Хятад улсын байгуулж буй сансрын Тянгон станц нь 3 бүхэл модулиас бүрдэх бөгөөд сүүлчийн модуль болох Менгтианийг хүнд даацын Long March 5B пуужингаар зөөвөрлөх нислэг Хятадын өмнөд нутгийн Венчан хотоос 2022 оны аравдугаар сарын 31-ний 15:37 минутанд амжилттай хөөрлөө хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Уг модуль дэлхийгээс хөөрснөөсөө 13 цагийн дараа сансрын станц дээр ирсэн гэдгийг ч мөн Хятадын сансрын агентлагаас баталгаажуулсан байна.
Энэхүү нислэг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард сансрын станцын гол модуль болох Тяньхэг сансрын тойрог замд оруулж байснаас хойш өдийг хүртэл уг станцтай холбоотой хийгдэж буй 9 дэх нислэг болж байгаа юм.
Менгтиань буюу хятад хэлээр “Тэнгэрийн мөрөөдөл” нэртэй модуль нь 17,9 метр урттай, 22 тонн жинтэй бөгөөд сансрын станцын судалгаа шинжилгээний төхөөрөмж, эд ангиудыг өөр дээрээ байршуулах зориулалттай бүтээгджээ. Тус модуль дээр байршуулсан төхөөрөмжүүд дээр бичил таталцал, шингэний физик шинж чанар, материал судлалын шинжлэх ухаан, дотоодын шаталтын судлал, суурь физикийн болон өөр бусад туршилт судалгаануудыг явуулах боломжтой ажээ.
Менгтиань модуль ийнхүү Тянгон станцад холбогдсоноор сансрын станцыг угсрах ажил үндсэндээ дуусч, үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байна. 1992 онд анх өөрийн гэсэн сансрын станц байгуулна хэмээн алсын хараагаа тодорхойлж байсан бол ийнхүү станц бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо хэмээн Хятадын албаны хүмүүс мэдэгдэж байна.
Тянгон станц нь дээр дурдсан Тяньхэ, Менгтиань болон Веньтиань гэсэн 3 модулиас бүрдэх ба Т үсэг хэлбэртэй зохион байгуулагдсан уг станц дээр нэг удаадаа 6 сарын хугацаатай 3 сансрын нисгэгч байрлаж ажиллах буюу богино хугацааны интервалтайгаар 6 сансрын нисгэгч нэг дор байрлаж ажиллах бололцоотой юм.
Нислэгийн багийн дараагийн ээлж нь энэ он дуусахаас өмнө Шеньжоу 15 нислэгээр хүрэлцэн ирж, одоогийн үүрэг гүйцэтгэж буй Шеньжоу 14 нислэгийн багийнхнаас ажлаа хүлээж авах бөгөөд Шеньжоу 15 нь Өвөр Монголын говь нутгаас Long March 2F пуужингаар хөөрч, сансрын тойрог замд орох ажээ.
Өнөөдрийг хүртэл Тянгон станц дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багууд ажиллаж ирсэн ба эхний баг нь 2021 оны 6-р сараас 9-р сар хүртэл үүрэг гүйцэтгэсэн Шеньжоу 12 багийнхан байв. Үүний дараагийн Шеньжоу 13 багийнхан 2021 оны 10-р сард сансарт хөөрч, энэ оны 4-р сарын 16-нд эх дэлхийдээ буцаж ирж байсан бол Шеньжоу 14 нислэгийн багийн гишүүд болох Чен Дон, Лю Янг, Цай Шьюже нар энэ оны 6-р сарын 5-нд сансарт ниссэнээсээ хойш өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж, станцын гол модуль дээр нэмээд Вентиань болон Менгтиань судалгааны модулиудыг амжилттай хүлээн авч, угсраад байна.
Тянгон станцын судалгаа шинжилгээний ажил энэ 3 модулиар тогтохгүй цаашид өргөжих төлөвлөгөөтэй байгаа ажээ. 2023 оны дуусахаас өмнө сансарт хөөргөх сансрын дуран авайн Шунтиань модуль мөн уг станцтай үе үе холбогдон ажиллах төлөвтэй байна. Хаббл дуран авайтай ижил ангилалд хамаарах уг модуль нь Тянгон станцтай нэг тойрог замд байрлаж, шатахуун сумлах, засвар үйлчилгээ, шинэчлэл хийх зэрэг шаардлагатай тохиолдолд сансрын станцтай холбогдож байх юм.
Мөн Хятадын иргэний сансрын хөтөлбөрийн анхны нисгэгч Ян Ливей энэ оны эхээр ярилцлага өгөхдөө Тянгон станц ирээдүйд аялал жуулчлалын бааз болох ч боломжтой гэж мэдэгдэж байсан удаатай.
Ийнхүү сансрын станц амжилттай угсрагдсан ч станцтай холбоотой дараагийн нислэгүүдэд саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Учир нь станцын 3 том модулийг тээвэрлэж хөөрсөн Long March 5B пуужин нь өмнөх 3 удаагийн нислэгийн үеэр тойрог замд орсныхоо дараа хяналтаас гарч, дэлхийн агаар мандал руу эргэн орж ирсэн тохиолдол гарсан юм. Энэ оны 7-р сард Веньтиань модулийг авч хөөрөх үеэрээ тойрог замаас гарч, дэлхийн агаар мандал руу орж ирснийг нь Малайз, Индонезийн сансрын нислэг сонирхогчид олж анзаарсан байдаг.
Хөөрөлтийн сүүлчийн шатанд ийнхүү пуужин тойрог замаас гарч байгаа явдал нь олон улсын хэмжээнд анхаарал татсан томоохон сэдэв болох нь дамжиггүй юм.
Эх сурвалж: space.com