Монгол дэлхийн томоохон тоглогч болоход дэндүү хол байгаа ч...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол дэлхийн томоохон тоглогч болоход дэндүү хол байгаа ч...

Why the Yoon administration sees a powerful partner in Mongolia

/2022.09.21/: Өмнөд Солонгосын nknews сайтад Монголтой хамтран ажиллахад ямар ашигтай болон эсрдэлтэй талуудтай байх талаар маш сонирхолтой нийтлэл гарсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэхүү нийтлэлд:

Хатуухан хэлэхэд, Монгол дэлхийн томоохон тоглогч болоход дэндүү хол байна.

Монгол Улсын хүн ам Пуэрто Рикотой ойролцоо буюу 3.3 сая байна. Жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2021 онд 15 тэрбум гаруй доллар байсан нь дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр 130-д жагсаж байна.

Гэсэн хэдий ч далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай энэхүү улс нь байгалийн баялаг арвин бөгөөд бүс нутгийн маргаанд төвийг сахисан байдлаар байр сууриа илэрхийлж байгаа нь Өмнөд Солонгосын анхаарч үзээгүй байсан хоёр зүйл юм.

1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш БНСУ-Монгол хоорондын харилцаагаа 2011 онд “иж бүрэн түншлэлийн” түвшинд, 2021 онд “стратегийн түншлэлийн” түвшинд хүргэсэн.

Өдгөө Юны засаг захиргааны үед хоёр улс хамтын ажиллагаагаа технологи, аялал жуулчлалаас эхлээд байгаль орчныг хамарсан олон салбарт гүнзгийрүүлэх бүрэн боломжтой байна.

Монголын хууль тогтоомж болон бусад хүчин зүйлсийн улмаас эдгээр хүчин чармайлт нь саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй юм. Учир нь өнгөрсөн хугацаанд ч гэсэн Солонгосын хөрөнгө оруулагчид энэхүү шалтгааны улмаас тус улсад бизнес эрхлэхээс болгоомжилж байсан юм. Гэхдээ ядаж дипломат талаас нь харвал Монгол Улс Солонгосын хойгийн асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаа бололтой.

Мүн Жэ Ин-ий үеийн хамтын ажиллагааны стратеги

Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин умард орнуудтай стратегийн харилцаагаа сайжруулахад чиглэгдсэн “Шинэ умард бодлого”-доо Монгол Улсыг гол түнш гэж үзсэн. Мүүнтэй хийсэн анхны албан ёсны уулзалт 2018 оны нэгдүгээр сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй хийж байсан юм. Хоёр тал хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх арга замын талаар ярилцсан бол Ухнаагийн Хүрэлсүх Хойд Солонгостой хийж буй энх тайвны зорилтыг бүрэн дэмжихээ илэрхийлж байв.

2020 онд Өмнөд Солонгосын Сангийн сайд Хон Нам Ки засгийн газар хойд хөрш, тэр дундаа Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэр жил мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байв. Тухайн үед Өмнөд Солонгосоос Улаанбаатарт суугаа Элчин сайд Ли Ё Хонг тахлын улмаас өндөр түвшний айлчлалуудыг хойшлуулахаас аргагүйд хүрсэн гэж харамсаж байсан юм.

Гэсэн хэдий ч хоёр орны удирдагчид өнгөрсөн онд дахин уулзаж, 2018 онд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаагаа “стратегийн түншлэл” болгон дээшлүүлж, цаашдын хамтын ажиллагааны олон чиглэлийг тодорхойлох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан юм.

Виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өргөжүүлэхээр тохиролцов. Мүүн мөн хоёр улсын хооронд ногоон эрчим хүч зэрэг байгальд ээлтэй үйлдвэрлэлд хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэв.

Ерөнхийдөө Мүүнийн засаг захиргаа Монгол Улстай харилцаагаа бэхжүүлж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд чухал үндэс суурийг тавьсан гэж хэлж болно.

Юн Сук Ёол-ын хамтын ажиллагааны стратеги

Ерөнхийлөгч Юн Сук Ёол албан тушаалдаа ирээд хэдхэн сар болж байгаа ч түүний засаг захиргаа нь Өмнөд Солонгосын Монгол Улстай түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх алхмуудыг хэдийнэ авч эхэлжээ.

Өнгөрсөн сард Пак Жин 2014 оноос хойш Улаанбаатарт айлчилсан Өмнөд Солонгосын анхны Гадаад хэргийн сайд болов. Тэрээр Сөүл Монголыг сонирхож байгаа нь дайны үеэс хойш эрэлт ихтэй байсаар ирсэн байгалийн баялаг арвинтай холбоотой гэж тэмдэглэв.

Пак хэлэхдээ, "Бид байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд 10-т ордог Монгол Улстай нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна" гэж хэлэв.

Монгол ч гэсэн Өмнөд Солонгос юу санал болгож байгааг сонирхож байгаа бололтой. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг хоёр тал Монголын байгалийн баялаг, БНСУ-ын дэвшилтэт технологи хоёрын хооронд уялдаа холбоотой ажиллах талаар ярилцсан гэлээ.

Хэлэлцээний үр дүнд хоёр тал газрын ховор металлын чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хүрээлэн байгуулахаар тохиролцов.

