Бид Пипл ин Нийд байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкистэй ярилцлаа. Тэрээр багагүй хугацаанд манай улсад ажилласан бөгөөд тун удахгүй Пипл ин Нийд байгууллагын бүсийн захиргаанд ажиллахаар болжээ. MPress.mn Тим Женкисийг иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулдаг ИНДЭР булангийн ярилцлагын хэсэгт урьж, иргэний нийгмийн байгууллага ямар байх, хэрхэн ажиллах ёстой талаар санаа бодлыг нь хуваалцлаа.
-Иргэний нийгмийн байгууллага ер нь ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Аль ч улсын Засгийн газар чадах хэмжээгээрээ ажилладаг. Гэсэн хэдий ч Засгийн газрын хүрч ажиллаж чадахгүй орон зай нийгэмд байдаг. Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын үүрэг, зорилго бол тэр орон зайд хүрч ажиллах юм. Би өөрийн улс АНУ-ын жишээн дээр ярья л даа. Манай улсад эрүүл мэндийн салбарт технологи зэрэг бүх зүйл нь өндөр хөгжсөн. Гэхдээ л өнөөдөр америкт олон олон хүн эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Тиймээс сангууд болон төрийн бус байгууллагууд тэр хүмүүст хүрч, шаардлагатай тусламжийг хүргэн ажилладаг.
Нөгөөтэйгүүр, зөвхөн Засгийн газрын хүрч чадахгүй хүмүүст, орон зайд хүрч ажиллахын зэрэгцээ “Энд ийм орон зай байна, та бүхэн энэ асуудлыг орхигдуулаад байна” гэдэг мэдээллийг Засгийн газарт хүргэж ажилладаг. Асуудлын гарцыг хайж, хүний нөөц, санхүүгийн дэмжлэг туслалцааг гаргаж, нөхөж ажиллахад оршдог гэж би бодож байна. Мөн иргэний нийгмийн нэг хэсэг болсон хэвлэл мэдээллийн салбар бол дуу хоолой нь шийдвэр гаргагч нарт, олон нийтэд хүрч чадахгүй байгаа тэр хэсгийн дуу хоолой болж ажилладаг.
Жишээ нь, ковидын үед бид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран ажилласан. Бид эмзэг бүлгийн иргэдэд шаардлагатай тусламжийг хүргээд зогсохгүй, үүсээд байгаа асуудлыг тэдэнд танилцуулж, хариу арга хэмжээг авч ажиллаж чадсан.
-Та монголд ирээд багагүй хугацаанд ажиллалаа. Монголын иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-уудын талаар та юу гэж боддог вэ?
-Юун түрүүнд, олон улсын ТББ-уудын талаар ярья. Манай байгууллага шиг, за мөн НҮБ-ын системийн байгууллагууд шиг томоохон олон улсын байгууллагууд орон нутгийн ТББ-уудад одоо зарцуулж байгаагаасаа илүү их санхүүжилтийг олгох ёстой гэж би боддог. Үүний тулд бид шалгуураа бууруулах хэрэгтэй.
Жишээ нь, миний ажигласнаар монголын ТББ-ууд дөнгөж хөгжиж байгаа, тэдэнд хэлний бэрхшээл тулгардаг, санхүүжүүлэгч байгууллагуудын шаарддаг бүтцээр нь ажиллах хүний нөөц байдаггүй. Тиймээс бид эдгээр хөгжиж байгаа байгууллагуудад санхүүжилт олгох, тэднийг дэмжих ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэж боддог.
Монголын ТББ-ууд болон иргэний нийгмийн байгууллагууд одоогоос 10 гаруй жилийн өмнөхөөсөө ажил явуулах арвин их туршлагатай болж, ихээхэн мэдлэг хуримтлуулсан. Гэвч тэдэнд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байна. Тэдэнд дэмжлэг үзүүлж байж тэд цаашдаа тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болж, хөгжиж чадна. Пипл ин Нийд байгууллагын хувьд цаашдаа илүүтэй зөвлөх үүрэгтэй ажиллах болов уу гэж би харж байна. Тэгж байж монголын ТББ, ашгийн бус байгууллагууд олон улсын санхүүжилтийг хүртэх боломжийг авчрах болов уу.
