Түгжрэл бол БИДНИЙ СОНГОЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэл бол БИДНИЙ СОНГОЛТ

- Гашуун ч гэсэн үнэн: Түгжрэл бол бидний сонголт -

2020 оны статистик мэдээгээр нийслэлд 615 мянган машин бүртгэгджээ. Эдгээр машины 450 мянга нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэх мэдээ байгаа юм. Машинтай л бол гоё харагдана, биед амар гэх ядмагхан бодлынхоо нугачаанд бэлэн мөнгөөр биш зээлээр авсан машиндаа ихэвчлэн ганцаараа зорчиж харагдана. Үд дундын их түгжрэлээр нэгдүгээр эгнээгээр явж байгаа нийтийн тээврийн хэрэгсэл хоосон шахам сүнгэнэн өнгөрөхөд машиндаа ганцаар суух залуучууд сигналаа даран бухимдангуй хоцорч байгаа нь өнөөгийн төрх.

Өдгөө Улаанбаатарчууд бид эзэмшлийн бүх машинаа дараалуулж зогсоовол нийслэлийн нийт замын уртаас даруй гурав дахин их машин бий гэх мэдээ бий.

- Автомашин зээлээр аваад сар бүр хүүтэй дүн төлөх үү такси барих уу -

Жишээ татъя. Зах зээлд худалдаалагдаж байгаа дундаж автомашины үнэ 21 сая. Үүнийг хоёр жилийн хугацаанд зээлээр авъя гэвэл танд урьдчилгаа дүн болох 4.2 сая төгрөг бэлэн байх шаардлагатай. Үлдсэн 16.8 сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлж дуусгана гэвэл сар бүр 1 сая 36 мянган төгрөг төлнө. /Хоёр хувийн хүү: 336 мянган ₮/ Ингээд бодохоор та 9 сая төгрөгийг хүүнд төлөх болж таарна. Ийм цочирдмоор тооцоолол гарч ирээд байхад заавал машин авна гэж улайраад байгаа шалтгаан юунд байна вэ?

Такси барих: Өнөөдрийн ханшаар такси үйлчилгээний хувь хүн, албан байгууллага 1 км нь 1500 төгрөгөөр үйлчилдэг. Хэрэв гэрээсээ ажил хүртэлх зайд 5000₮-өөр зорчдог хүн бол хоёр жилийн хугацаанд нийт ердөө 5 сая 220 мянган төгрөг төлөх юм. Машин зээлээр авснаас бага дүн байгаа биз.

Улаанбаатар хотод нийт хүн ам 1 сая 500 мянга байгаа гэх 2020 оны тоон мэдээ гарсан. Нэг машинд нэг хүн өдөр бүр явдаг гэж бодвол үлдсэн 1 сая 50 мянган иргэд нийтийн тээвэр, азтай одтой нэгэн нь такси олж зорчиж байна гэсэн үг.

- Нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай сайн биш байна уу -

Мэдээж дэлхийн дахины улс, гүрэнд үйлчилж байгаа "акул" нийтийн тээврийн хэрэгслийн хажууд манай улсын нийтийн тээвэр "бэйби шарк". Энэ төрлийн үйлчилгээг сайжруулахын тулд иргэдийн оролцоо дуу хоолой чухал.

Хамгийн эхний автобус явж эхлэхэд ХЭН шавааралдан автобусанд суудаг вэ? ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан, өндөр настан л дийлэнх харагдана. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүн нь нийгэмд дуу хоолойгоо хүргэхүйц олон залуус биш байхад хэн бидний санал хүсэлтийг сонсож, энэхүү үйлчилгээг дорвитой сайжруулах вэ? Дуу хоолойгоо хэлэх хэсэг нь авто замын хоёр гуравдугаар эгнээнд түгжирч, уур бухимдлаа илэрхийлээд байна шүү дээ.

Өчнөөн сая төгрөгийн зээлэнд олон жил унаад авто зам дээрээ түгжирч ТАВИЛАНТАЙГАА ЭВЛЭРЭХ ҮҮ, эсвэл автомашинаас татгалзаж нийтийн тээврээр зорчин үйлчилгээг нь сайжруулах тал дээр дуугаа нэгтгэх үү? Та алийг нь сонгох вэ?

Б.Жавхлан: Инфляц 6.0 хувьд хүргэх зорилготой ч 9.9 хувь байна
Б.Жавхлан: Инфляц 6.0 хувьд хүргэх зорилготой ч 9.9 хувь байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.