Худалдаа хөгжлийн банк иргэн Г.Сэржхоролд мэдэгдэлгүйгээр 6 хувийг хүүтэй ипотекийн зээлийн хэлцлийг МИК-тэй байгуулсан гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар Монголын Ипотекийн корпорацийн Үнэт цаасжуулалтын газрын захирал Б.Буяннэмэхээс тодрууллаа.
-Г.Сэржхорол гэдэг хүнтэй холбоотой гомдол яваад байна. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ? Худалдаа хөгжлийн банк тухайн хүнд мэдэгдэлгүйгээр танайхтай арилжаа хийсэн гэж байна?
-МИК нь 2006 онд монголын анхдагч зах зээлийг дэмжих, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Манай компани үндсэндээ хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
Нэгдүгээрт, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд банкуудын олгосон 6 хувь, 8 хувийн хүүтэй зээлийг худалдаж аван үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд 2013 онд хөтөлбөр хэрэгжүүлж 85 мянга орчим зээлдэгчийн 4,4 их наяд төгрөгийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулаад байна.
Хоёрдугаарт, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь өөрийн болон олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрээрээ банкуудын зах зээлийн хүүтэй зээлийг зах зээлийн хүүтэйгээр нь худалдан авах үйл ажиллагаа явуулдаг. Энэ төрлийн хэлцлийг манайх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хийж байгаа. 2006 оноос хойш энэ төрлийн хэлцлийн хүрээнд нийт 11 банк, 6 банк бус санхүүгийн байгууллагаас 111 удаагийн хэлцлээр 1.14 их наяд төгрөгийн зээлийг багцлан худалдаж аваад байна.
Монголын ипотекийн корпораци банкны зээлийг багцлан худалдан авах үйл ажиллагааны хүрээнд 2017 онд иргэн Г.Сэржхоролын зээлийг зах зээлийн хүүтэйгээр нь худалдан авсан.
Ипотекийн зээлийг анхдагч болон хоёрдогч зах зээл гэж ангилж үздэг. Анхдагч зах зээлд банк болон иргэдийн хооронд харилцаа явагддаг. Харин МИК бол хоёрдагч зэх зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Бид тухайн зээлдэгчийн зээлийг банктай байгуулсан гэрээний үндсэн дээр худалдаж авсан. Тиймээс тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлэх асуудлыг ХХБ-наас тодруулсан нь зүйтэй болов уу.
-Банк тухайн харилцагчид мэдэгдэл хүргүүлсний дараа танайхтай арилжаа хийх ёстой гэсэн үг үү?
-Тийм. Гэрээгээр манайх зээлдэгчийн банктай байгуулсан гэрээг шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, Тухайн иргэний зээлийг нь банкинд шилжүүлэх эрхийг олгосон байна уу. Банк нь зээлдэгчид мэдэгдсэн байна уу гэх мэтээр нягтлах шаардлагатай байдаг.
mpress.mn сайт иргэн Г.Сэржхоролтой хийсэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.