/2021.10.26/: "Рио Тинто" компани Засгийн газарт ээлжит захидлаа илгээн, санал тавьсан билээ.
Өнөөдөр "Оюу толгой"-н хөрөнгө оруулагчид уулзалт хийж байгаа. Тэгвэл уулзалтын өмнө "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргалаас энэ талаар тодруулж, байр суурийг нь сонслоо.
Рио Тинто
-“Рио Тинто” компаниас Засгийн газарт хандаж захидал илгээсэн гэж байгаа. Энэ захидлын гол агуулга нь юу вэ. Өмнө нь илгээж байсан захидлын агуулгаас ямар ялгаатай вэ?
-"Оюу толгой"-н хувь нийлүүлэгчид төслийн үр өгөөжийг сайжруулах хэлэлцээнд ороод багагүй хугацааг тууллаа. Хөрөнгө оруулагчид болох "Туркойз Хилл Ресурс", "Рио Тинто" компаниуд Монгол Улсын Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй тогтмол уулзаж ярилцсаны үр дүнд тодорхой санал тавьсан. Энэ захиа нь бидний наймдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдад илгээсэн саналыг илүү дэлгэрүүлж, Засгийн газраас тавьсан асуудлуудад хариу шийдэл санал болгосон. Тодруулбал,
- Нэгдүгээрт, 22 тэрбум ам.долларын болзошгүй өрийг үгүй болгож, "Оюу толгой" дахь Монгол Улсын Засгийн газрын 34 хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтын зээл буюу “Эрдэнэс Оюу толгой”-н нэр дээр хуримтлагдаад байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг ам.долларыг тэглэе гэсэн. Ингэснээр "Эрдэнэс Оюу толгой"-д оногдох өрийн хэмжээг 2012 оны түвшинд аваачиж, гадаадын хөрөнгө оруулагчид Оюутолгойн гүний уурхайн төслийн зардлын хэтрэлтийг хариуцахаар болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ногдол ашиг хүртэх хугацаа наашилж, Монголын ард түмэн төслөөс хүлээсэн үр ашгаа сааталгүй хүртэх бололцоо нэмэгдэж байна.
- Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг хариуцаж, ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт бүрдүүлэх санал тавьсан. Ингэснээр Монголын ард түмний хүлээж байсан үр өгөөж биеллээ олж, цар тахлын энэ цаг үед манай улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
- Гуравдугаарт, Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу төслийн менежментийг хэрэгжүүлж буй тал зардлын хэтрэлтийг хариуцаж, тухайн зардалд оногдох менежментийн үйлчилгээний төлбөрийг авахгүй байх, гүйцэтгэлийн баталгааны шимтгэлийг 2028 оны хоёрдугаар хагас хүртэл тооцохгүй байх саналыг тавьсан.
Эцэст нь, мэдээллийн ил тод байдал, сайн засаглалыг "Оюу толгой" төсөл дээр хэрэгжүүлэх Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, хувь нийлүүлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа, төслийн засаглалыг сайжруулахад хамтран ажиллах болно. Ингэснээр "Оюу толгой"-оос илүү их үр өгөөжийг ард иргэддээ хүртээхийг хичээж ирсэн үе үеийн Засгийн газрын бодлогын залгамж халаа хадгалагдана.
-1.6 тэрбум ам.долларыг тэглэнэ гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Засгийн газрын Ажлын хэсгээс 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх гэж байна хэмээн мэдэгдэж байсан шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд 22 тэрбум ам.долларын өр гэдэг нь ирээдүйд үүсэж болзошгүй таамаглал тооцоолол байсан юм. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тухайлбал, зэсийн үнэ, инфляц, үйлдвэрлэлийн зардал, шатахуун, түлш түүнчлэн санхүүжилтийн хэлбэр зэргээс шалтгаалан ирээдүйн тооцоолол янз бүр гарна. Гэхдээ энэ тооцооллын хамгийн том хөдөлгөгч, бодит суурь нь үндсэн зээлийн дүн. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын зүгээс энэ үндсэн зээлийн дүнг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүг тэглэе гэсэн саналыг тавьсан. Ингэснээр Монголын талд очих төслийн эдийн засгийн өгөөж 53 хувиас дээш болно. Засгийн газар хэзээ ч 22 тэрбум ам.долларын өрөнд орохгүй.
-Засгийн газар 100 хувь тэглүүлэх байр суурьтай байгаа талаар намын бүлгийн хурлаар яригдсан байсан. 100 хувь бус, 70 хувь бууруулах санал гаргах болсон тухай та тайлбарлахгүй юу?
