Улсын Филармонийн үзвэрийн 50 дахь удаагийн нээлт ‘ТЭНГЭР ТАЛ’ сонгодог хөгжмийн концерт энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Улсын филармонийн синфони найрал хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Б.Анартай ярилцлаа.
-“Тэнгэр тал” сонгодог хөгжмийн концертын онцлог юу байна вэ?
-Филармонийнхон ноднин жил “Алтан намар” морин хуурын наадмыг тоглосноос хойш тоглолт хийсэнгүй. Яг жилийн дараа энэ тоглолтоо хийж байна. Үзэгчид маань урлагийг их санасан байх. Энэ удаагийн концертод Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой сэдвүүдийг сонгосон. Түүнчлэн алтан үеийн сэтгэлд хоногшсон хөгжмүүдийг ард түмэндээ хүргэх гэж байна. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/, удирдаач Б.Батбаатар /СТА/, болон миний бие гэсэн гурван удираач оролцож байна. Миний хувьд 20 дугаар зууны алтан үеийн хөгжмийн зохиолч З.Хангал гуайн “Салхит шувуу” бүтээлийг удирдана. Энэ бүтээл нь хувьсгалын маш шийдэмгий байдлыг харуулсан бүтээл юм.
-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдсан байгаа вэ?
-Багасгасан бүрэлдэхүүнтэйгээр тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна. Намар есдүгээр сараас хойш энэхүү концертын бэлтгэлээ хийсэн. Нэгдсэн журмаар өчигдрөөс хийж эхэлж байна.
-Нэг концерт тоглоход ер нь хэдий урт хугацааны бэлтгэл хийдэг вэ?
-Цаг хугацаа бага зарцуулдаг учир монгол зохиолоо тоглох илүү амар байдаг. Монгол хүний хувьд тухайн зохиолыг мэдрэхэд илүү дөхөмтэй. Харин Герман, Австри, Орсын дэлхийн сонгодог бүтээлийг тоглоход дор хаяж нэг сарын бэлтгэл хийх шаардлагатай. Тухайн бүтээлүүд нарийн техниктэйгээс гадна маш их мэдрэмж шаарддаг учир өдөрт дор хаяж 3-5 цагийг бэлтгэл хийхэд зарцуулдаг. Зөвхөн филармони дээр ирж бэлтгэл хийхээс гадна хувь хувьдаа бас нэлээд цагийг бэлтгэл хийж өнгөрөөдөг.
-Энэ удаагийн тоглолтыг хэдэн үзэгчтэй байхаар төлөвлөж байна вэ?
-Манай заал 260 хүний суудалтай. 50 хувийн дүүгэлттэйгээр концерт тоглоно гэхээр 120-130 хүн үзэх боломжтой. Концерт маань хоёр өдөр болно.
-Таны хувьд тоглолт хийгээгүй жилийн хугацаанд ажлаасаа хэр хөндийрсөн байна вэ?
-Миний хувьд удирдаач, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Хөгжмөөсөө холдсон зүйл байхгүй. Өдөрт төгөлдөр хуур тоглоно. Хөгжмийн найруулгаа хийнэ. Карентинд их завгүй байлаа. Цаашдын концертынхоо найруулгыг төлөвлөх гээд хийх олон ажил байна. Харин удирдаачийн мэдрэмжээ их санасан байна лээ. Есдүгээр сард ороод бэлтгэл хийхэд тэр л их гоё мэдрэмж байлаа.
-Филармонийн уран бүтээлчид цар тахлыг хэрхэн давав?
-Гэр гэртээ л байсан даа. Есдүгээр сарын 1-нд цуглардгаараа цугларч бэлтгэлээ хийж эхэлсэн. Манайхан ээлж дарааллаад ковид туссан учир багасгасан бүрэлдэхүүнтэйгээр ирж бэлтгэлээ хийцгээсэн.
Ер нь цар тахлын улмаас маш олон гоё бүтээлүүд цуцлагдсан. Миний хувьд Орос Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулж энэ сард тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан ч аргагүйн эрхэнд хойшлууллаа. Гэхдээ энэ концертоо ирэх жилийн 1,2 дугаар сард нөхөж тоглоно гэсэн бодолтой байна.
