/2021.12.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Нөхөн олговрын хэмжээг иргэдтэй тохиролцож, бусад нарийвчилсан судалгааг хийж байна. Аймаг, сум, баг тус бүрт эдийн засгийн нарийвчилсан тооцоог хийж ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Нөхөн олговор гэж гаргаж ирээд цаашид хийх том бүтээн байгуулалтдаа улам саад болох вий. Тухайн айлд зөв ойлгуулж нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг л төрөөс гаргаж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Бид монгол улсын эрх ашгийн талаар ярьж байгаа болохоос хэдхэн айлын эрх ашгийн талаар яриагүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нөхөн олговрын асуудлыг маш сайн ярих ёстой. Нүүлгэн шилжүүлэх айл өрхийн 70 хувьд нь 3 сая төгрөгийн нөхөн олговор олгох шаардлагатай гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.
Энэ бол маш том төсөл. Үүнтэй холбоотойгоор байгаль орчинд ямар хор хөнөөл учирч болзошгүй вэ. Мөн бусад хүндрэлийн талаар тайлбар өгөхгүй.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Тухайлсан иргэн тус бүрт 3 сая төгрөг олгогдоно гэсэн тооцоолол одоогоор гараагүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал нь 9,5 тэрбум гэж тооцоолсон учраас 3 аймаг, 4 сум, 6 багийн 1 100 хүнд хамаарал бүхий эдийн засгийн тооцоог хэрхэн яаж гаргах вэ гэдэг дээр эрчим хүчний яам ажиллаж нөхөн олговортой холбоотой зардлыг өсгөх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Түүнээс биш 3 сая 5 сая гэдэг мөнгөн дүнг ажлын хэсгээс гаргаагүй.
Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл талаасаа газрын хөрсний элэгдэл болон 10 мянга орчим га талбай газарт ус нөөцлөх талбай үүсгэснээр 25 орчим тэрбум төгрөгийн хохиролтой гэсэн тооцоолол гарсан.
Гэхдээ жил бүр археологийн олдвортой холбоотой бүх судалгааг хийхэд тухайн төслөөс ямар хэмжээний зардал гарах, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр нөхөн сэргээлтийн ажлыг төсөл хэрэгжүүлэгч ямар хэмжээний зардлаар шийдвэрлэх вэ гэдгийг тооцоолж гаргасан. Байгаль хамгаалахтай холбоотой бүх зардлыг төсөл хэрэгжүүлэгч гаргана.