ОНХС: Энэ онд ХУД-ийн 5 хороонд ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОНХС: Энэ онд ХУД-ийн 5 хороонд ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ

/2023.02.12/ Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Тиймээс тухайн орон нутагт амьдарч буй иргэд тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байдаг.

Энэ санд жил бүрийн 1-6 дугаар сарын хооронд иргэдээс санал авдаг. Энэ жилийн хувьд ирэх жил буюу 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийж болох талаарх саналыг авах юм.

Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Л.Отгонбаяраас зарим асуудлыг тодрууллаа.

-Ирэх онд ОНХС-аар хийх ажилд иргэдээс санал авч эхэлсэн үү?
-2024 онд орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх ажлын саналыг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хугацаанд санал хүсэлтээ авч дуусгаад, иргэдийн ирсэн саналыг хороо хороогоор нь эрэмбэлнэ. Өөрөөр хэлбэл аль хороонд, ямар ажил хийх вэ гэдгээ тогтох юм. Үүний дараагаар төлөвлөгөөгөө гаргана.

-2022 онд орон нутгийн хөгжлийн санд хэчнээн иргэн санал өгсөн бэ?
-Өнгөрсөн онд санал өгвөл зохих 18-аас дээш насны иргэдийн 51 хувийг хамруулсан. Саналыг 2021 оноос цахимаар авч эхэлсэн. Иргэд E-mongolia системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.

-51 хувь гэдэг нь хэчнээн хүн гэсэн үг вэ?
-Манай дүүргийн тухайд нийт 96 мянган санал өгөх насны хүн бий. Үүний 50 хувь гэхээр 45 мянга гаруй хүн гэсэн үг юм.

-2021 онд иргэдээс авсан саналаар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Нийтийн эзэмшлийн талбайд камержуулалтын ажлууд хийсэн. Мөн алслагдсан хороодод гүний худаг гаргах ажил хийсэн байгаа.

-Ойролцоогоор жилд хэчнээн төгрөг энэ санд төсөвлөгддөг вэ?

-Ерөнхийдөө орон нутгийн хөгжлийн санд жилд 700-800 сая төгрөг орж ирдэг. Энэхүү сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Тиймээс тухайн жилд хэр их хэмжээний татвар төлснөөс хамаарч, нийт татварын мөнгийг 9 дүүрэгт хувааж олгодог.

Иргэдийн зүгээс тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих санал их ирүүлдэг. Хан-Уул дүүрэг нийт 25 хороотой. 800 сая төгрөгийг нийт хороонд хувааж үзвэл нэг хороонд 20-30 сая төгрөг ногдоно. Тиймээс сургууль, цэцэрлэг барих гэхээр мөнгө хүрдэггүй. Харин тоглоомын талбайн хувьд газрын асуудалтай байдаг. Яг тухайн хороо, байршилд тоглоомын талбай барья гэхээр газар байдаггүй.

-2023 онд орон нутгийн хөгжлийн санд хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ. Ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна?
-1,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Нийт 5 хороонд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байна. Харин үлдсэн хороодод гэрэлтүүлгийн ажил хийхээр байгаа.

-Иргэдийн санал өгөх идэвх хэр байна вэ?
-Иргэдийн оролцоо нэлээд сайжирч байгаа. Өмнө нь хэсгийн ахлагч нар айл бүрт очиж, цаасаар санал авдаг байсан. Харин 2021 оноос хойш цахимаар авч байгаа. Цахимаар гэхээр зарим ахмадууд маань саналаа өгч чадахгүй үлдэх хандлагатай байдаг. Тиймээс хэсгийн ахлагч нар маань иргэдэд хэрхэн, яаж саналаа өгөх талаар зааж, зөвлөж байгаа.

-Залуучууд хэр идэвхтэй байна вэ. Тэдний зүгээс ямар саналууд гаргаж байна?
-Залуучуудын идэвх нэлээд сайжирч байгаа. Тэдний хувьд цагаа үр дүнтэй өнгөрөөх талбай тохижуулж өгөхийг хүсдэг. Сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон төгөл гэх мэт.

-ОНХС-д санал авч, ажиллах 7 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн үү? Хэн хэн байх вэ?
-Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэгт иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна. Мөн манай хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, гэрэлтүүлэг, камер хариуцсан мэргэжилтнүүдийг багтаана.

-Баярлалаа.

ОНХС: Чингэлтэй дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд

ОНХС: Баянгол дүүрэгт энэ онд хийгдэх ажлууд

Улаанбаатарт маргааш -10 хэм байна
Улаанбаатарт маргааш -10 хэм байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.