-Цар тахлын дараа эдийн засгийн их сэргэлт бий болно хэмээн дэлхий дахин бэлтгэж байна. Та бүхний хувьд эдийн засаг сайжирвал энэ салбарт хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж боддог вэ?
-Хамгийн түрүүнд олон улсын стандартад нийцсэн концертын заалтай болвол зүгээр байдаг. Манай одоогийн байгаа филармонийн заал бол намын хуучин хурлын заал. Зориулалтын заалтай болчихвол маш олон тоглолтын санаа байна. Сонгодог урлаг гэхээр Бах, Бетховен, Моцартаар төсөөлж болохгүй. Бүх зүйл цахимжсан, амьд харилцаа бараг байхгүй болсон энэ үед мэргэжлийн амьд аналог урлаг маш чухал байр суурь эзэлж байна. Тэр амьд мэдрэмжийг хүргэхийн тулд нэгдүгээрт олон улсын стандартын шаардлага хангасан заал хэрэгтэй. Бид нар гоё концерт хийе гэхээр хаана хийхээ мэддэггүй.
Уран бүтээлч, үзэгч хоёрыг холбодог гол зүйл бол хөгжмийн дуугаралт. Тав тухтай орчин нөхцөлд тоглолт үзвэл илүү амар тайван мэдрэмжийг үзэгчид төрүүлнэ. Хөгжимчдийн хувьд ч гэсэн акустик дуугаралттай зааланд тоглоход сэтгэлзүйн хувьд өөр байдаг.
ФИЛАРМОНИ НЬ ХӨГЖМӨӨР ДАМЖУУЛЖ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТАХ
ЗОРИЛГОТОЙ УРЛАГ
-Сонгодог хөгжмийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөө юу байдаг вэ?
-Сонгодог хөгжим сонсоод сурчихсан хүний бодол санаа, төлөвшил өөр байдаг. Аливааг тал бүрээс нь бодох чадвартай болдог. Яагаад гэхээр тухайн нотыг задалж, ойлгох үйл явц нь тухайн хүнд дээрх чадваруудыг суулгаж өгдөг. Мөн аливаа зүйлийг маш сайн төлөвлөж сурна. Сонгодог хөгжмийн аялгуу нь хүнийг сэтгэл мэдрэмжийг хөгжүүлдэг.
Сонгодог хөгжмийг хүүхдэд багаас нь сонсгож, дадал болгох нь маш олон давуу талтай. Тухайн хүүхдэд маш том боловсрол олгодгоос гадна олон зүйлийг таньж мэддэг.
-Анх удаа сонгодог хөгжим сонсож байгаа хүн тухайн бүтээлээс ямар мэдрэмжийг авах вэ? Ер нь анх сонгодог хөгжих сонсож байгаа хүний хувьд яавал зүгээр байдаг вэ?
-Сонгодог хөгжмийг нэг удаа сонсоод шууд дуртай болно гэж түүхэнд байхгүй. Гэхдээ юун түрүүнд үзэх гэж буй концерт, уран бүтээлийнхээ талаар тодорхой хэмжээний ойлголттой байвал зүгээр байдаг. Тэгж байж тухайн уран бүтээл юуны талаар өгүүлж байгааг мэдэхэд дөхөм. Чадвал тухайн бүтээлийн зохиолч, аль улсаас гаралтай, хэдэн онд үүссэн гэдгийг судалчихвал илүү сонирхолтой байх болов уу.
-Харин филармонийн талаар тайлбарлавал?
-Филармони гэдэг нь “хөгжмийн хүрээлэн” гэсэн утгатай. 20-р зууны эхэн үеэс үүссэн. Үүнээс өмнө теарт гэдэгт бүх зүйл багтдаг гэсэн нийтлэг ойлголттой байлаа. Дэлхийн маш соёлтой, боловсон орнуудад филармони өндөр түвшинд хөгжсөн байдаг. Сонгодог хөгжим үүссэн орнуудад филармони түгээмэл. Дуурь хөгжсөн газар театр ихтэй. Филармони нь хөгжмөөр дамжуулж хүний сэтгэлийг татах зорилготой урлаг юм. Түүнчлэн академик, суурь боловсрол олгох, хөгжмийг сурталчилан таниулах зорилготой мэргэжлийн хөгжмийн хүрээлэн юм.
-Ярилцсанд баярлалаа