Н.Анхбаяр олон улсын цахим семинарыг нээж үг хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Анхбаяр олон улсын цахим семинарыг нээж үг хэлэв

/2021.10.26/: Гадаад харилцааны яам, НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба, Монголын Геомэдээллийн холбоо хамтран зохион байгуулж буй Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем (GNSS)-ийн хэрэглээ сэдэвт олон улсын семинарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр нээж үг хэлэв.

Цахим Үндэстэн болох, сансрын холбооны болон зайнаас тандан судлалын Үндэсний хиймэл дагуулууд хөөргөх зэрэг Засгийн газрын томоохон төсөл, хөтөлбөрт Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ТНБД Н.Анхбаяр онцоллоо.

Тэрээр "Манай улсын сансрын технологи судлал, геодези, зураг зүйн, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхах, сайн туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгож буй уг семинарыг зохион байгуулагч НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Монголын Геомэдээллийн холбоо, Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, гаднын зочид төлөөлөгчдөд талархлаа" гэв.

Таван өдрийн турш үргэлжлэх олон улсын семинарт хэмжил зүй, зураг зүй, дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын системийн хэрэглээ, салбар дундын хэрэглээнүүд болох харилцаа холбоо, мэдээллийн технологи, зам, тээвэр, байгаль орчин, цаг уурын судалгаа, ХАА-н нарийвчилсан мэдээлэл, гамшгийн менежмент, бүс нутгийн жишиг зураглалын хүрээнд хамтарсан, бүсийн, олон улсын GNSS сүлжээг хөгжүүлэх, сансрын шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, хэрэглээний чадавхыг бэхжүүлэхэд түншлэлийг бий болгох зэрэг асуудлаар оролцогчид санал солилцож семинарын төгсгөлд зөвлөмж, дүгнэлт гаргана.

Семинарт ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Узбекистан, Тайланд, Индонез, Пакистан, Балба, Бангладеш, Куба, Бразил, Хорват, Алжир, Венесуэл, Нигериа, Этиоп зэрэг улсын дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын системийн хэрэглээний асуудлаарх салбарын төлөөлөгчид болон НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Эх сурвалж: ГХЯ

ХЭҮК: Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна
ХЭҮК: Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.