Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэж буй нь САЛАН БААВГАЙ МЭТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэж буй нь САЛАН БААВГАЙ МЭТ

- Агаарын бохирдлыг бууруулахад 1,5 их наяд төгрөг зарцуулжээ -

Энэ өвөл агаарын бохирдол ахиад л толгойны өвчин болох төлөвтэй. Өвлийн сар дундаа ороогүй, идэр есийн хүйтэн эхлээгүй байхад алслагдмал хороодод хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг тоосонцрын хэмжээ аль хэдийнээ хэвийн хэмжээнээс давжээ.

Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 20 мкг/м.куб байх ёстой ч манайд 60-аас дээш, азотын давхар исэл 40 мкг/м.куб бол 60-70 хүрэх үе байгаа юм. Энэ мэтчилэн нийслэлийн агаарын чанар ихэнхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин муу байдаг.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд буюу 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдэн удаа хууль, тогтоомж баталж, хэчнээн тэрбум төгрөг зарцуулсныг харцгаая.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 8 ЖИЛИЙН ХУГАЦААНД НИЙТ 690 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд дараах хууль тогтоомжийг гаргаж байжээ. Тодруулбал, УИХ-аас 26 хууль, 11 тогтоол, Засгийн газраас 24 тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2 зөвлөмж гаргаж баталжээ.

Харин үүний хүрээнд салбарын сайдын баталсан тушаал, журам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол, гадаад дотоодын хөрөнгөөр дээрх онуудад нийт 322 арга хэмжээг хэрэгжүүлж, 690 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнийг эх үүсвэр тус бүрээр нь харуулбал дараах байдалтай байна.

ЦЭВЭР АГААР САНГИЙН ХҮРЭЭНД 271 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН Ч
"САЛАН БААВГАЙ" МЭТ

Цэвэр агаар сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2010 онд үүсгэн байгуулагдаж, хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2015 онд татан буугдсан байдаг. Уг сангийн хүрээнд нийт 271 төсөл хэрэгжүүлж нийт 93.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн ч тухайн үед хийсэн аудитын тайлангаар ХАНГАЛТГҮЙ гэж дүгнэгдсэн байна.

Тодруулбал, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс түүвэрлэн шалгахад нийт 72 зөрчил илрүүлсэн байна. Тухайбал, агаарын бохирдлыг бууруулах эрхзүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, хэрэгжүүлэгч болон хяналт тавих байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд хангалттай хяналт тавиагүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр ажиллаж, арга хэмжээ аваагүй байна гэж аудитын тайланд дурджээ.

Мөн сан татан буугдсантай холбоотойгоор холбоотойгоор агаарын бохирдол бууруулах үндэсний хороо (АББҮХ)-ны тогтоол болон БОАЖ-ын сайдын тушаал зэрэг эрх зүйн шийдвэр, мөн архивын баримт материал бүрэн бус байх асуудал үүссэн байна. Тиймээс тус сангаас зарцуулсан хөрөнгө, төсөл арга хэмжээний үр дүн, үр нөлөөний талаар хяналт хийж, үнэлж байсан эсэх талаар баримт материал олдоогүй ажээ. Улмаар ЦАС-ийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэхэд хүндрэлүүд үүссэн байна.

Цэвэр агаар сангийн үйл ажиллагааг дараах хүснэгтүүдээс харвал ямар ч төлөвлөгөөгүй, зорилгогүй, ийш тийш үсчсэн, салан баавгай мэт ажилласныг анзаарч болно.

2017-2020 ОНЫ ХООРОНД 456 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БАЙНА

2017-2020 оны хооронд 456 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хугацаанд мөн л холбогдох газруудаас тодорхой хууль тогтоомжийг гаргасан байдаг. Тодруулбал,

Монгол Улсын хууль

  • Агаарын тухай
  • Агаарын бохирдлын төлбөрийн тухай
  • Үндэсний аюулгүй байдлын тухай

УИХ-ын тогтоол

  • Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 2018 оны 2 дугаар тогтоол
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 2020 оны 24 дүгээр тогтоол

Засгийн газрын тогтоол

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлах тухай 2017 оны 98 дугаар тогтоол
  • Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмыг батлах тухай 2017 оны 199 дүгээр тогтоол
  • Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 62 дугаар тогтоол
  • Журамд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 115 дугаар тогтоол
  • Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 200 дугаар тогтоол

Сайдын тушаал

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 2017 оны А/107 дугаар тушаал
  • Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам батлах тухай 2020 оны А/604, A/1112 дугаар хамтарсан тушаал, захирамж

ОББҮХ-ны тогтоол

  • Орчны бохирдлыг бууруулахад 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 2021 оны 21/04 дүгээр тогтоол

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020онд зарцуулсан хөрөнгийн судалгаа (тэрбум төгрөгөөр)

Тайлбар байхгүй.

