/2021.11.18/: Германы Канцлер Ангела Меркель, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар лхагва гарагт Беларусь-Польшийн хилийн хямралыг Европын холбоо болон Беларусийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээгээр шийдвэрлэх хэрэгтэй гэж Беларусийн төрийн мэдлийн Белта агентлаг мэдээлэв.
Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа утсаар ярихдаа Беларусийн удирдагч, Меркель нар "асуудлыг бүхэлд нь Беларусь болон ЕХ-ны түвшинд хүргэнэ гэж тохиролцсон" хэмээн Белта мэдээлээд, "хоёр талын албаны хүмүүс нэн даруй хэлэлцээ хийх болно" гэжээ.
Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт хэлэхдээ, канцлер уулзалтын үеэр гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд НҮБ болон ЕХ-ноос хүмүүнлэгийн тусламж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцолжээ.
Хоёр удирдагч даваа гарагт ЕХ-Беларусийн хил дээр гацсан олон мянган хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар ярилцсан байна.
Беларусь шинэ хориг арга хэмжээ авна
Брюссель Лукашенког олон мянган цагаачдыг ЕХ-Беларусийн хил рүү зөөвөрлөхөд тус дөхөм үзүүлж, цагаачлалыг "зэвсэглэсэн" гэж буруутгаж байна.
Даваа гарагт ЕХ-ны гадаад хэргийн сайд нар "улс төрийн зорилгоор цагаачдыг өөрсдийн тэмцлийн хэрэгсэл болгох"-ын эсрэг хориг арга хэмжээний шинэчилсэн багцыг дэмжихээр тохиролцов.
Сүүлийн үед хилийн боомт ямар байдалтай байна вэ?
Мягмар гарагт хил дээр хурцадмал байдал үүсч, Польш улс хилчид рүү элдэв зүйл шидсэн цагаачид руу усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Польшийн эрх баригчид лхагва гаригт байдал намжсан тул Кузника боомтын хашааны дэргэдэх цагаачдын хуаран "аажмаар хоосорч байна" гэж мэдэгдэв.
Польшийн Дотоод хэргийн дэд сайд Мачей Васик хэлэхдээ, Беларусийн эрх баригчид цагаачдыг хилийн боомтоос холдуулж байгаа тухай мэдээлэл авсан боловч хүмүүсийг хааш нь шилжүүлж байгаа нь тодорхойгүй байна гэв.
Цагаачдыг хилийн боомтын ойролцоох халаалттай ложистикийн төв рүү шилжүүлсэн тухай "Bealrusiam" төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
Польшийн Хилийн харуулын твиттер хуудсанд лхагва гарагт нийтэлсэн видео бичлэгт цүнхтэй цагаачдыг Беларусийн цэргүүд хилээс холдуулж, "үл мэдэгдэх газар" руу чиглүүлж байгааг харуулсан байна.
Хилийн харуул твиттер хуудсандаа Беларусийн Брузги хилийн боомтын ойролцоо 1000 орчим цагаач үлдсэн бөгөөд үлдсэнийг нь "Беларусийн албаныхан аваад явсан" гэж мэдэгджээ.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс зугтсан томоохон бүлэг цагаачид 10 гаруй хоногийн турш Кузника-Брузги хилийн боомтын ойролцоо гацсан бөгөөд ЕХ-нд нэвтрэхийг хориглож, Беларусийн эрх баригчид буцаж эргэхийг хориглосон байна.
Польшийн эрх баригчид хилийн хашлагыг давж, зөрчихийг оролдсон цагаачдын эсрэг олон мянган цэргээ илгээснээр хариу арга хэмжээ авчээ. Цагаачдын ихэнх нь Герман эсвэл Баруун Европын бусад орнуудад хүрэхийг зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: dw.com