/2021.11.22/: Талибанчууд Афганистаныг эзлэн авснаас хойш долоо хоногийн дараа өмнөд нутгийн нэгэн тосгонд мөргөлдөөн,тулалдаанаас дүрэвсэн гэр бүлүүд гэртээ буцан ирэхэд хачирхалтай зүйлийг олж харсан байна.
Крикетийн талбай улаан болон цагаанаар будсан чулуугаар хүрээлэгдсэн байжээ. Цагаан өнгө нь хүүхдүүд тоглоход аюулгүй гэсэн тэмдэглэл бол улаан өнгө нь сүүлийн дөчин жилийн хугацаанд хэдэн арван мянган афганчуудыг үхэлд хүргэж, зарим иргэдийг тахир дутуу болгосон тэсрэх бөмбөгийн үлдэгдлийг булсан мина болон бусад зэвсгийг тэмдэглэсэн байжээ.
Хелменд мужийн Над-е-Али тосгон сүүлийн өдрүүдэд Кабул дахь талибууд болон барууны орнуудын дэмжлэг авч буй засгийн газрын хүчний хоорондох мөргөлдөөний галын шугам болж байна.
Наймдугаар сарын дундуур исламистууд тус улсыг хяналтандаа авах хүртэл тус тосгон хоёр сарын турш бүслэгдсэн байв. Есдүгээр сард оршин суугчид нь буцаж ирэхэд тосгоны сургууль бөмбөгдөлтөнд өртөж, дээвэр нь нурж, хүүхдүүдийн савлуур нь зүгээр л төмөр хүрээ болон хувирсан байхыг олж харжээ.
Афганистанд үйл ажиллагаа явуулдаг мина цэвэрлэх гол төрийн бус байгууллага болох HALO Trust-ын орон нутгийн зохицуулагч Жума Хан хэлэхдээ, тэд энэ газрыг байлдааны явцад "бүрэн минажуулсан" болохыг олж тогтоосон гэжээ.
Шинээр тавьсан мина болон бусад хавхнуудыг барилгын хаалганы доор, цонхны хажууд булсан байжээ.
Хан энэ сард Над-е-Алид айлчлах үеэрээ Франс Пресс агентлагт хандан "Байшингын өрөөнүүд болон гол гудамжинд мина байрлуулсан байсан" гэж хэлжээ.
НҮБ-ын Минатай тэмцэх албаны (UNMAS) мэдээлснээр, 1988 оноос хойш Афганистаны 41,000 орчим энгийн иргэн мина болон тэсрээгүй суманд өртөж, шархадсан байна.
Амь үрэгдэгсдийн гуравны хоёроос илүү нь хүүхдүүд байсан бөгөөд тэдний олонх нь тоглож байхдаа үхлийн аюултай төхөөрөмжинд өртөж амь үргэдсэн байна.
HALO (Аюултай бүсийн амьдралыг дэмжих байгууллага) нь тус улсыг ЗХУ-ын эзлэн түрэмгийллийн үед үлдээсэн зэвсэгтэй тэмцэх зорилгоор 1988 онд байгуулагдаж байжээ.
Тус улс маш их бохирдсон ба 1997 онд газрын мина ашиглахыг хориглосон олон улсын гэрээнд гарын үсэг зурж, Афганистан 2002 онд конвенцийг соёрхон баталсан ч цэвэрлэх ажил хэзээ ч зогсоогүй байна.
Диана гүнжийн байгуулсан буяны байгууллагуудын нэг болох HALO есдүгээр сард Талибаны шинэ эрх баригчидтай гэрээ байгуулж, Афганистаны 2500 гаруй ажилтнаа ажилд нь эргүүлэн оруулахаар тохиролцсон байна.
Над-е-Али хотод Талибаны дайчид одоо HALO-ийн мина устгагчдыг өөрсдийн байгуулсан үхлийн урхийг олуулахаар удирдаж байна.
Талибаны дайчид тус тосгонд амьдардаг энгийн иргэдийн үхэлд өөрсдийг нь буруутгахыг хүсэхгүй байгаа тул "тэд өөрсдийн гараар мина гаргаж авахыг оролдсон ч дэлбэрэлтэнд өртөж байсан учир бид дахин дэлбэрэлт гаргахгүйн тулд тэдний үйл ажиллагааг зогсоосон" гэж Хан хэлэв.
Хэдийгээр мина устгах ажил үргэлжилж байгаа ч дэлбэрэлтүүд тосгоны оршин суугчдын амь насанд хүрсээр байгаа ажээ.
Хоёр сарын өмнө нэгэн тосгоны багшийн эхнэр гэрийнх нь хаалгыг онгойлгох агшинд тэсрэх бөмбөг дэлбэлж, хоёр хөлөө алдсан байна.
Тэр цагаас хойш тус тосгон болон түүний сургуулийг мина устгах “нэн тэргүүний” бүсийн ангилалд оруулжээ.
Металл илрүүлэгч ашиглан газрыг сайтар шалгаж байх үед найман хүнээс бүрдсэн 10 баг аюулгүй коридорыг тогтоох зорилгоор улаан, цагаан чулууг HALO байрлуулж эхэлжээ.
"Энэ нь металл, батарей эсвэл ямар нэгэн зүйл илрүүлэх үед дохиолол дуугардаг. Дараа нь бид тухайн газрыг тэмдэглэж, маш болгоомжтой ухдаг" гэж ахлагч Бахрамудин Ахмади хэлэв. Мина байгааг харсан даруйдаа бид мина арилгах багийнханд мэдэгдэж, бүсийг цэвэрлэх зөвшөөрлийг орон нутгийн аюулгүй байдлын байгууллагаас хүсэж, дараа нь бид тэсэлгээ хийдэг."
Сүүлийн гурван сарын хугацаанд тус бүс нутагт 102 тэсрэх бөмбөг, түүний дотор тус тосгонд 25 тэсрэх төхөөрөмжийг устгасан боловч энэ нь газарт булагдсан болон зарим байшин дотор байгаа тэсрэх бамбөгийн зөвхөн багахан хэсэг гэж үзэж байна.
Хүүхдийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Над-е-Али хотод HALO ажилчид аюулын талаар таниулах яриа ихээр хийж байгаа ажээ.
HALO хөтөлбөрийн менежер Назифулла газар завилан сууж буй хэсэг хүүхдүүдэд "Хэрэв чи хөлгүй болбол эцэг эхэд нь ямар их зардал гарах, хэрэв чи үхвэл хичнээн их харамсах болно гэдгийг ойлгоорой" гэж сануулаад "Чи үүнийг харвал яах вэ?" гэж тэднээс мина зураг руу заан асуухад 8 настай Назиа "Би гэр бүлдээ, ахдаа эсвэл сүм дэх имамдаа шууд хэлнэ" гэж хэлээд "Би айж байна, гэхдээ би цагаан чулуу харвал бид тоглож чадна, улаан бол бид тоглож чадахгүй гэдгийг би мэднэ" гэжээ.
Эх сурвалж: voanews.com