Өчигдөр орой БГД-ийн 17 дугаар хорооны иргэн Г.Сэржхорол Худалдаа хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпорацитай холбоотой өөрт тохиолдсон луйврын хэргийн талаар цахим орчинд нийтэлсэн юм. Тухайн иргэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авлаа.
-Та өөрт тохиолдсон маш том луйвар байж болзошгүй хэргийн талаар фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Би 11 жилийн өмнө Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 100 сая төгрөгийн зээлтэй 94м2 талбайтай байр авсан юм. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд зөвхөн хүүнд нь 116 сая төгрөг төлсөн ч үндсэн зээлээс ердөө 25 хүрэхгүй сая төгрөг хасагдсан. Тиймээс энэ сарын 10-нд байраа зарахаар болж гэрчилгээгээ аваад нотариат дээр очтол “Таны орон сууц давхар Монголын Ипотекийн Корпораци дээр зээлийн бүртгэлтэй байна” гэсэн. Тиймээс учрыг нь олохоор холбогдох байгууллагуудтай очиж уулзахад үүний ард маш том сүлжээ байна гэж хардахад хүрлээ.
Нэгдүгээрт, 80 метр кв-аас дээш талбайтай байртай иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй гэсэн журамтай. Гэтэл дээрх байгууллагууд төрөөс мөнгө завшихын тулд 80 мкв-аас дээш мкв-тай байртай иргэдэд хэлэлгүйгээр нэр дээр нь ипотекийн зээл авчихсан юм байна лээ. Энэ бол эхний хууль бус үйлдэл.
Хоёрдугаарт, Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тухайн хүний нэр дээр байгаа үл хөдлөхийг ямар нэг байдлаар барьцаалах боломжгүй. Үүнийг бол тэд нар гэрээгээр зохицуулагдсан гэж хэлээд байгаа юм. Хуулиас давсан гэрээ гэж хаана ч байхгүй.
Надаас 16 хувийн хүү гэж банкны данснаас татаж байгаа мөртлөө, өөрсдөө цаанаа 6 хувийн хүү төлж байсан юм байна лээ. Энэ хугацаанд зөвхөн би 16 хувийн хүү төлсөн юм шиг харагдаж байгаа ч надтай ижилхэн луйвардуулсан маш олон хүн байгаа. Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгч хариуцсан мэргэжилтэнтэй очиж уулзахад “Манайх санхүүжилт босгохын тул ингэсэн юм. Энэ хэргийг чимээгүйхэн өнгөрөөчхөж болохгүй юу” гэсэн. Үүний цаана маш том сүлжээ байна гэж хардаж байна.
-Өчигдөр нийтэлсэн постноос хойш таньтай ижилхэн асуудалд орсон хүн холбогдсон уу?
-Холбогдсон. Миний бичсэн постны доор маш олон хүн яг надтай адил нөхцөл байдалд орсон гэдгээ бичсэн байна лээ. Мөн энэ хэргийн талаар дахиад мэдээллээрэй гэж хэд хэдэн хүн холбоо барьсан.
-Та хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Нэг хуульчид хандсан. Хуульч маань "Ипотект байсан гэсэн лавлагаагаа эртхэн авахгүй бол систем дээрээс бүх мэдээллийг чинь цэвэрлэчихээд байгаагүй гэж магадгүй" гэж байна лээ. Гэхдээ Худалдаа хөгжлийн банкны харилцагчтай үйлчлэх хэлтсийн дарга нь миний байрыг ипотекийн зээлд бүртгэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.