/2021.09.08/ “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулав.
Уулзалтыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар нээж үг хэллээ. Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байна.
Тиймээс бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буй. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг энэ удаа хэлэлцэж, талууд харилцан мэдээлэл солилцлоо.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын салбарын дийлэнх нь цар тахлын нөлөөнд автаж, борлуулалт нь хоёр дахин буурсан төдийгүй, экспортын хэмжээ эрс багассан, санхүүгийн хүндрэлээс үүдэн үйлдвэрлэлийн түүхий эдээ авч чадалгүй өдий хүрсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид олон байна.
Тухайлбал, Аялал жуулчлалын салбар гэхэд санхүүгийн хүндрэлд ороод зогсохгүй ажлын байраа ихээр алджээ.
Төрөөс ямар нэгэн татаас дэмжлэг үзүүлээгүйгээс гадна хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадалгүй үлдсэн байна.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2020 онд аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь татан буугджээ.
Харин махны экспортын хувьд малын халдварт өвчин болон цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэн талаар Монголын махны холбооны менежер И.Баттогтох танилцууллаа.
Ноос, ноолуурын салбарт олгогдож буй зээлийн хэрэгжүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх, зээлийн нөхцөл уян хатан байх, түүхий эд бэлтгэх улирлын цаг хугацааг харгалзаж үзэх саналыг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа дэвшүүллээ. “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, өөрийн банкны олгож буй экспортын бус зээлийн талаар Худалдааны хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Булган мэдээлэл өглөө. Тус банкны экспортын санхүүжилт дотор уул уурхайн бус экспортын зээлийн эзлэх дүн 26.5 хувьтай байна.
Цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай байгаатай оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд МҮХАҮТ-ын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцоллоо. МҮХАҮТ ковидын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд экспортыг дэмжих талаар төр засагт тодорхой санал, зөвлөмжөө хүргүүлсэн билээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим