/2021.09.16/ Сүүлийн жил гаруй хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас шалтгаалсан эдийн заcгийн хүндрэлийг даван туулахын тулд дэлхий нийтээр тэмцэж байна. Монгол Улсын хүн амын 65 хувь КОВИД-19-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч цар тахлын тархалт дахин нэмэгдэж, тодорхой бус байдал төдийлөн буурахгүй байна. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 9-р сарын ээлжит хурлын шийдвэр, уг шийдвэрийг гаргахад гол үндэслэл болж буй эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв, хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар Монголбанкны байр суурийг Та бүхэнтэй хуваалцъя.
Инфляцыг богино хугацаанд нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тайлбарлаж байна. Цаашид эрэлтийн нөлөөгөөр инфляц алгуур сэргэх хэдий ч Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцлон дурдъя. Инфляц энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч нэмэгдээд байна. Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй болон гадаад хүчин зүйлс тайлбарлаж байна. Жишээ дурдаж хэлэхэд хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү, богино хугацаанд инфляц суурь үеийн болон гадаад, дотоод нэг удаагийн шинжтэй нөлөөгөөр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас инфляц Төв банкны зорилтын орчимд тогтворжихоор байна. Гэвч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлт сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ огцом өсөх тохиолдолд, хүлээлтээс давсан инфляцыг үүсгэж болзошгүй байна.
Эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бууруулсан ч үүний тодорхой хэсэг нь ДНБ-ий аргачлал, тооцоолол шинэчлэгдсэнтэй холбоотой байна. Хилийн хязгаарлалт, вирусийн шинэ хувилбарууд тархаж байгаатай холбоотой эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт 2 дугаар улиралд муудсан боловч эдийн засаг 2021 оны эцэст цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлт хэвээр байна. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар 2 дугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна. Харин уул уурхайн бус салбарын хувьд оны сүүлийн хагаст Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байна. Улмаар уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү хаагдах хугацаа 1 улирлаар наашилж 2021 оны эцэст хаагдах хүлээлттэй байгааг энд онцолмоор байна.
Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ.
Цар тахалтай нүүр тулсан 2020-2021 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа билээ. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээл олголт сэргэж 2021 оны 7 дугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 12.3 хувиар өслөө. Түүнчлэн, шинээр олгосон зээлийн дундаж хүү энэ оны 7 дугаар сарын байдлаар 12.8 хувь болж, 1 дүгээр сарын түвшнээс 2.4 нэгж хувиар буурсан байна. Бодлогын өнөөгийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд Төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлаас хойш дэлхийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, худалдааны гол түнш орнуудын өсөлтийн төлөв сайжирлаа. Тухайлбал, АНУ, ОХУ, Евро бүс зэрэг томоохон эдийн засгийн өсөлт энэ оны 2-р улиралд хүлээлтээс өндөр байсны зэрэгцээ 2021, 2022 оны төсөөллөө нэмэгдүүлээд байна. Улс орнуудын цар тахлын сөрөг нөлөөг бууруулах бодлогын арга хэмжээ болон вакцинжуулалтын явц нь сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч КОВИД-19 вирусийн шинэ хувилбаруудын тархалт нэмэгдэж байгаа нь гадаад эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг бодлого боловсруулах, зохицуулалт хэрэгжүүлэх бүх шатандаа анхаарах нь зүйтэй.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин манай экспортын орлогод дэмжлэг үзүүлж байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар экспортын үнэ жилийн 34.6 хувиар, импортын үнэ 18.6 хувиар өсч, гадаад худалдааны нөхцөл жилийн 13.6 хувиар сайжирлаа. Тодруулж хэлбэл нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортын үнийн төсөөлөл нэмэгдэн, гадаад худалдааны нөхцөл энэ онд үргэлжлэн сайжрах хүлээлттэй байна. Хэдийгээр гадаад эрэлт сайжирсан ч манай экспортын биет хэмжээ төдийлөн сэргэхгүй байна. Нүүрсний экспортын тээвэр сүүлийн 6 сарын туршид удааширч, нийт экспорт эхний 7 сард хүлээлтээс багаар буюу 18.3 хувиар өслөө. Харин дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ зэргээс үүдэн импорт оны эхний 7 сард 31.9 хувиар тэллээ. Ийнхүү импорт экспортоос хурдтай өссөн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2 дахин тэлээд байна Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр оны эхний 7 сард 300 сая ам.долларын алдагдалтай байгаа хэдий ч энэ онд гадаад валютын нөөц өмнөх оны түвшинд хадгалагдах хүлээлттэй байна.
Миний бие илтгэлийнхээ төгсгөлд цар тахлын хямралыг даван туулахад бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, дэмжиж буй түнш улс орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Цар тахлын энэ хүндрэлийг сайн хөршийн, сайн түншийн харилцаагаа улам бүр нягтруулж хамтын хүчээр амжилттай даван туулна гэдгийг онцлон тэмдэглэж илтгэлээ өндөрлөе.
Эх сурвалж: Монголбанк