Асуудал охидод БИШ НИЙГЭМД БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асуудал охидод БИШ НИЙГЭМД БАЙНА

/2021.10.20/ Өнөөдөр нэгэн аймагт дунд сургуулийн охин сургууль дээрээ амаржсан харамсалтай хэрэг гарсан.

Гэхдээ энэ бол зөвхөн нэг охины асуудал биш. Түүнтэй яг ижил зовлон, бэрхшээлийг туулж буй мянга мянган охины асуудал. Түүнчлэн анги удирдсан багш, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, гэр бүлийнхэн нь юу хийж, хэрхэн анхаарал хандуулж байсан бэ гэдэг асуудал. Тухайн аймгийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд залуучууды хөгжлийн газар гээд олон албан тушаалтнуудын хариуцлагын асуудал ч яригдана. Хэнтий аймгийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багууд, ЕБС-ийн хүүхэд хамгааллын багууд юу хийж байсан бэ гэх асуулт ч тавигдана.

Монголд охидын эрх ямар түвшинд байна вэ?

Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, охидын эрхийн асуудал нь нийт 560 мянган хүн буюу нийт хүн амын 20 орчим хувьд хамаатай асуудал юм. ХЭҮК-оос гаргасан "Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн асуудал" судалгаанд дараах зүйлсийг дурьджээ.

Охидод ханддаг нийгэм, сэтгэл зүйн уламжлалт хандлага арилахгүй амь бөхтэй байсаар байна. Охин хүүхдийг ад үзэх, дорд үзэх, ялгаварлах үзэл хандлага арилахгүй байна. Жишээ нь, 3 эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг “дархан бэр” хэмээн хүндэтгэн өргөмжилдөг хэрнээ дараалан 3 охин төрүүлсэн эмэгтэйг бараг дооглон тохуурхах нь бий. Бэрээ “дандаа охин төрүүлдэг” гэж гэрээсээ хөөсөн хадам ч байна.

Үүнээс гадна охидыг “эмэгтэй” учраас сургуульд сургахгүй байх, боловсрол эзэмших эрхийг нь зөрчих, хөвгүүдтэй адил тэгш боломжоор хангахгүй байгаа баримт жишээнүүд олныг дурьдаж болно. Мөн ‘охидыг тусгайлан авч үзэх шаардлагагүй’, ‘охид бол хүүхэд эсвэл өсвөр насныхан хэмээх хүн амын бүлэгт харъяалагдахад л хангалттай’ гэх үзэл бодол, уламжлалт хандлагатай шийдвэр гаргачид, хууль тогтоочид байсаар байна.

Өөрөөр хэлбэл охидын эрхийн асуудалд анхаарах, өөрчлөлт авчрах улс төрийн сонирхол бараг байхгүйтэй адил байна гэж дүгнэж болохоор байна.

Гэтэл манай Монгол Улс нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхүүдтэй салшгүй холбоотой доорх эх сурвалж болох ОУ-ын гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон баталсан ба хэрэгжүүлэх амлалт үүрэг өгсөн. Үүнд,

  • Иргэний ба Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Конвенци, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Конвенци, 1974 онд
  • Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай Конвенц 1969 онд
  • Эмэгтэйчүүдийн эсрэг алагчлах (ялгаварлан гадуурхалт) 11 бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон түүний нэмэлт протоколууд 1981 онд
  • Хүүхдийн эрхийн тухай Конвенци, 1990 онд  Эмэгтэйчүүдийг Хүчирхийлэхийн эсрэг Тунхаг 1993 онд
  • Хүн ам ба Хөгжлийн асуудлаарх Олон Улсын Чуулганы үйл ажиллагааны төлөвлөгөө, 1994 онд
  • Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р Чуулганаас гарсан Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн Хөтөлбөр, 1995 онд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон түүний нэмэлт протокол 2009 онд
  • Мянганы хөгжлийн Тунхаглал 2000 онд
  • Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2015 онд

Манай улс энэ мэтээр ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж, олон гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон баталсан ч дээрх зүйлс ёс төдий байгаа нь харагдаж байгаа юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос "Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал" судалгааг 2018 онд хийжээ. Тус судалгаанаас онцлох жишээ, баримтыг хүргэж байна.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн нөхцөл байдал Монголд ямар байна вэ?

Охидын боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь нээлттэй ч соёл, уламжлал, зан заншлаар тэдэнд хандах хандлага ялгаварлан гадуурхалтын хор уршгийг амссаар байгааг олон баримт жишээнээс харж болно. Тухайлбал,

  • 15-19 насны охидын 98.8% нь орчин үеийн жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн талаар мэдлэгтэй байна. Гэсэн хэдий ч гэрлэсэн, эсхүл бэлгийн идэвхтэй амьдралтай 24 хүртэлх насны охидын 57.4% нь үүнийг огт хэрэглэдэггүй ажээ.
  • 2016 оны байдлаар манай улсад нийт 18,316 үр хөндөлт хийгдсэн ба нийт үр хөндөлтийн 5 хувийг 20-иос доош насны эмэгтэйчүүд хийлгэжээ. Үүнийг тоон үзүүлэлтэд шилжүүлж үзвэл 916 өсвөр насны охин үр хөндүүлсэн байна. 2016 оны байдлаар манай улсад нийт 79.9 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд үүний 3,839 нь 15-19 насны охидоос төрсөн байна. Өмнөх 2015 онтой харьцуулж үзэхэд нийт төрөлт 2,210 нэгжээр буурсан байгаа ч өсвөр насны охидын төрөлт 244 нэгжээр өссөн үзүүлэлтэй байна.
  • 2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 290 хүчиндэх гэмт хэргийн улмаас 295 охид, эмэгтэйчүүд хохирсон бөгөөд нийт хохирогчдын тал орчим хувь буюу 48.5%-ийг 0-17 насны охид эзэлж байна" гэжээ.

Энэ мэтчилэн олон мянган охидын эрх ашиг зөрчигдсөөр байгаа нь харамсалтай. Охидын эрхийг хамгаалах дээрх олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд манай улс нэгдсэн ч өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дорвитой хийсэн ажилгүй байна. Тиймээс төрийн байгууллагынхан болон бусад хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагууд шат шатандаа охидын эрхийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага өнөөдрийн нийгмийн зонхилох асуудал болоод байна.

О.Отгонтөгс: Олны анхаарлыг татахын тулд дуучин С.Жавхлангийн талаар ярьсан
О.Отгонтөгс: Олны анхаарлыг татахын тулд дуучин С.Жавхлангийн талаар ярьсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.