Пак мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ерөнхийлөгч Юны гар бичмэл захидлыг гардуулсан байна.

ХОЙД УРД-ЫН НАЙЗУУД

Монгол Улс Өмнөд Солонгост улс төрийн хувьд тусалж чадах гол арга замуудын нэг бол Хойд Солонгостой харилцах явдал юм. Монгол Улс бол Хойд болон Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн хэдэн орны нэг бөгөөд энэхүү ховор байр суурь нь БНАСАУ-тай ирээдүйн дипломат харилцаанд ихээхэн тус болох нь дамжиггүй.

Улаанбаатарын Пхеньянтай харилцах харилцаа нь өмнөдтэй саяхан тогтоосон найрамдалтай байснаас хамаагүй илүү эртний түүхтэй. Тухайлбал, Солонгосын дайны үед Хойд Солонгост суугаа Монголын Элчин сайд эв санааны нэгдлээ илэрхийлж нийслэлээс гарахаас татгалзсан цорын ганц гадаадын Элчин сайд байсан юм.

Монгол Улс бүс нутагтаа “төвийг сахисан” орны байр сууриа олон талт дипломат харилцааг хөгжүүлэхийн тулд олон жилийн турш ашиглахыг хичээж ирсэн. Тухайлбал, Засгийн газар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ нь 2014-2019 онд нэг, хоёрдугаар зэргийн дипломат харилцааны байнгын ажиллагаатай газар болж, тахлын улмаас хоёр жил завсарласны дараа энэ оны эхээр дахин эхлүүлсэн юм.

Монголын ГХЯ-ны мэдээлснээр уг санаачилгын эцсийн зорилго нь “Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжааж, Зүүн хойд Азид итгэлцэл, энх тайвныг тогтооход туслах” юм.

Зарим шинжээчид Улаанбаатарыг “Дорнын Женев юм уу Хельсинки” болгож чадна гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улс өөрийгөө “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн тунхагласан нь НҮБ-ын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн статус бөгөөд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон талт дипломат харилцаанд түлхэц болно.

Улаанбаатар мөн Ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний үед энхийн үйл явцад идэвхтэй оролцохыг хичээсэн: Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үед Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтыг тус улсад зохион байгуулах санал тавьсан бөгөөд түүнийг “хамгийн тохиромжтой, төвийг сахисан газар нутаг” гэж нэрлэсэн.

Монгол Улс хоёр Солонгостой хамтран ажиллахаас гадна Хойд Солонгосын талаас Япон иргэдийг хулгайлсан асуудлаар Токиод тусалж, хулгайлагдсан Мегуми Ёкотагийн эцэг эх болон БНАСАУ-д амьдардаг ач охиных нь уулзалтыг зохион байгуулжээ.

БОЛОМЖ БА ЭРСДЭЛ

Хамтран ажиллах боломж байгаа хэдий ч Өмнөд Солонгос, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад бэрхшээл байсаар байна.

Нэгд, АНУ-н Солонгосын эдийн засгийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар Монгол Улсын Засгийн газар тус улсад бизнес эрхэлж буй гадаадын компаниудад сөргөөр нөлөөлсөн хууль, тогтоомжийг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсны зэрэгцээ авлига ч мөн адил асуудал болоод байна.

Түүнчлэн дэд бүтэц дутмаг, ялангуяа өвлийн улиралд хатуу ширүүн цаг агаар, хөдөлмөрийн нөхцөл муу, банкны салбарын бүтцийн эмзэг байдлаас шалтгаалсан зардал өндөртэй ложистик зэрэг нь Солонгосын бизнес эрхлэгчдийн санааг зовоож байна гэж тайланд дурджээ.

Гэсэн хэдий ч хоёр орон хоёр талын харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа бололтой.

Монгол Улс хоёр Солонгосын хоорондын зуучлагчийн үүргийг гүйцэтгэхээр дахин оролдоод байх шиг байна.

Наймдугаар сарын эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авсны дараа, БНСУ-ын Гадаад хэргийн сайд эх орноосоо мордсоноос хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ким Чен Уныг тус улсад айлчлахыг урьсан гэх мэдээлэл бий.

KCNA агентлагийн мэдээлснээр, Хүрэлсүх Кимийг COVID-19 тахлын нөхцөл байдал "сайжирсан" үед "тав тухтай цагт" ирэхийг санал болгоод Пхеньянд айлчлах сонирхолтой байгаагаа нэмж хэлсэн байна.

Хэдийгээр Пхеньянтай хийх дипломат харилцаа зогсонги байдалд байгаа ч Хойд Солонгостой харилцаагаа сэргээх боломж гарч ирвэл Улаанбаатарыг ойр байлгах нь Сөүлд ашигтай.

Тэр болтол Өмнөд Солонгос, Монгол хоёр байгалийн баялаг, эрчим хүч, технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Украйны дайн, АНУ-Хятадын өрсөлдөөнөөс шалтгаалж дэлхий дахинд тодорхойгүй, хурцадмал байдал үүсч байгаа энэ үед Улаанбаатар зэрэг төвийг сахисан түншүүд Сөүлийн хувьд илүү чухал болох болно.

Эх сурвалж: nknews

Иран эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал амжилттай өрнөж байна
Иран эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал амжилттай өрнөж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.