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН 67,8 ХУВЬ НЬ ХЭРЭГЖЭЭГҮЙ

2017 онд Засгийн газрын 98 дугаар тогтоолоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг баталсан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Гэвч 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитийн газраас гаргажээ.

Өөрөөр хэлбэл нийт хөтөлбөрт тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь л биелсэн бөгөөд үлдсэн 67.8 хувь хэрэгжээгүй байна. Шалтгаан нь Орчны бохирдлыг бууруулах хорооноос салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелээгүйгээс ийнхүү хангалттай хэмжээнд хэрэгжээгүй гэж үзжээ.

Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг БОАЖЯ, ЭХЯ, Нийслэлийн Засаг даргаас бусад хариуцан хэрэгжүүлэгч яам, агентлагууд тухайн жилийн төсөвт төлөвлөөгүй зөрчлүүд илэрсэн байна.

Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах төслүүд зорилтот бүлэгт хүрч чадахгүй байгаа дутагдал илэрчээ. Тухайлбал, гэр хорооллын айл өрхөд үзүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдсан нийт айл өрхийн 45 хувийг цахилгаан халаагуургүй буюу цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах шаардлагагүй өрхүүд эзэлжээ. Харин 55 хувь нь цахилгаан халаагууртай айлууд байсан байна.

Түүнчлэн хамгийн өндөр хэрэглээтэй айл өрхийн жагсаалтыг гаргаж, газар дээр нь шалгахад хэвчлэн Дархан цаазат Богд хан уулын аманд баригдсан 3-5 давхар амины орон сууц, орон сууцны хотхон, Ар гүнт, Гачуурт, Шарын ам, Баянголын амны зуслангийн хэрэглэгчид байжээ. Мөн өндөр хэрэглээтэй нийт 2,715 хэрэглэгчийг хөнгөлөлтөд хамруулсан бөгөөд нийт цахилгааны хэрэглээний 19.6 хувийг эзэлж байна.

Жишээ дурдвал, 2015 онд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд дунджаар 105 м2 талбайтай, 2 давхар 100 айлын орон сууц ашиглалтад оржээ. Ингэхдээ халаалт, хэрэгцээний халуун усны халаалтыг цахилгаан бойлероор шийдсэн байна. Энэхүү Жаргалант Эко хотхоноос байнгын оршин суудаг 89 айлын цахилгааны хэрэглээг шүүж үзэхэд хамгийн өндөр хэрэглээтэй 107289 кодтой айл хүйтний улирлын 1 сард л гэхэд 3600 кВт.ц цахилгаан хэрэглэж, цахилгааны төлбөрт 622.0 мянган төгрөг төлж, үүнээс 200.0 мянган төгрөгийн хөнгөлөлтийг авчээ.

Аудитын явцад иргэдээс авсан санал асуулгын дүнгээс харахад “Та цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдсанаар гэр, байшингийн дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадсан уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 69.2 хувь нь шийдэж чадаагүй гэж хариулсан байна. Мөн яагаад дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадаагүй шалтгааныг тодруулахад 41.8 хувь нь шаардлагагүй, 22.7 хувь нь цахилгааны хүчдэл хүрэлцдэггүй гэж хариулжээ. Ажлын хэсгийн дүгнэлт болон санал асуулгын дүнгээс үзэхэд агаарын чанарын бүсэд хамаарах гэр хорооллын зорилтот айл өрхүүд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлээгүй байх магадлал өндөр байна.

АГААРЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД 2016 ОНЫХООС БУУРСАН Ч СТАНДАРТ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ...

Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад РМ2.5 тоосонцор 30 мкг/м3, , РМ10 тоосонцор 38 мкг/м3-ээр, Азотын давхар исэл (NO2) 1мкг/м3-ээр багассан ч стандарт хэмжээнд хүрээгүй байна. Түүнчлэн хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэсжээ.

Тэрбум гаруй залуус сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй
Тэрбум гаруй залуус сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.