/2022.01.03/ БОАЖЯ, МХЕГ, ЦУОШГ хамтран өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс ямар байсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Нэгдүгээр хороолол, хайлааст гэсэн чиглэлд агаарын чанар маш муу байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх албаны дарга Б.Пүрэвсүрэн:
Амралтын өдрүүдэд 608 шахмал түлшний борлуулалтын цэг ажиллаж, хоногийн дундаж борлуулалт 4000 орчим тонн байлаа. 2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 62 мянган тонн түлшийг нийслэлийн зургаан дүүрэгт нөөцөлсөн.
Нийслэлийн зургаан дүүргийн амьжиргааны түвшин тааруу 6098 айл өрхүүдэд сайжруулсан түлш олгохоор болсон. Ингэхдээ түлшийг нь ачиж аваачихгүй, шахмал түлшний картыг нь цэнэглэж өгөх замаар долоо хоногт нэг айлд зургаан шуудай түлш тараана.
Түүхий нүүрсний хэрэглээний талаарх дуудлагын ихэнх нь хардлага сэрдлэгийн байдлаар өгсөн дуудлага байдаг ч дуудлага өгч байгаа нь зөв юм. Улаанбаатар хотод гэр хороолол, авто тээврийн хэрэгслээс болж агаарын бохирдол үүсдэг. Тиймээс гэр хороолол сайн чанартай түлшийг сайн чанартай зуухандаа хэрэглэж чадаж байна уу, автомашин нь эд анги бүрэн, сайн түлш ашиглаж байгаа эсэх нь хамааралтай юм.
2021.12.31-нд Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы тушаал гарсан. Уг тушаалаар нийт 18 ажил хийх ажлын хэсгийг байгуулж үүрэгт ажилдаа хуваарилагдсан.
Нийслэлийн айл өрхүүдийг стандартын зуухаар хангах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах эрх зүй эдийн засгийн суурь бааз дээр томоохон ахиц гаргана гэж үзэж байна. Төрөөс нэг удаа үнэгүй олгосон зүйлийг дахин үнэгүй олгоно гэж дуугарч болохгүй. Тиймээс ногоон зээл, эдийн засгийн суурь нөхцлийг айл өрхөд хүндрэл багатайгаар зохион байгуулах талаас ажиллана.
ЦЕГ-ын хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, хурандаа н.Батсайхан:
- Улаанбаатар хотын бүсээс гадагш гаргах гэж байсан 39 шуудай түлш тээвэрлэж явж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Цагдаагийн удирдах газрын эргүүл хамгаалах хэлтсийн дарга н.Даваадорж:
- 102 дугаарын утсанд 12.23-12.29-ний долоо хоногийн хугацаанд нийт угаартсан гэх 20 дуудлага ирсэний нэг иргэн нас барж, 56 иргэн хүнд болон хөнгөн байдлаар хохирч эмнэлгийн тусламж авчээ. Үүнээс 56.1 хувь нь хүүхэд байна. Шалтгаан нөхцлийг тодруулж үзэхэд гар хийцийн /энгийн/ зуухтай, ханан пийшин, зуух яндангийн битүүмж муу, угаар мэдрэгчгүй, яндангийн соролтыг хаасан зэрэг шалтгаанаас болсон байна.
Мөн хугацаанд түүхий нүүрс хэрэглэж байж болзошгүй гэх долоон мэдээлэл бүртгэгдсэнээс хоёр нь батлагдаж шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн таван дуудлага нь тогтоогдоогүй буцаагдсан байна.