“Ковидын үеийн Монгол Улс“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковидын үеийн Монгол Улс“

“Ковидын үеийн Монгол Улс” форум өнөөдөр Новотел зочид буудалд болж байна. Форумын “Ковид ба Эрүүл мэндийн салбар” хэлэлцүүлэг болж байна.

КОВИД БА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

Хэлэлцүүлгийн оролцогч Н.Оргил /Дөрөвдүгээр эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн захирал/:

-Дэлхий даяараа "Цаашдаа ковид устаж үгүй болно. Нэг бол халуун орны хумхаа өвчин шиг тогтолцоонд орж магад" гэсэн таамаглалд хүрч байна. Тэгэхээр Монголд ковид суурьшаад үлдэж магад. Үүнийг давж гарах нэг боломж бол вакцин.

Гурав дахь тунгийн вакцин авснаар ковидоос бид бүрмөсөн сална, үгүй бол манай улсад ингээд үлдэнэ. Вакциндаа заавал орох ёстой.

Үүн дээр үндэслэж дараагийн давалгаа байна уу үгүй юу гэдгийг төлөвлөгөөний стратеги боловсруулна. Long covid-ын хувьд, хэрвээ та ковидоор өвдсөн ч таны толгой өвдөөд байгаа бол ковид таны биед байсаар байна гэсэн үг. Зургаан сарын хугацаанд хүртэл ч үргэлжлэх магадлалтай. Тархи толгой өвдөх, үе мөч, зүрх өвдөх гээд янз бүр байгаа.

Ө.Анхболд /Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч СЭМҮТ-ийн эмч/:

-Улаан бүсэд хүнд өвчтэй хүмүүс байдаг. Хүмүүсийн ядарч, ханиалгаж байгаа бүх зовуурийг эмч нар сэтгэл зүрхээрээ мэднэ. Тэдний дундаас нас барах уй гунигийг ч хамтдаа мэдэрнэ. Энэ олон сэтгэлзүйн гэмтэл, цочролоос хэвийн гарч ирэх хүн байхгүй.

Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэлзүйг амраах, түгшүүрээс нь арилгах менежмент дэлхий дахинд хэрэгжиж байгаа. Гэтэл ДЭМБ яагаад монголд зөвлөхгүй байна вэ, зөвлөж байгаа бол яагаад ил гарахгүй байна вэ гэдэг нь надад асуулт хэвээр үлдэж байна. Энэ менежмент хийгдэхгүй байгаагаас манай салбараас ажлаа өгч байгаа, эрүүл мэндийн хувьд хохирч байгаа олон хүн байна. Тэр бүсээс хэрэгт орчихгүй шиг зугатаах юмсан гэсэн сэтгэхүйтэй л болж байна.

Эрүүл мэндийн ажилтнуудаас хувийн эмнэлэг рүү ажилд орох гэсэн урсгал нэлээд нэмэгдэх байх гэсэн үгийг оролцогчид хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн ажилтнууд илүү цагаар ажилласан ч цалин хөлс хангалттай биш байгааг өгүүлж байв. "Вакцины хувьд хүн нас барах тохиолдол мэр сэр байгаа. Гэвч үүнийг бүртгэлжүүлэх, үүн дээр дүн шинжилгээ хийж байгаа зүйл алга" гэж хүний их эмч Б.Содномпил хэллээ.

КОВИДЫН ҮЕИЙН ХҮНИЙ ЭРХ

Оролцогчид:

  • Гадаадад гарсан иргэдийн төлөөлөл Г.Эрдэнэзул
  • Бодлогод залуусын хяналт ТББ, Б.Болорсайхан
  • Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн
  • Хуульч Ц.Мөнхбат

Г.Эрдэнэзул:

-Би гадаадад гацаж байхдаа шүгэл үлээж тэмцэж байсан залуустайгаа монголдоо ирж нэгдээд, Зөвийг шүгэлдэгч ТББ байгуулаад ажиллаж байна. Бид зовлон туулж, тэмцэж байж эх орондоо ирсэн. Олон хүний өмнө энэ асуудлыг ярих боломж олдож байгаад баярлалаа.

