийн дөрөвдүгээр конвенцын дагуу дүрвэсэн, дайжсан хүмүүсийг хамгаалах төдийгүй харъяалалгүй хүний талаарх НҮБ-аас баталсан 1954 оны Харьяалалгүй хүмүүсийн нөхцлийн талаарх конвенц,1961 оны Харьяалалгүй байдлыг бууруулах тухай конвенцийн дагуу олон харьяалалгүй хүн дүрвэгчдэд хамаарна.
Мөн 1967 онд баталсан НҮБ-ын Газар нутгийн орогнолын тухай тунхаглалыг ашиглах боломжтой ч заавал биелэгдэх шинжгүй эрх зүйн баримт бичиг билээ.
НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссарын газар нь дээр дурдсан хүмүүнлэгийн чиглэлээрх тулгуур конвенцтой адил дэлхийн хэмжээний хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэг болсон юм.
Энэ байгууллагыг 1949 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 319 А (IV) тогтоолд үндэслэн байгуулжээ. Швейцарь Улсын Женев хотод төвтэй тус байгууллага нь одоо 100 гаруй улсад өөрийн салбартай болсон.
Эх сурвалж: ХЭҮК