Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс Ази тивд хүний эрхийг хамгаалах байдлаар дээгүүрт эрэмбэлэгддэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс Ази тивд хүний эрхийг хамгаалах байдлаар дээгүүрт эрэмбэлэгддэг

/2021.12.10/ "Хүний эрхийн Үндэсний форум – 2021" арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр,

-Энэхүү үндэсний форумаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бодлого, тогтолцоо түүний хэрэгжилтэд анхаарч, цаашид улам боловсронгуй болгох чиг хандлагаа дахин тодорхойлно гэдэгт итгэж байна. МУ-ын төрийн тэргүүний хувьд та бүхнийг хүний эрхийг хангах чиглэлд дараах үндсэн 3 асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байна.

1. Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардгатай болсон байна.

УИХ-аас 2003 онд хүний эрх, эрх чөлөөг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Эдүгээ уг хөтөлбөр өөрийн түүхэн үүргээ нэгэнт гүйцэтгэсэн гэж үзэж байна. Ийнхүү дүгнэж буй шалтгаан нь хөтөлбөр хэрэгжих хугацаанд МУ хүний эрхийг хангах үндэсний механизмаа бүрдүүлж чадсан. Энэ хугацаанд иргэний нийгмийн суурь эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй нэгэн үе бий болсон байна. Монгол Улс бүс нутаг, Ази тивийн хэмжээнд хүний эрхийг хангах, хамгаалах байдлаар дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд дэлхий дахин ардчилсан бүрэн эрх чөлөөтэй улс гэж манай улсын үздэг. Гэвч цаашид сайжруулах асуудал их байна. Цар тахал бидэнд хүний эрхийн асуудлыг шинэ түвшинд харах ёстойг ойлгууллаа.

2. Хүний эрх түүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний байгууллагыг бид 20 жилийн өмнө байгуулсан. Өнгөрсөн онд УИХ-аас Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийг баталсан. Үүний хүрээнд ХЭҮК-ын бүрэлдэхүүн өргөжиж дэргэдээ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах бүтцийг шинээр бий болгосон. Гэвч ХЭҮК-ын эрх зүйн орчин, материаллаг байдлыг улам сайжруулах шаардлагатай байна.

3. Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар байна.

Монгол Улсын хамгийн том баялаг бол Монгол хүн. Төрийн тэргүүний хувьд Монгол хүний эрх дэлхий дахинаа хаана ч үл зөрчигдөж, баталгаатай хангагдаж байхад онцгой анхаарах болно. Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх ёстой. 2014 онд энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар шалгаж тогтоодог тогтолцоог өөрчилсөн. Энэ байдлын НҮБ-ын шинжээчид болон манай судлаачид эрс шүүмжилж дахин сэргээх шаардлага тавьж байгааг бид эргэн үзэх нь чухал юм. Мөн Үндсэн хууль эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн заасан байдаг. Бидний ирээдүй болсон хүүхдүүд айх айдасгүй, харамсах дурсамжгүй байх учиртай. Монгол төр хүний язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэж хамгаалах үүрэгтэй. Бид хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хууль дагалдах дүрэм журмын батлан гаргасан. Гэвч эдгээр эрхзүйн баримт бичгүүд нь хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг ул суурьтай судалж, улам боловсронгуй болгож, төрийн тогтолцоо бүх шатандаа хуулийн биелэлтийг хангаж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна. Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг жилийн, нэг Засгийн газрын үйл хэрэг огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага гэдгийг байнга санаж байх учиртай. Хүний эрхийн баталгаатай хангуулахад хүн бүрийн хичээл зүтгэл онцгой чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.

Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахууны эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ хором мөч бүр сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна гэв.

Тунисын Эннахда намын төв байранд  өөрийгөө шатаажээ
Тунисын Эннахда намын төв байранд өөрийгөө шатаажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.