- Дархан хотод зорчсон нь -
2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийн Баасан гараг. Бензиний үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл цахим хуудсаар түгсэн ч АИ-92 бензинээ нэг литр нь 2050₮ өөр аваад Дархан хотын зүг хөдөллөө.
Орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн тоо олширсныг ч хэлэх үү, хорин хоёрын товчоо хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Дархан хот руу чиглэдэг үндсэн зам нь засвартай байгаа бөгөөд тийш зүглэгсэд хүй долоон худаг руу явж байгаад үндсэн замтайгаа нийлсэн юм.
Хүй долоо худгаас салаад 21км зам өд хийсэж байгаа юм шиг л зөөлөн сайхан замаар давхиж өнгөрлөө. Дарханы тэр айхтар замаар явж үзээгүй надад өнөөх зам чинь зүгээр л газар байдаг юм байна шт, хүмүүс л дэгсдүүлж ярьсан байна гэх бодол төрсөн юм.
Ийн бодол ургуулан явсан миний амар амгалан байдлыг жинхэнэ шороон замд давхилдах олон машины өлөн тоос балартуулж орхилоо. Өглөөгүүр бороо ороогүй байсан тул тэр аймаар шороо нь яг л “Mad Max: Fury road” киноны ассан олон машины зураглал шиг санагдсан юм. Овоолсон өндөрлөг шороон замын хажуугаар ямар ч хашлага байршуулаагүй байсан нь бүр л үхэл рүүгээ яарсан нэгэн шиг бодол төрүүллээ.
Явсан километрээ тухай бүрд нь тэмдэглэж авсан юм.
Дархан хотоос гараад | |
6.5 км | засмал |
6.8 км хүртэл | шороон зам |
6.8 км-ээс | шинэ зам |
31 км-ээс | хуучин зам |
34 км-ээс | эвдрэлтэй хуучин зам |
40 км-ээс | шороон зам |
41 км-ээс | хуучин зам |
44 км-ээс | эвдрэлтэй хуучин зам |
46 км-ээс | хуучин зам |
52.5 км-ээс | шороон зам |
58 км-ээс | эвдрэлтэй хуучин зам |
59.3 км-ээс | шороон зам |
59.7 км-ээс | хуучин зам |
73.2 км-ээс | шороон зам |
76 км-ээс | шинэ зам |
120 км-ээс | шороон зам |
126 км-ээс | хуучин зам |
135 км-ээс | шороон зам |
147 км-ээс | эвдрэлтэй хуучин зам |
152 км-ээс | хуучин зам |
161 км-ээс | шороон зам |
165 км-ээс | шинэ зам |
186 км яваад "Хүй долоон худаг" дээр ирэв | |
205 км яваад "22-ын товчоо" дээрээ ирлээ. |
/тэмдэглэлийн зураг хавсаргав/
Сүүлд харахнээ чичгэнэсэн бичгийн хэв маань ямар замаар явсныг маань гэрчилж өгч байгааг анзаарлаа.
Замын аж байдлыг ерөнхийдөө дараах байдлаар ангилж орхив:
- Шинэ засмал зам
- Хуучин засмал зам
- Хуучин эвдрэлтэй зам
- Шороон зам
Дөрвөн километр үргэлжлэх тамын замыг өнгөрөөд хуучин засмал зам дээр гарч ирлээ. Сэгсчигдсэн бие маань сая нэг тайвшрах болов. Хэдий засмал зам хэдий ч энд тэнд нь үүссэн шархыг нөхчихсөн байсан нь анзаарагдана.
Энэ зам дагуу Төв аймгийн Баянчандмань сум дайралдана. Буйд газар хөөрхөн тохижоод авсан тус байршил дээр болж байгаа олон л зүйлс анзаарагдлаа. Үүнээс болохгүй зүйл нь нүдэнд тод буусан нь дэгэн догонтой хуучны засмал зам дээр хурд сааруулагч байгаа шүү, хурдаа тохируулаарай гэхийг сануулах босоо тэмдэглэгээ байсангүй. Хөндлөн хурд сааруулагч байгаа ч гэж мэдээгүй манай жолооч зургаан удаа цочтол үсчив. Магад энэ тэмдэглэгээгүй байдал нь зам тээврийн осол үүсэх шалтгаан болвол яах вэ? ийн бодоод цааш өнгөрлөө.
