/2021.09.08/: Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв хамтран 15-34 насны зорилтот бүлгийн залуучуудыг хорт зуршлаас ангид байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хорт зуршилгүй залуу" олон талт нөлөөллийн ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Энэ дагуу долдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 30 залууг сайн дурын үндсэн дээр 2 ээлжийн эмчилгээнд хамруулаад байна. Хамрагдсан залуучуудыг наркологийн эмнэлэгт 7 хоногийн эмчилгээнд хамруулж, ХЗДХЯ-ны харьяа “Цагаан өргөө” амралт, сувиллын газарт 21 хоног тусгай хөтөлбөрт хамрууллаа.
Уг хөтөлбөрөөр дамжуулан эмийн болон хордлого тайлах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ болон сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хувь хүний болон амьдрах ухааны сургалтаар дамжуулан “Дэмжих бүлэг”-ийг зохион байгууллаа. Тус дэмжих бүлэг нь 2 жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан залуучуудтай эргэх холбоотой ажиллах юм.
Мөн хамрагдсан залуучуудын ар гэрт сургалт зохион байгуулж, эмчилгээний дараа ажилд зуучлах, мэргэжил олгох сургалт дамжаанд хамруулах, ажил орлоготой болгох үйл ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
Дээрх үйл ажиллагаанд зорилтот бүлгийн нийт 100 залууг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 15-34 насны залуучууд холбогдох боломжтой юм байна.
Эх сурвалж: ГБХЗХГ