/2022.11.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, үг хэллээ. Тэрээр:
-Сангийн яамныхан энэ байдлаараа цаашид төсвийн бодлогоо авч явж чадах юм уу. Төсвийн зарлага тэлсэн, алдагдалтай төсөв байгаад байна. Нэг удаа ч гэсэн орлогын түвшинд нь хязгаарлаж болохгүй байгаа юм уу. Төсөв тэлсээр байгаад эдийн засаг сайн ч байсан, муу ч байсан ямар ч орон зайгүй болчихлоо. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй, газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх боломж байхгүй цаашид хөгжлийн асуудлуудыг санхүүжүүлэх ямар ч боломжгүй байна. Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент санхүүжүүлдэг л болчихлоо. Урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэг нь халамж. Хөрөнгө оруулалтын зардлууд нь дандаа цемент зуурдаг, өртэй байдаг. Цаашид төсөв чинь хөгжлийг санхүүжүүлэх боломжгүй болчхоод байна. Үүнийгээ хязгаарлахгүй юм уу.
Дуусаагүй байгаа барилгуудаа дуудлага худалдаагаар зарчхаач ээ. Он дамжсан үр ашиггүй баахан цементүүд чинь урсгал зардлыг нэмж байна. Үр дүнд нь төсөв маш их тэлэлттэй болж орж ирээд байна. Гэтэл тэр дуусаагүй барилгуудын газар нь иргэд, бизнес эрхлэгчдэд олдохгүй. Зөвхөн дуудлага худалдаагаар зарлаа гэхэд газар нь үнээ нөхчихнө. Ийм байдлаар зардлаа хязгаарлах ажлыг одооноос л хийхгүй бол Монгол Улс дампуурлаа гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-Таны хэлж байгаатай 100 хувь санал нэг байна. Сүүлийн 10 жилд Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа , Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгдсөн байдаг.
Энэ асуудалд бодитой үнэлэлт өгч цэг тавих шаардлага байгаа гэдгийг тэрбээр хэлээд Төсвийн хүрээний мэдэгдлийг цаашдаа төсвөөс тусдаа хэлэлцдэг байх, ач холбогдлыг өндөрсгөх хуулийг оруулж ирж байгаа.
Мөн удахгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, уг хуульд өөрчлөлт оруулах босгыг өндөрсгөх, Төсвийн хүрээний мэдэгдлийг диийлэнх олонхоороо өөрчилдөг байх зэрэг өөрчлөлтийг оруулж ирж байж хяналт ил тод байдал сайжирна гэлээ.