Гадаадад гацаж байхдаа нас барсан, хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж чадаагүй 24 мянган монгол хүний өмнөөс ярьмаар байна. Гадаадад иргэд гацсан үеэс Монгол Улсын Засгийн газрын алдаанууд эхэлсэн. Эндээс авлига, улстөр эхэлсэн.

Хилээ хаасныг гадаадад гацсан иргэд эхэндээ зөв гэж бодож байсан. Бид гадаадаас вирүс тээвэрлэж орох магадлалтай учир Засгийн газрын зөв гэж бодож, итгэж хүлээсэн. Гэвч бидний бодсон шиг зөв байгаагүй. Хоёр шийдвэр нөхцөл байдлыг төвөгтэй болгосон. Нэг нь,тусгай үүргийн онгоц. Хоёр дох нь, 14 дээр нэмэх 11 хоног тусгаарласан. Энэ асуудлуудаас болж иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч эхэлсэн. Гэтэл саяхан Засгийн газар тусгаарлах журмаа өөрчиллөө. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар энэ журмыг долоон удаа өөрчилсөн.

Япон лугаа хөгжье гэж ярьдаг. Гэтэл тус улсын хүнээ нэгдүгээрт тавьдаг бодлогыг нь ойлгодоггүй. Хүнээ нэгт тавьдаг улс хөгждөг юм. Монголоос Япон руу зорчиж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлаж, зардлыг нь Засгийн газар нь гаргаж байгаа. Энэ бол тус улсын хүнээ бодож байгаагийн илрэл юм.

Биднийг гадаадад гацааж байх үед бидний олон үндсэн эрх зөрчсөн. Үүн дээр Засгийн газар хэзээ ч биднээс уучлалт гуйгаагүй. Хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүсээс хэзээ ч уучлалт гуйгаагүй. Үүнд маш их харамсаж байна. Ковидыг ухаантай гэхээсээ илүүтэй сэтгэл сайтай удирдагчид даван туулж чаддаг юм байна. Удирдагчид хүнээ боддог байгаасай.

Иргэн Б.Мөнхбат:

-Яг нэг жилийн өмнө надад тохиолдсон үйл явдлыг ярья. Би БНСУ-д таван сар гацаж байгаад, азын сугалаанд орж байгаа юм шиг зүйл болж байж ирсэн.

Эрүүл гэж намайг онгоцонд суулгасан. Ирсний дараа ЭМЯ-ны 21 хоног тусгаарлах журам гэж үзүүлсэн. Ингээд журмын дагуу нэг дор 5 хүнийг оруулчихсан өрөөнд оруулсан. Өрөөнд нь ортол тусгаарлах гэхээсээ илүү зүгээр хянасан, бөөгнүүлсэн. Хэлж ярьж байгаад хоёр хүнтэй өрөөнд орууллаа. 21 хоног тусгаарлагдаж, 4 шинжилгээ өгсний дараа маргааш нь эрүүл гээд гарах гэж байтал 23 хоног хориод л байсан. Яагаад гээд асуутал хариулдаг хүн байхгүй. “Та нар хүн биш вирүс” гэсэн хандлагатай. Яг үнэндээ гадаадаас халдвартай хүн ирж байгаа юм биш, харин тусгаарлах байр чинь өөрөө халдвар тараах газар болжээ гэдгийг би хэлсэн. Гэтэл ингэж хэлсний төлөө намайг Эрүүгийн хуулиар ялласан.

Одоо ч гэсэн яллагдагчин статустай явж байна. Ингэж миний шударга шүүмжлэл явуулах эрхийг минь хаасан. Цагдаа, шүүх гэж явсаар ажил хөдөлмөр хийх эрхгүй болсон. Ковидын хууль гэх мэт ковидоос аймаар шийдвэрүүдийг энэ хүмүүс гаргаж байна. Иргэн гацаад, ирээд, яллуулаад, ажилгүй болоод бүтэн жилийг өнгөрөөлөө.

