Цэргийн төв эмнэлгээр овоглогдсон марк мэндэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлгээр овоглогдсон марк мэндэллээ

/2021.11.11/: Энэ жил Монгол Улсын батлан хамгаалах салбарт олон түүхэн ой тохиож байгаагийн нэг нь манай орны анагаах ухааны салбарын ууган байгууллагуудын нэг Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой юм.

Тус эмнэлгийн хамт олон энэ түүхэн ойнхоо хүрээнд олон бүтээлч ажил, арга хэмжээг өрнүүлж байгаагийн нэг нь "Цэргийн төв эмнэлгийн 100 жил" сэдэвт анхны маркийг загварчлан гаргаж өнөөдөр нээлтээ хийсэн үйл явдал байлаа.

Тус ёслолын үйл ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од, Цэргийн төв эмнэлгийн дарга асан, бэлтгэл хурандаа С.Батболд, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт, ЗХЖШ-ын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар болон "Монгол шуудан" ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нарын хүндэт зочид оролцлоо.

Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од "Монгол Улсын хамгийн анхны марк 1924 онд хэвлэгдсэн байдаг бөгөөд үүнээс хойш 97 жилийн хугацаанд нийт 1086 марк хэвлэгдэн гарчээ. Эдгээрийн хамгийн отгон марк нь өнөөдөр “мэндэлж” буй Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан энэхүү марк юм. Манай эмнэлгийн өнгөрсөн түүхийн он цагийн хэлхээсийг эл марканд тусган загварчилсан нь манай байгууллагын үнэ цэнийг илүүтэйгээр тодотгон харуулсан ач холбогдол бүхий үйл явдал боллоо. Монгол Улсад эрүүл мэндийн салбартай холбоотой маркийг анх 1960 оноос эхлэн гаргасан байдаг бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй энэ марк анагаах ухааны салбараар овоглодсон найм дахь марк болж байна" гэв.

Харин тус маркийг зохион бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Цэргийн төв эмнэлгийн дарга асан, бэлтгэл хурандаа С.Батболд "Өнгөрсөн нэгэн зууны түүхэнд улс орноо батлан хамгаалах болон ард түмнээ анагаах эрүүл мэндийн салбарт түүчээлэн оролцсон байгууллага бол яах аргагүй манай Цэргийн төв эмнэлэг юм. Тэр ч утгаараа өнөөдөр нээлтээ хийж буй энэ марканд 1921 оны наймдугаар сарын 15-нд жанжин Д.Сүхбаатрын тушаалаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан анхны эмнэлгээс эхлээд улс оронд өрнөсөн дайны он жилүүдэд хэрхэн үүрэг гүйцэтгэж байсан, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд II шатлалын эмнэлгийн гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагаа, цар тахлын үеийн онцгой нөхцөлд тэргүүн шугаманд ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдыг дүрслэн харуулсан" хэмээн онцоллоо.

Э.Содномпилжээ: Монгол Улс, монгол хүн гэж ямар байдгийг харуулахын тулд илүү хичээнэ
Э.Содномпилжээ: Монгол Улс, монгол хүн гэж ямар байдгийг харуулахын тулд илүү хичээнэ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.