2022 оны НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ танилцуулж байна

/2022./ Нобелийн шагналтнуудаар амьсгалсан долоо хоног өндөрлөлөө. Соёлт хүн төрөлхтөн оюун ухааны оргил өөд тэмүүлэн буйн бодит илрэл болсон энэхүү шагнал гардуулах ажиллагааг спорт, урлагт дэндүү их баясдаг манай ард түмэн анхааран үзүүштэй. Хүн төрөлхтөн орчин цагт чухам ямар нээлтийг хийж, хөгжил дэвшилд хэрхэн шат ахиж буйг энэхүү Нобелийн долоо хоногт дэлхий даяараа мэдэн бахдаж, урамшин тэтгэгддэг билээ.

Нобелийн шагналын тухай товч танилцуулахад, 1895 оны 11 дүгээр сарын 27-нд Алфред Нобел баялгийнхаа хамгийн их хувийг физик, хими, физиологи эсвэл анагаах ухаан, уран зохиол, энх тайвны салбаруудад шагнал болгон өгөхөөр сүүлчийн гэрээслэлдээ бичсэнээр Нобелийн шагнал үүссэн түүхтэй. 1968 онд Шведийн төв банк Нобелийн дурсгалд зориулан Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Sveriges Riksbank шагналыг байгуулжээ.

1901-2021 оны хооронд Нийт 975 Нобелийн шагналтан тодорсноос давхардсан тоогоор 947 хүн 28 байгууллага байдаг ба нийт 4 хүн 2 байгууллага 1-ээс олон удаа тус шагналыг хүртсэн байдаг. Эдгээр шагнал хүртэгсдийн 58 нь эмэгтэй хүн байдаг.

2022 оны одоогоор тодорсон Нобелийн шагналтнуудыг бид танилцуулж байна.

АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТАН

Сванте Паабог “Устаж үгүй болсон хүн төрөлтөн(hominin)-тф геном болон хүний хувьслын талаарх нээлтүүдийн төлөө” оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Физиологи, Анагаах Ухааны салбарын Нобелын шагналаар шагнасан юм.

Анхдагч судалгаагаараа Сванте Паабо боломжгүй мэт санагдах зүйлийг хийж чадсан нь: Өнөөгийн хүмүүсийн устаж үгүй болсон төрөл төрөгсөд болох Неандерталын геномын дарааллыг хийсэн юм.

Паабогийн үндсэн судалгаа нь палеогеномик гэх цоо шинэ шинжлэх ухааны салбарыг бий болгож, устаж алга болсон хүн төрөлтүүдээс өнөөгийн хүмүүс бидний генийн ялгааг салгаж өгсөнөөр түүний нээлтүүд нь биднийг юугаараа онцгой болгодог болохыг судлах үндэс суурь нь болж өгч буй.

ФИЗИКИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД

Алан Аспект, Жон Ф.Клаусер болон Антон Зейлингер нарыг “Орооцолдсон фотонуудтай хийсэн туршилт, Bell-н тэгш бус байдлын зөрчлийг тогтоосон мөн квант мэдээллийн шинжлэх ухааныг үндэслэсэн” гэх физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн физикийн салбарын Нобелийн шагналаар шагнасан юм.

1901-2021 оны хооронд зарим жилүүдэд өнжиж, нийт 115 удаа Физикийн салбарт Нобелийн шагнал гардуулснаас 47 тохиолдолд цор ганц шагналтнууд, 32 тохиодлолд хосоороо шагнал хүртсэн, үлдсэн 36 тохиолдолд тус шагналыг гурвуулаа хамтдаа хүртэцгээж байв.

Нобелийн шагнал нь 900 мянган доллар бөгөөд хэрэв нэг салбарт нэгээс дээш хүн тодорвол тэд шагналыг хуваан авдаг уламжлалтай.

ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД

Каролин Р.Бертоззи, Мортен Мелдал, К.Бэрри Шарплесс нарыг “Клик хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлсний төлөө” химийн салбарын Нобелийн шагналаар шагналаа.

К.Бэрри Шарплесс нь 2001 онд мөн химийн салбараас Нобелийн шагнал хүртэж байсан ба ингэснээр тав дахь хос Нобелийн шагналтан болж байна.

1901 оноос хойш гардуулж эхэлсэн Нобелийн шагналыг химийн салбарт гардуулалгүй нийт 8 удаа өнжжээ. Нийт 113 удаа шагнал гардуулснаас 63 тохиолдолд цор ганц хүнд, 25 тохиолдолд хосоороо шагнал хүртсэн, мөн үлдсэн 25 тохиолдолд тус шагналыг гурвуулаа хамтдаа хүртэцгээсэн байдаг.