М.Цэнджав:

-Цар тахлын хуулийн 5.1-ийн дөрөвдүгээр заалт бол Үндсэн хуулийг зөрчсөн. Вакцин тариулж байгаа, хүний эрхийн хязгаарлалтуудаараа бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчиж байна. Тусгаарлалтад нэг нэг хүн байх ёстой байтал нэг өрөөнд олон хүн оруулсан нь өөрөө дахиад нөгөө зай барих дэглэмийг зөрччихөж байгаа юм.

Б.Пүрэвсүрэн:

-Цар тахлын хуулийг эрх баригчид амаа олохгүй магтсан. Гэтэл жил гаруйн хугацаанд энэ хуулийн алдаа дутагдал бүрийг маш олон хуульчид Захиргааны хэргийн шүүх, Эрүүгийн шүүх дээр, Иргэний шүүх дээр эсэргүүцээд явж байна. Үнэхээр дийлэхгүй байна.

Хуулийнхаа алдаа дутагдлыг төрийн байгууллагууд, албан тушаалтнууд хүлээн зөвшөөрдөггүй. Маш олон алдаа дутагдал байна. Төлбөр, нэр төрийн хохирол гэх мэт. Хүний эрх бол өөрөө маш том зүйл.

Иргэний болон улстөрийн эрхийн зөрчлийн судалгааг манай Глоб интернэшнл төв хийж байна. Монгол Улсад 200 гаруй жагсаал цуглаан болсон гэж эрх бүхий албан тушаалтан мэдэгдсэн. Гэтэл эдгээр жагсаал цуглааны 45 тохиолдолд нь эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан зөрчлийг гаргасан. Ойролцоогоор дөрвөөс таван жагсаалын нэгд нь иргэний эрхийг зөрчиж байна гэсэн үг. Үүний 92 хувь нь хууль цагдаагийн байгууллага, төрийн байгууллагаас үүдэлтэй. Хуульд заасан үндэслэлийг биелүүлдэггүй, тарах хугацааг сануулдаггүй гэх мэт.

Цар тахлын хууль нь үйлчилдэггүй жишээ бас байна. Үнэн бодит мэдээллийг түгээх үүргээ Засгийн газар биелүүлээгүй. Мэдээлэлгүйн улмаас 22-ын товчооны цаана хүний амь эрсэдсэн. Бүх мэдээллийг хаасан. Гэтэл иргэнээ болохоор Зөрчлийн хуулиар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл тараасан бол торгоно гээд байдаг.

УЕПГ-аас мэдээлэл хийхдээ 500 гаруй иргэндээ 200 гаруй сая төгрөгийн торгууль ноогдууллаа гэж зарладаг. Нийт өнгөрсөн хугацаанд эдгээр зөрчлийн улмаас хэн хохирсон бэ гэвэл дандаа иргэн байна. Ганцхан тохиолдолд төрийн байгууллага хохирсон гэх мэдээлэл байна.

Б.Болорсайхан:

-Төр үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл надад байгаа мэдээллээр бол би үгүй гэж хариулна. 11 сарын 11-нд зарим хүний хувьд гэмшил, зовлонг сануулах өдөр болсон.

Цар тахал гарснаас хойш онц байдал зарласан ч бай төр ямар ч тохиолдолд эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрх гэж байдаг. Төр гэж байгаа бол энэ эрхийг заавал биелүүлнэ. Энэ бол иргэний амьд явах эрх. Надад байгаа мэдээллээр гадаадад хилийн чанадад сурч байгаа хүүхэд тэтгэлэгээ авч чадахгүй удаасны улмаас, сэтгэл санаа нь хямраад амиа хорлосон гэдэг мэдээлэл үнэн бол төр тэр хүний амьд явах эрхийг зөрчсөн байна.

