/2021.11.16/ Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна.
Хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Энэ бол цаг үеэ олсон, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай хууль байна гэж харж байна. Бусад орны жишгийг харахад бүрэн төгс, зохицуулалт хийж чадсан хууль одоогоор байдаггүй юм байна лээ. Бүгд өөрсдийн арга хэрэгслийг туршиж үзсээр байна. Зарим оронд бүр хориглочихсон байгаа.
Хуультай орнууд виртуал хөрөнгө гэдэг үнэт цаас юм уу, төлбөрийн хэрэсэл юм уу гэдгийг маш тодорхой болгож өгсөн. Харин манай улс энэ хоёрын алийг нь баримталж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулсан байгаа вэ.
Анх биткоин төлбөрийн хэрэгсэл болж гарч байсан. Өнөөдөр энэ хоёрын алинд нь багтаж байна вэ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Үндэсний бүртгэлийн системийн хууль, Үнэт цаасны хуулиар энэ харилцааг зохицуулсан. Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл биш. Үнэт цаас ч биш гэж үзэж байгаа. Нэр томьёондоо,
Виртуал хөрөнгө гэдэг нь аливаа улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр. Эсвэл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн эсвэл хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах үнэ цэнийн дижилтал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгө гэж тодорхойлсон байдаг.
Тиймээс манай улс виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл юм уу үнэт цаас гэж үзэхгүй. Энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглохгүй харин бүртгэж эхэлж байгаа гэж ойлгож болно.