-Монголын байгууллагуудын хувьд үйл ажиллагаандаа анхаарах зүйл нь юу байж болох вэ?
-Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хувьд санхүүжилт нь нээлттэй, зарцуулалт нь шилэн байдаг. Монголын ТББ-ууд болон иргэний нийгмийн байгууллагууд ч бас тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Монголын зарим ТББ-ууд маш өндөр ур чадвартай, мэдлэг туршлагатай. Тэд зөвхөн монголынх биш, олон улсын байгууллага болох бүрэн боломжтой харагддаг.
Жишээ нь, “Хөгжлийн шийдэл” ТББ байна. Тэд яагаад олон улсын ТББ болж чадахгүй байгаа вэ гэхээр эхний ээлжийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа болов уу. Манай Пипл ин Нийд байгууллагын хувьд Чехийн ард түмнээс санхүүжилтээ авч, олон улсын хэмжээнд ажиллах боломжтой болж байсан. Харин “Хөгжлийн шийдэл” байгууллагын хувьд ийм боломж байхгүй байгаа учир олон улсад үйл ажиллагаа явуулж хараахан чадахгүй байгаа болов уу.
ТББ-ууд мэдээж санхүүжилт авч байгаа талаараа нээлттэй байж, хариуцлагатай байх хэрэгтэй гэж дээр хэлсэн. Хэрэв ийм байж чадахгүй бол санхүүжүүлэгч байгууллагууд нь үл итгэх байдал гарах байх.
Монголын хувийн хэвшлийнхэн ч бас эрх чөлөөт, бие даасан хэвлэл мэдээллийг бий болгох, эсвэл ТББ-уудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой болсон гэж надад харагддаг. Жишээ нь, Наадмыг дэмжиж хандив өгч байснаас ардчиллыг, бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийх нь илүү ухаалаг санагдана. Яахав, наадмыг ивээн тэтгэснээр хүмүүсийг зугаацуулсан гэж тухайн байгууллагадаа суртачилгаа болох давуу талтай байх, гэхдээ одоо бусад хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй.
-Нэг талд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, нөгөө талд иргэний нийгэм, ТББ-ууд байна. Бид хэрхэн хамтарч ажиллаж болох вэ, Та юу гэж бодож байна?
-Энэ миний хувьд хамгийн их эмзэглэж явдаг асуудал. Иргэний нийгмийн байгууллага, ТББ гэдэг нь сэтгүүлзүйгээс тусдаа байдаг зүйл биш. Хэвлэл мэдээлэл бол иргэний нийгэм юм. Монголд анзаараад байхад, энэ хоёр тус тусдаа юм шиг ажиглагддаг.
Үнэн хэрэгтээ, энэ хоёр байгууллага харилцан нэгнээ дэмжиж ажилладаг байх ёстой. Яагаад гэвэл, энэ хоёр хоёулаа Засгийн газрыг хариуцлагатай ажиллахыг шаардаж, сайн засаглал, шударга ёсыг бий болгохын төлөө, олон нийтийн төлөө ижил зорилготой ажилладаг. Хэвлэл мэдээллийн байгууллага шууд олон нийттэй харилцдаг бол төрийн бус байгууллагууд судалгаа, шинжилгээ хийдэг. Тиймээс төрийн бус байгууллагуудын хийж байгаа судалгаа, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг хийх ёстой юм болов уу гэж боддог.
Энэ хоёр байгууллага нэг эко систем, ардчиллын дөрөв дэх засаглалыг хамтдаа бий болгодог гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд тухайн орон нутаг, иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой мэдээлэлд илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй байх. Харин нөгөө талаасаа иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгож, мэдрэх ёстой болов уу.
Хэрэв иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахгүй бол өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хийсэн судалгаа зэргээ хэрхэн олон нийтэд хүргэх вэ? Иргэний нийгмийн байгууллагууд өөрийн сошиал хуудсуудаараа мэдээлэл хүргэлээ гээд хэчнээн хүнд ч хүрэх билээ дээ. Илүү олон хүнд хүргэхийн тулд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй хамтран ажиллах нь бидний үүрэг юм.