Мөн иргэн өөрөө сайн дураараа хүсээгүй бол шинжлэх ухааны туршилтад албадан орохыг зөвшөөрдөггүй. Тэгэхээр хуульд заасан үндэслэл байхгүйгээр иргэнээ шинжлэх ухааны туршилтад оруулахгүй. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх гэж байдаг. Винзо гэж нийтлэлч гадаадад хэрхэн гацаад, ирээд яаж хөл хорионд байсан бэ гэдэг өдрийн тэмдэглэл байдаг. Халуун оронд байсан хүнийг хүйтэн автобусанд, хувцсаа солихгүйгээр, бие засах боломж ч олгохгүйгээр хэдэн цаг авч явна гэдэг хүнлэг бус харьцсаны тод илрэл. Сүүлд Ганчимэг сэтгүүлчийн оруулж байгаа пост, бусад хүний постуудаас харвал тэр хүмүүсийн байрлаж байгаа орчин ямар хүнлэг бус байсан бэ гэдэг нь харагдаж байна. Харилцаа, орчин зэрэг нь ч хүнийг дорд үзсэн байж болохгүй. Энэ мэтээс харвал төр үүргээ гүйцэтгээгүй.

Ковидын хууль хүний эрхийг хамгаалж чадсан уу гэдгийг бид гар дорх материалаас харж болно. 2018 онд ҮСХ, НҮБ-ын ХАС, Хүүхдийн сангаас хамтдаа боловсруулсан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа гэж байдаг. Эндээс монгол хүүхэд хэрхэн бойжиж байгааг харуулдаг тоон мэдээлэл. Энэ судалгаанд манай улсад цар тахал шиг дахиад нэг шок ирвэл эрүүл мэнд, боловсрол, халамжийн тогтолцоо ганхах биш нурах аюултай гэдгийг харж болно. Энэ цар тахал бол сүүлийнх биш. Цар тахалд бэлэн байх ёстой эрүүл мэнд, халамжийн тогтолцоо ямар сул, хэврэг байна вэ гэдгийг бид харлаа. Үүнийг бэхжүүлж амжаагүй байхад дараагийн цар тахал ирвэл аймшигтай дүр зураг гарна. Хүүхдийн эрхийг эдлүүлж чадаж байна уу. Дээрх байгууллагуудаас нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг хоёр сар тутам хийхэд иргэдийн дундах айдас улам бүр нэмэгдсээр байжээ.

Ковидын хуулийн тавдугаар зүйл буюу энэ хуулийг хэрэгжүүлэхдээ удирдлага болгох зарчим 5.1-ийн 7 дээрх заалтыг төр, төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд мөрдсөн үү гэдэг асуудал бий. Би бол чадаагүй гэж хэлмээр байна.

Засгийн газраас 2017.3.15-нд 89-р тогтоолоор Монгол Улсад хэрэгжиж байгаа хөгжлийн баримт бичиг, хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийн үр нөлөөг судлах үүргийг төр өөртөө авсан. Энэ үүргээ биелүүлж цуглуулсан мэдээлэл байна уу гээд асуухад байхгүй гэж хариулж байгаа юм. Улс орон хамгийн эмзэг бүлгээ хэрхэн тордож байгаагаар нь хүнээ хэрхэн дээдэлж байна вэ гэдгийг тогтоодог. Засгийн газраас энэ талаарх мэдээллийг хүсэхэд мөн хариулаагүй.

Гэх мэт жишээнүүдээс харахад манай Монгол Улс засаглалын хямралд орчихсон юм биш биз дээ. ЗГХЭГ-ыг шахахгүй бол жил бүр хууль нэг бүрийг хэрэгжүүлж байгаад хяналт шинжилгээ хийж, Засгийн газарт тухайн жилийн дөрөв болон есдүгээр сард заавал танилцуулах үүрэг энэ газарт бий.

Форум үргэлжилж байна.

Далай лам: Хятадын удирдагчид олон талт соёлыг ойлгодоггүй
Далай лам: Хятадын удирдагчид олон талт соёлыг ойлгодоггүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.