Хуучин засмал зам есөн километр үргэлжилсний дараагаар эвдрэлтэй хуучин замтай нийллээ. Тарваганы нүх шиг тэр олон нүхийг тойрч гарах гэж ёстой л ухаан сийлж явах юм. Тээврийн том тэрэг, суудлын машин, том автобус, мопед гээд л есөн шидийн тээврийн хэрэгсэл өнгөрөх 205 километр энэ замыг таван багцад хуваарилан засмал зам тавьж байгаа гэсэн ч бодит байдал дээрээ тавин хэсэгт хуваарилаад засаж байгаа аятай өм цөм зам байгаа нь зам биш “ТАМ” болгосон аятай байлаа.
Шороон замтай ахин нийллээ. Хувингаар цутган асгарах аятай их бороо орохын өмнөхөн өтгөн манан татсан нь замд яваа бидэнд туйлын үзэсгэлэнтэй харагдсан юм. Мөн л эл үзэсгэлэнтэй байдлыг улаан шороо татуулан өнгөрөх тээврийн хэрэгсэл эвдсэн юм. Дархан очих замд яваа ямар ч туршлагатай сайн жолооч 50км/цаг хурдаас хэтэрч зүрхлэхээргүй байдалтай.
Ийнхүү таван цулын байр солигдчих шахсан бид “Урьхан ХХК” дээр зогсож цайлахаар боллоо. Машины зогсоолд нэгэн машин хамраа сөхөөд засвар хийж байсан нь “Шар зам ирээдүй хоршоо” Дархан-УБ -ын хүргэлтийн компанийн машин байлаа.
“Шар зам ирээдүй” Дархан-Улаанбаатар хоршооны жолооч н.Сайнхүү:
“Дарханы зам засварын ажлыг 80-90 хувийн гүйцэтгэлтэй яваа гэж цагаан захтнууд хэлдэг. Бодит байдал дээр 40 хувь хүрсэн байвал их юм. Удирдлагын түвшний хүмүүс нь өөрсдөө энэ замаар яваад үзэх хэрэгтэй. Энэ замыг мэдэхгүй жолооч нарт бол хүндрэлтэй, байнга явдаг жолооч нар донсолгоогоо мэднэ. Удаан явбал гайгүй. “ гэсэн юм.
Цааш явж байхад сүрийг үзүүлсэн ланд крузер, лексус, патрол тэргүүтэй 11 “жийпний цуваа”-тай таарлаа. Хэн юм бол гэх сонирхол татаж, машинаа зогсоогоод хартал албаны хүмүүс замын ажлын гүйцэтгэлтэй танилцаж байв.
Хэсэг хугацааны дараа нэгэн даргаас асуулт асуутал “Сайтад яриа өгдөггүй” гэхээс өөр үг цухуйлгасангүй. Замын ажлын гүйцэтгэл, хэзээ дуусах зэргийг лавлахад ахин “Сайтад яриа өгдөггүй” гэсэн юм.
Мэдээж ийм зам хийчихсэн хүн ичиж байгаа байлгүй. Юу ч гэж ярихав дээ.
Удтал явсаар арван зургаан давхар байр, гүүр зэргээрээ алдаршсан залуусын хот Дарханд ирлээ. Баригдсан, барьж байгаа орон сууц нь Улаанбаатарын байрнаас ялгарах зүйл алга. Ногоон байгууламж ихтэй сайхан хот байна. Бороо ихээр орж байсныг ч хэлэх үү хөдөлгөөн сийрэг тайван санагдсан. Гүүрний барааг алсаас хараад буцахгүй бол харуй бүрийгээр өнөөх тамын замаар явах болж таарсан тул ийнхүү хотоос эргэн гарлаа.
Жолооч нар харанхуйд явахдаа холын гэрлээ солихгүй нүд сохлох шахам эсрэг эгнээгээр өнгөрч байлаа. Энэ соёлыг жолооч бүр мэддэг байхдаа гэх бодлыг минь үргээж хаясан юм.
Хорин хоёрын товчоо дөхсөн байхад гадаа аадар бороо шаагиж, машины шил арчигч зогсолтгүй ажиллаж байлаа. Харамсалтай нь зам дээр Toyota маркийн harrier, ачааны тэрэг хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан байлаа. Ачааны тэрэг зам дээр хэвтэж байсан бол harrier машины урд хэсэг эвдэрсэн байсан юм. Яаралтай тусламжийн тэрэг, цагдаагийн ажилчид ирсэн байлаа.
Ийнхүү өглөөний арван цагт гэрээс гарсан би үдшийн арван цагт гэрийн хаалгаа нээсэн юм. Дархан хот минь, танайд очих замыг дархалж нээсэн цагт заавал зочилно оо. Тэр өдөр хүртэл баяртай...