-Засгийн газар "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулахдаа Монгол Улсын хууль дүрэм болон бизнесийн журмаар талууд өөрийн хувь эзэмшилд оногдох эрсдэл болон үр өгөөжөө хамтран хүртэх үндсэн суурь зарчим дээр тохирсон. Энэ гэрээний хэрэгжилтийн үр дүнгээс өнөөдрийг хүртэл 3 тэрбум гаруй ам.доллар буюу 9 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт хуримтлуулсан. Энэ нь "Оюу толгой"-н хөрөнгө оруулалтын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 5 дахин тэлэх хөшүүрэг болж өгсөн.
Тийм учраас "Оюу толгой"-н хөрөнгө оруулагчид төслийн зардлын хэтрэлтийг бүрэн хариуцаж, Монголын ард түмнийг төслийн хугацаа хойшилсноос үүдэж гарч болзошгүй нөлөөллийг арилгах саналтай байна.
-Гүний уурхайн зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн. Энэ санхүүжилтээс “Рио Тинто” менежментийн төлбөр авахгүй гэлээ. Энэ нь гүний уурхайн зардлыг хойшлуулсныхаа хариуцлагыг хүлээж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?
-Зөвхөн энэ зардлын хэтрэлтээс гадна ирээдүйд үүсэж болох, тухайлбал цар тахал зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй нөлөөллийг мөн хариуцах санал юм.
-Өчигдөр Б.Солонгоо сайд ярилцлага өгөхдөө одоо хүртэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд хариулт өгөөгүй байгаа гэдгийг хэлсэн. Хариу өгөхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-"Оюу толгой" бол олон зүйлээр хөгжил дэвшил авчирсан том бүтээн байгуулалт. Бидний өнөөдрийг хүртэлх зам үргэлж дардан байсангүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн. Зам, цахилгаан зэрэг дэд бүтэц хөгжөөгүй, алслагдмал газар, Монголын говьд, тэр тусмаа газрын гүнд ярвигтай, далайцтай том төслийг хэрэгжүүлэхэд амаргүй байдаг. Төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолоогүй хүндрэл, бэрхшээлүүд үүсдэг. Гэсэн ч бид бүтээн байгуулалтаа гүйцээхээр ажиллаж байна.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бидний хувьд санал нийлэхгүй зүйл их байгаа ч санал нийлж буй зүйлс бас бий. Үнэндээ бид нөхцөл байдлын талаар шалтаг тоочоод суугаад байхыг хүсээгүй. Асуудлаа шийдэх тодорхой саналыг явуулж, уучлалт гуйсан. Дээр хэлсэнчлэн, хөрөнгө оруулагчид зардлын хэтрэлтийг бүрэн хариуцна. Тиймээс аль болох хурдан шуурхай ажлаа урагшлуулъя, асуудлаа шийдье, хамтарч ажиллая гэсэн саналыг удаа дараа тавьсан. Хамгийн гол нь бид хамтрагчид. Аливаа үүссэн асуудлаа хамтран шийдэх хэрэгтэй.
-“Рио Тинто”-ийн зүгээс Засгийн газрыг 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг зөвшөөрөхгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсооно гэж дарамталсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Бидэнд өнөөдөр ярилцаж хэлэлцэж байгаа цаг мөч бүхэн үнэ цэнтэй байна. Гүний уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цаг алдалгүй даруйхан эхлүүлэх дээр хоёр тал санал нэгдэж байгаа. Ингэхийн тулд гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг "Оюу толгой"-н ТУЗ батлах эсэх нь цаг тулсан асуудал болоод байна. Учир нь энэ нэмэлт хөрөнгө оруулалт батлагдахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт цааш үргэлжлүүлэхэд төвөгтэй болно.
Тэгэхээр энэ бол дарамт шахалт бус, манай хамтын бизнесийн бодит байдал юм. Ер нь бол “дарамтлах, сүрдүүлэх” гэдэг үгийг арай өөр нөхцөлд хэрэглэдэг байх. Бидний хувьд Засгийн газрын Ажлын хэсэгтэй ойлголцохын тулд ихээхэн чармайж ажиллаж байна. Бид шуурхайлан асуудлаа эцэслэн шийдвэрлэхгүй бол хугацаа алдах тусам үнэ цэн, үр өгөөжөө тэр хэрээр алдана. Ер нь 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт нь эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед Монгол Улсад томоохон дэмжлэг болох, хаалганы гадаа хүлээж буй бэлэн хөрөнгө оруулалт юм.
Энэ нэмэлт хөрөнгө оруулалт Монголын хөрсөнд шингэх мөнгө. Тодруулбал, үүнээс 200 сая ам.доллар нь Засгийн газарт татвар хэлбэрээр, үлдсэн нь 4,000 ажлын байрыг сунган, үндэсний ханган нийлүүлэгчидтэй үргэлжлүүлэн ажиллуулах боломж болох юм.