УТГА ЗОХИОЛЫН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТАН

2022 оны Утга зохиолын Нобелийн шагналыг Францын зохиолч Энни Эрно хүртлээ. Түүнд "Хувийн ой санамжийн үндэс, харьшил, хамтын хязгаарлалтыг нээсэн эр зориг, эмнэлзүйн ойлголтынх нь төлөө" олгосон байна.

Анни Эрно өөрийн бүтээлдээ хүйс, хэл, анги зэрэглэлийн хүчтэй ялгаа бүхий амьдралыг тууштай, өөр өөр өнцгөөс авч үздэг. Тэрээр гуч гаруй уран зохиолын бүтээл бичсэн юм.

1901 оноос хойш гардуулж эхэлсэн Нобелийн шагналыг Утга зохиолын салбарт шагнал гардуулалгүй 7 удаа өнжиж 114 удаа шагнал гардуулсан байжээ. Утга зохиолын салбарт энэхүү шагналыг ихэвчлэн ганцаараа хүртдэг бөгөөд дөрвөн тохиолдолд хоёроороо хүртсэн удаатай.

НОБЕЛИЙН ЭНХТАЙВНЫ ШАГНАЛТНУУД

2022 оны Энх тайвны шагналыг:

  • Беларусын хүний эрхийн өмгөөлөгч Алес Беляцки,
  • Оросын хүний эрхийн “Мемориал байгууллага”
  • Украины “Иргэний эрх чөлөөний төв” хүний эрхийн байгууллагууд хамтран хүртлээ.

Алес Беляцки бол 1980-аад оны дундуур Беларусь улсад үүссэн ардчиллын хөдөлгөөнийг санаачлагчдын нэг юм. Тэрээр эх орондоо ардчиллыг хөгжүүлэх, энх тайванч хөгжлийн төлөө бүх амьдралаа зориулж буй. Засгийн газар болон эрх баригчид Алес Беляцкийн амыг таглахыг удаа дараа оролдсон. Тэрээр 2011-2014 онд шоронд хоригдож байсан бөгөөд 2020 онд дэглэмийн эсрэг томоохон жагсаал зохион байгуулсны дараа дахин баривчлагджээ. Түүнийг шүүх хуралгүйгээр цагдан хорьсон хэвээр байгаа.

Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийг хэзээ ч мартахгүй байх үүднээс 1987 онд “Мемориал” хүний эрхийн байгууллагыг хуучин ЗХУ-ын хүний эрхийн төлөөх тэмцэгчид байгуулсан. Үүсгэн байгуулагчдын дунд Нобелийн энх тайвны шагналт, алдарт цөмийн физикч Андрей Сахаров, хүний эрхийн өмгөөлөгч Светлана Ганнушкина нар байсан.

“Иргэний эрх чөлөөний төв” нь Украинд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх зорилгоор 2007 онд Киев хотод байгуулагдсан. Тус төв нь Украины иргэний нийгмийг бэхжүүлж, Украиныг бүрэн ардчилсан орон болгохын тулд эрх баригчдад шахалт үзүүлэх байр суурийг баримталдаг.

ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД

2022 оны Эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг Бен С.Бернанке, Дуглас В.Даймонд, Филипп Х.Дибвиг нар Нобелийн шагнал хүртэж байна.

Тэд эдийн засагт, ялангуяа санхүүгийн хямралын үед банкуудын гүйцэтгэх үүргийн талаарх бидний ойлголтыг эрс сайжруулсан. Тэдний судалгааны гол ололтын нэг нь банк дампуурахаас зайлсхийх нь яагаад амин чухал вэ гэдгийг тодорхойлсон юм.

Орчин үеийн банкны судалгаанууд нь: Яагаад бид банктай болсон, банкуудыг хэрхэн хямралд өртдөггүй болгох, банк дампуурах нь санхүүгийн хямралыг хэрхэн даамжруулдаг талаар тодруулж өгдөг. Энэхүү судалгааны суурийг 1980-аад оны эхээр Бен Бернанке, Дуглас Даймонд, Филипп Дибвиг нар тавьжээ. Тэдний хийсэн дүн шинжилгээ нь санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн хямралыг даван туулахад практик ач холбогдолтой байсан.

Эх сурвалж: nobelprize.com

Өнөөдөр цэлмэг, зөөлөн салхитай, 12 градус дулаан байна
Өнөөдөр цэлмэг, зөөлөн салхитай, 12 градус дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.